Top Banner
Батмөнхийн Буяндэлгэр Үзэхүйеэ нүдэнд оч шиг бадамлаж Өгүүлэхүйеэ сэтгэлд онгод даллаж Уншихуйяа ухаанд сэдэл нэмж Ухаарахуйяа зүрхэнд баясал төрөг Монголын гүн ухааны байхуйн үзэл, хувьсал Улаанбаатар хот 2009 он Энэхүү номыг өвөг эцэг Батбуянгийн Аюушийн мэндэлсний 100 жилийн ой, эмэг эх Цэрэнгийн Балма нарынхаа гэгээн дурсгалд зориулж бүтээв. Хөрстөд мөрөө үлдээж, уг удмаа дархласан Хүндэт их гавъяатай өвөг, эмэг таныхаа Өндөр нэрийг тань мөнхөлж, үр хойчдоо дамжуулав Өглөг буяныг санаж номон суварга өргөвөө
54

Mongoliin Gun Uhaanii Baihui

Feb 05, 2016

Download

Documents

BudKh

Mongoliin Gun Uhaanii Baihui
Welcome message from author
This document is posted to help you gain knowledge. Please leave a comment to let me know what you think about it! Share it to your friends and learn new things together.
Transcript
Page 1: Mongoliin Gun Uhaanii Baihui

Батмөнхийн Буяндэлгэр

Үзэхүйеэ нүдэнд оч шиг бадамлаж Өгүүлэхүйеэ сэтгэлд онгод даллаж

Уншихуйяа ухаанд сэдэл нэмж Ухаарахуйяа зүрхэнд баясал төрөг

Монголын гүн ухааны байхуйн

үзэл, хувьсал

Улаанбаатар хот 2009 он

Энэхүү номыг өвөг эцэг Батбуянгийн Аюушийн мэндэлсний 100 жилийн ой, эмэг эх Цэрэнгийн Балма нарынхаа гэгээн дурсгалд зориулж бүтээв. Хөрстөд мөрөө үлдээж, уг удмаа дархласан Хүндэт их гавъяатай өвөг, эмэг таныхаа Өндөр нэрийг тань мөнхөлж, үр хойчдоо дамжуулав Өглөг буяныг санаж номон суварга өргөвөө

Page 2: Mongoliin Gun Uhaanii Baihui

Агуулга Өмнөх үг Хянан тохиолдуулагчийн үг Монголын гүн ухааны тухай ерөнхий мэдлэг 1. Монголын гүн ухааныг тодорхойлох нь 2. Гүн ухааны мэдлэгийн онцлог 3. Үүсэл гарал, түүхэн үечлэл 4. Нэр томъёоны асуудал 5. Арга зүйн асуудал I хэсэг. Монголчуудын язгуур сэтгэлгээн дэх байхуйн үзэл I бүлэг. Домогчлолын хөтөл үзэл 1.1.1. Ерөнхий агуулга 1.1.1.1. Нэр томъёоны тухай 1.1.1.2. Сэтгэлгээний зарчим, хандлага 1.1.1.3. Товч агуулга 1.1.2. Үндсэн ойлголтууд 1.1.2.1. Этүгэн 1.1.2.2. Тэнгэр 1.1.2.3. Бурхан 1.1.2.4. Огторгуй 1.1.2.5. Эрлэг 1.1.2.6. Хүн 1.1.2.7. Сүнс 1.1.2.8. Хумхийн тоос II бүлэг. Бөөгийн хөтөл үзэл 1.2.1. Түүх, мөн чанар 1.2.1.1. Үүсэл төлөвшил 1.2.1.2. Бөөгийн тухай тодорхойлох нь 1.2.2. Үндсэн ойлголтууд 1.2.2.1. Тэнгэр 1.2.2.2. Нарт 1.2.2.3. Эзэн 1.2.2.4. Сүнс 1.2.2.5. Онгод 1.2.2.6. Хүн 1.2.2.7. Өндөр төр III бүлэг. Мөнх тэнгэрийн хөтөл үзэл 1.3.1. Бүрэлдэн төлөвших уг сурвалж 1.3.2. Үндсэн ойлголтууд 1.3.2.1. Мөнх тэнгэр 1.3.2.2. Хүчин 1.3.2.3. Заяа 1.3.2.4. Сүлд 1.3.2.5. Хүн 1.3.2.6. Төр II хэсэг. Өөрчлөлт хувьсал, төлөв байдал I бүлэг. Буддизмын нөлөө 2.1.1. Буддын гүн ухааны товч агуулга 2.1.1.1. Гол үзэл санаа

Page 3: Mongoliin Gun Uhaanii Baihui

2.1.1.2. Үндсэн чиглэлүүд 2.1.2. Монголд дэлгэрсэн нь 2.1.2.1. Нийгэм-улс төрийн хүчин зүйл 2.1.2.2. Оюун санааны хүчин зүйл 2.1.3. Буддист Монгол мэргэдийн үзэл баримтлал 2.1.3.1. Чойжи-Одсэр 2.1.3.2. Өндөр гэгээн Занабазар 2.1.3.3. Жанжаа хутагт Ролбийдорж 2.1.3.4. Сүмбэ хамба Ишбалжир 2.1.3.5. Зава Дамдин 2.1.3.6. Алшаа лхаарамба Агваандандар 2.1.3.7. Д.Дагвадорж 2.1.3.8. Т.Содномдаргиа 2.1.3.9. Г.Лувсанцэрэн II бүлэг. Орчин үеийн төлөв байдал 2.2.1. Өрнийн сэтгэлгээ Монгол оронд 2.2.1.1. Монголд дэлгэрсэн нөхцөл байдал 2.2.1.2. Үзэл санааны онцлог 2.2.2. Томоохон төлөөлөгчдийн тойм 2.2.2.1. С.Норовсамбуу 2.2.2.2. Ч.Жүгдэр 2.2.2.3. Ц.Балхаажав 2.2.2.4. Д.Баттөмөр 2.2.2.5. Ц.Гомбосүрэн 2.2.2.6. Д.Дашпүрэв 2.2.2.7. Н.Хавх 2.2.2.8. Г.Чулуунбаатар 2.2.2.9. Л.Дагдан 2.2.3. Олон ургальч хандлагын хүрээнд 2.2.3.1. Суваргын онол 2.2.3.2. Гурвал онол 2.2.3.3. Зэндмэнэ онол Төгсгөлийн үг Ном зүй

Page 4: Mongoliin Gun Uhaanii Baihui

Өмнөх үг Оргилон бадрах хүслээр тэмүүлж

Ончрон байгаа бодлоор жигүүрлэж Охь эрдмийн хаялгаар чимэглэж Олон түмэндээ өргөн барьюу, би

Монголын гүн ухааны талаарх судалгааныхаа ээлжит бүтээлээр уншигч та бүхэнтэйгээ золгож байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү бүтээлдээ Монголын гүн ухааны байхуйн үзлийг (метафизик) арга зүйн шинэлэг баримтлалаар тодорхой ойлголтуудын жишээн дээр тодруулан гаргаж, түүний хувьсал өөрчлөлт, өнөөгийн төлөв байдлыг товч байдлаар нэгтгэн дүгнэх оролдлого хийсэн юм. Ийм учраас уншигч сонирхогч та бүхнийг мөрдөн ахуй үзэл номлолоосоо харш зөрөөтэй хэмээн үл буруушааж анхааран үзмүү хэмээн хүсэж өчүүхэн бичээч би вээр чадан ядан үзэглэмүй, эрхэм олон уншигч, эрдэмтэн мэргэд та бүхнийг санал шүүмжээ харамгүй ирүүлнэ гэдэгт итгэж байна. Тус зохиолыг Б.Ганбаттай хамтран туурвисан “Монголын гүн ухаан (удиртгал)” УБ., 2006, “Гүн ухаан (гарын авлага)” УБ., 2007, “Гүн ухаан (II дахь хэвлэл)” УБ., 2008 бүтээлүүдэд Монголын гүн ухааны талаар дурдагдсан үндсэн агуулгад тулгуурлан туурвисан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Бүтээлд Монголд дэлгэрсэн буддын гүн ухааны болон өрнийн гүн ухааны үзэл санааны тоймыг ихээхэн бага хэмжээгээр тоймлосон нь тэдгээрийг үл ойшоосон хэрэг бус, манай оронд эдгээр чиглэлээр мэргэдийн туурвисан бүтээл мундахгүй олныг харгалзан үзсэн хэрэг учраас уншигч авгай дэлгэрүүлэн үзэхийг хүсвээс хялбар билээ. Уншигч таны өлмий бат, мэлмий тунгалаг, сэтгэл цагаан, явдал ариун байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Зохиогч. Намрын дунд сарын арван долооны билэгт сайн өдөр.

Хянан тохиолдуулагчийн үг

Монголчууд бид гүн ухааны, нэн ялангуяа өрнөдийн гүн ухааны талаархи судалгаагаараа дэлхийн түвшнээс төдийлөн хол хоцроогүй гэж хэлэхэд буруутахгүй. Харин үндэснийхээ гүн ухааны судалгааг өнөө хүртэл хангалттай хэмжээнд хүртэл судалж амжаагүй байгаа нь эмзэглүүштэй асуудал юм. Уг байдлыг соргогоор анзаарч харсан доктор (Ph.D) Б.Буяндэлгэр олон жилийн туршид энэ чиглэлээр хийсэн судалгааныхаа үр дүнд түшиглэн, хэвшмэл арга зүйд шүүмжлэлтэй хандан хөтөл үзэл, түүний метафизик агуулгын үндсэн ойлголтуудыг тодруулан гаргах замаар энэхүү бүтээлээ туурвисан нь сонирхолтой байна. Зохиогч энэхүү бүтээлдээ нэг талаас Монголоос бүгд гаралтай гэж дөвийлгөн үздэг өрөөсгөл хандлагыг явцууран баримтлаагүй, нөгөө талаас ардын аман зохиол зэрэг эх сурвалжуудад ямагт онолын сэтгэлгээ хадгалагдаж байдаг буюу Монголчууд онолоор сэтгэж амьдарсаар ирсэн хэмээн андуурах явдлаас сэргийлж, харин өөрөө тэдгээр үзэл санаа, утгын тогтолцоонд дүн шинжилгээ хийж онолын түвшинд ашиглаж болохуйц ойлголт, категориудыг дэвшүүлэн тавьсан нь үнэхээр сайшаалтай юм. Зөвхөн сайшаах төдийгүй Монголын гүн ухааны цаашдын судалгаанд бүтээлчээр анхаарч үзэх нь зүйтэй. Академич Ч.Жүгдэр Монголын гүн ухааны “араг яс”-ыг босгосон бол энэ бүтээл түүний “эд эсийг нөхөн сэргээх”явдалд жинтэй хувь нэмэр оруулж байна гэж бүрнээ тооцож болно. Залуу судлаачийнхаа цаашдын эрдэм шинжилгээний ажилд улам их амжилт хүсэн ерөөе.

Философийн ухааны магистр Ж.Мөнхдалай.

Page 5: Mongoliin Gun Uhaanii Baihui

Монголын гүн ухааны тухай ерөнхий мэдлэг Мөнх тэнгэрт шүтэж мөргөмүү

Монгол түмэндээ өчиж өргөмүү Наран саранд залбирч бичмүү

Насан хутгийг ерөөж тэрлэмүү

1. Монголын гүн ухааныг тодорхойлох нь Монголын гүн ухаан нь манай үндэстний оюун санааны урт удаан хугацааны хөгжлийн үр дүнд үүссэн оюуны үзэгдэл мөн. Түүнийг тодорхойлохын тулд Монгол үндэстэн бүрэлдэх явцын зарим нэгэн онцгой шинжийг олж харах нь зүйтэй. Монгол үндэстэн бүрэлдэн тогтоход олон талын хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд тэрхүү нарийн төвөгтэй үйл явцыг зөвхөн гарал үүсэл нэгтэй, газар нутаг хамтран эзэмшдэг гэх юм уу, эсвэл биологийн талаас нь үр удам өнөржин олширсны үр дүн гэж гадаад талаас нь механикаар ойлгож болохгүй. Харин Монгол үндэстнийг бүрэлдүүлж байгаа гишүүн нэг бүрийн өөрийгөө уг нийтлэгт хамрагдана гэж үзэх үзэл буюу өөрийгөө ухамсарлахуй, тэр үндсэн дээр төлөвшин тогтож байгаа сэтгэлгээний адилсалд гол анхаарлаа хандуулах явдал чухал юм. Эндээс үзвэл, Монгол үндэстэн бүрэлдсэн нь түүний гишүүдийн үзэл санаа адилсан нэгдэж гүн ухааны нэгдсэн сэтгэлгээг үүсгэн бүрэлдүүлэх явдалтай нягт уялдаатай нь илэрхий байна. Хүн төрөлхтөний түүхнээ Монгол хэмээх үндэстэн бүрэлдэн тогтож, алдраа дуурсгасан нь маргаангүй тул түүний сэтгэлгээний адилсал буюу нэгдмэл гүн ухааны сэтгэлгээ дуртай ч, дургүй ч төлөвшин боловсорсон нь зүй ёсны хэрэг. Тиймээс Монголын гүн ухаан гэж байх эсэх тухай ярих нь утгагүй төдийгүй хэрвээ тийн сөрөг байр сууринаас нотлоход хүрэх аваас Монгол үндэстэн төлөвшин тогтоогүй, түүний түүхэн үйл явц, ололт амжилт хэмээгч нь андуу ташаа зүйл байсныг давын өмнө батлан харуулах шаардлагатай болно. Өөрийгөө Монгол хүн гэж тооцдог хүний хувьд энэ нь огтхон ч боломжгүй ба угтаа өөрийнхөө оршихуйг, өөрийгөө ухамсарлахуйг бүрэн үгүйсгэсэнтэй адил юм. Зөвхөн Монголын гэлтгүй, Гүн ухааныг мэдлэгийн агуулгаар нь ч юм уу, танин мэдэхүйн арга хэлбэрээр нь, үүсэл гарлын шинжээр нь гэх мэтчилэн түүнд агуулагдаж буй олон тал хандлага, шинж чанарынх нь үүднээс маш олон хувилбараар нэгтгэн тодорхойлох оролдлогууд хийгдсээр ирсэн, хийгдсээр ч байгаа юм. Тухайлбал, Б.Батчулуун “хүмүүн төрхийг олсон таны сэтгэх, танин мэдэх хүсэл эрмэлзлээс өөрийн эрхгүй урган гардаг оюуны үзэгдэл бол философи мөн”, Р.П.Вольф “философи бол үйл ажиллагааны төрөл хэлбэр бүрт оюун ухааны ашиглаж байдаг зөв сэтгэх, зөв үйлдэх шалгууруудын тухай системчлэгдсэн тусгал, бодол эргэцүүлэл мөн”, Ц.Гомбосүрэн “философи бол хүний орших аргыг тухай тухайн нөхцөлд тодорхойлогч нэг юм уу, хэд хэдэн хүчин зүйлийг зориуд, шууд юм уу шууд бишээр мэдлэгийн аль нэг салбарын хүрээнээс, мөн урлагийн аль нэг салбарын хүрээнээс хальж ямар нэг байдлаар авч үзэн шийдвэрлэдэг өөр өөр сургаал мөн”, К.М.Мамардавили “философи бол соёлын үндэслэгээний тусгал мөн” гэх зэргээр үзсэн байна. Энэ бүхнээс үндэслэвэл гүн ухааныг бүрэн гүйцэт нэгдсэн агуулгаар, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэмлэхүй тодорхойлолтод багтаан томъёолно гэдэг ихээхэн ярвигтай хэрэг юм. Учир нь сэтгэлгээний арга хэлбэр, өв уламжлал, үзэл баримтлал өөр байхын хирээр түүний “туйлын” мөн чанарыг харилцан адилгүй тал хандлагаар нь танин мэдэж томъёолдог ажээ. Тухайлбал, Р.Поупкин, А.Стролл нарын тэмдэглэснээр <<Англи-Америкийн (Англи хэлт гэгдэгч) философи нь философи дахь эмпирик, байгаль шинжлэлийн чигийг баримтлаж, бясалгагч метафизикт элэг буруу ханддаг талтай. Энэ философийн уламжлалд “философи цэцэрхлийн” оронд эрүүл ухаанд, мөн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг утга холбогдолтой саналд хандах нь давуутай байдаг... Грекийн философийн өвөрмөц онцлог нь түүний оюунаар үзэхүйн өндөр түвшин юм. Энэ шинж түүний метафизикт дээд зэргээр илэрдэг

Page 6: Mongoliin Gun Uhaanii Baihui

бөгөөд Грекийн олонхи философич ертөнцийн жинхэнэ уг чанарыг гагцхүү оюун ухааны тусламжаар нээн илрүүлэхэд түүнийг ашиглах гэж оролджээ>> гэж дүгнэсэн байна. Монголчуудын хувьд туршлагын мэдлэг ухаан зонхилохын зэрэгцээгээр оюун ухааны тусламжтайгаар ертөнцийг танин мэдэх оролдлого томоохон байр суурийг эзлэж, хангалттай үр дүнд нэгэнт хүрсэн гэж дүгнэж болох бөгөөд Монголын гүн ухааны мэдлэгийн чухам энэхүү асуудлаарх танин мэдэхүйн явц, үзэл баримтлал, санал дүгнэлт, ойлголтуудын цогцыг бид түүний байхуйн үзэл хэмээн томъёолон өгүүлж байна. Ингэхээр Монгол хүний сэтгэлгээний онцлогт тулгуурлан байгаль, нийгэм, соёлын мөн чанарыг танин мэдэж, түүнийгээ утгын тогтолцоогоор дамжуулан онол, арга зүйн түвшинд хүртэл илэрхийлдэг ухааныг Монголын гүн ухаан гэж тодорхойлж болох юм.

2. Гүн ухааны мэдлэгийн онцлог Гүн ухааны асуудал ийм маш өргөн цар хүрээг хамарч байдаг учраас түүний талбарт зөвхөн уг мэргэжлийг эзэмшсэн цөөнхөөс гадна ямар ч мэргэжлийн хүмүүс оюунаа сорих боломжтой байдаг. Үүнийг зарим тохиолдолд “мэргэжлийн бусчууд” хэмээн нэрийдэх нь бий. Жишээ нь, Г.Д.Левин “философи бол мэргэжлийн бусчууд халдаж нэвтрэн орж байдаг гайтай, азгүй шинжлэх ухаан мөн бөгөөд энэ ухаан хэцүү бэрхшээлтэй байдалтай байгаагийн сургийг сонссон үнэнч шудрага, сониуч шохоорхогч, мэргэжлийн бус этгээд “хөөрхий муу философичдод тус хүргэх” гэж хэдхэн хуудас зүйлээс эхлээд хэд хэдэн боть зохиолыг туурвин бичиж, тэдгээртээ мэргэжлийн философичдын хэдэн арван жилийн туршид хөдөлмөрлөж, махаа идэж судласан асуудлыг “бүрэн гүйцэт эцэслэн төгсгөж” шийдвэрлэчихсэн байдаг” гэж өгүүлжээ. Гүн ухааны сэтгэлгээ бол хүн төрөлхтөний түгээмэл хэл мөн. Гүн ухааны анхдагч элемент нь бодол. Тэгэхээр гүн ухаан нь хүмүүс орчлон ертөнцийн талаар зөвхөн идэвхигүйгээр төсөөлөх бус харин ухаж бодож эхлэсэн үеэс нааш хөгжиж иржээ. Магадгүй хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд бодож ирсэн биз. Ухаж бодох явдал нь урьд өмнөх хүмүүсийн нийтлэг дассан төсөөллөөс аль нэг байдлаар ангижран салахад хүргэж, өөрийнхөө оюун санааг идэвхижүүлээд зогсохгүй, аливаа зүйлсийг дангаар нь бус хооронд нь холбоо хэлхээтэйгээр сэтгэхэд хүргэсэн юм. Гэхдээ орчлон ертөнцийн талаар хүн бүр харилцан адилгүй төсөөлж, түүнээсээ улбаалан ухаж бодоход хүрдэг тул тэдний үзэл бодол өөр хоорондоо ямагт зөрөөтэй байдаг. Хэдий тийм боловч тэрхүү бодлуудаа харилцан солилцож ойлголцох, эс бөгөөс бусдын бодлыг өөрийнхтэйгээ адилтган жишиж үзсэнээр ерөнхий хэв загварт багтаан загварчлах оролдлогын улмаас хүмүүсийн үзэл бодлуудыг нэгтгэн нийлүүлэх юм уу, эсрэгцүүлэн зөрөлдүүлж, түүнийхээ түгээмэл шинж чанар, тал хандлагаар нь ижилсүүлэх буюу ондоошуулан төрөл бүрийн төрөл бүрийн онол, гүн ухааны урсгал чиглэлийг хүмүүс бий болгодог байна. Гүн ухаан орчлон ертөнцийн бодит үнэн өөрөө мөн юм гэж үү? Магадгүй түүнийг судлаж, түүнд хөл тавьж эхлэхэд гүн ухаан нь оньсого бүхний хариуг аль нэг нэрт сэтгэгч нээгээд олчихсон үнэний цогц мэт санагдах нь буй. Тиймээс ч гүн ухаанд тэрхүү цогц үнэнийг эзэмших гэж татагдан орох явдал нилээдгүй гардаг. Гэвч чин үнэндээ гүн ухаан бол үнэн өөрөө бус, түүнд хүрэх зам нь юм. Чухам үүнийг ухаарч өөрийн замаа нэгэнт олсон хүн тэр л аргаараа орчлон ертөнцийн бүхий л юмс үзэгдэл, үйл явцыг ухварлан тунгааж, шинэ мэдлэгийг, шинэ үр дүнг бүтээх нь тасралтгүй болно. Гүн ухааны аль нэгэн үзэл сургаалыг үнэн, зөв хэмээн нотлож, түүнийгээ туйлын мэтээр олон нийтийн дунд сурталчлан түгээх нь хэвшмэл сэтгэлгээг төлөвшүүлдэг. Хэвшмэл сэтгэлгээ нь газар авбал гүн ухааны чөлөөт байдлыг боогдуулж, хүмүүсийн сэтгэх, үйлдэх арга маягийг нэгэн хэв загварт дардаслахад хүргэнэ. Тодорхой цаг үе бүхэнд өөрийн гэсэн хэвшмэл сэтгэлгээ ноёлох бөгөөд түүнийг гэтлэн гарсан хүн нь гүн ухаантан, нэрт сэтгэгч хэмээн алдаршдаг. Гүн ухаан нь боловсролын тулгуур үндэс болдог учраас үндэсний өвөрмөц хэв маяг зонхилсон үед өөрийн төрхийг хойч үедээ залгамжлуулан үлдээх, хүний амьдралдаа баримтлах зарчмуудыг тогтоох, эрхэм зорилгыг төлөвшүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Суурь боловсрол эзэмшүүлэх хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэснээр олон нийтийг хараат бус үзэл

Page 7: Mongoliin Gun Uhaanii Baihui

бодолтой, хүсэл эрмэлзлэлэээр дүүрэн, түүндээ хүрэх арга замтай болгох нөхцөл бүрддэг. Гүн ухаанд үндэстний бус онол тогтолцоо зонхилсноор түүнд тайлбарлал хийх явдал нэмэгдэж, амьдрал ба мэдлэгийн хоорондын ялгаа зааг гүнзгийрч, мэдлэгийн ач холбогдлыг үгүйсгэх, түүний хүрээнд оюун санааны салбарт бусдыг дагалдах баримтлалыг төрүүлж, үндэстний оюуны бүтээмжийг бууруулах үндсэн нөхцлийг буй болгодог. Энэ нь гүн ухааны мөн чанарт харш хэрэг төдийгүй хүнийг бие даан орчлон ертөнцийг танин мэдэх чадвараас нь холдуулан хөндийрүүлж, ужигран даамжирвал аялдан дагалдагч, дуулгавартай боол болгон хувиргана. Гүн ухаан нь ийнхүү хувь хүн, үндэстэн, хүн төрөлхтөний оршин тогтнолын хөрс суурь болж өгдөгөөрөө цаг ямагт улс төр, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн анхааралд байж, түүнийг гартаа авахын төлөөх улайрсан тэмцэлд өртөж байдаг. Гүн ухааны нь эрхийг гартаа оруулсан цагт түүний үзэл сургаалд олон нийтийг итгүүлэн үнэмшүүлж, эс бөгөөс төрөл бүрийн арга хэрэгслээр шахамдуулан дагалдуулсан цагт тэрхүү тогтолцоог хэрхэн хувьсган өөрчлөж, түүгээрээ нийгмийн оюун санааг залан чиглүүлэх, өөрсдийн ашиг сонирхолд хүчийг нь ашиглах боломж тухайн хэсэг бүлэг юм уу, улс төрийн хүчинд бүрэн олгогддог юм. Хэдийгээр ийм үйл явц нь үндэстний гүн ухааныг бүрмөсөн устгаж мөхөөдөггүй ч урт, богино ямар нэгэн хугацаагаар чөдөрлөн боомилж, тухайн нөхцөлд үндэсний эрх ашигт халтай төрөл бүрийн дур зоргын үйлдлийг зөвтгөх үзэл санааны үндэс болж байдаг. Гүн ухааныг хүн бүрт хамааралтай, тэдний сэтгэлгээний үр дүн болохыг нь мэдүүлэн таниулж байж хувь хүний хөгжлийн үзүүлэлтийг дээшлүүлж, бүтээлч хөдөлмөрт хөтлөн оруулах болно. Эдүгээ дэлхий нийтээр улс үндэстний хөгжлийг хэмжихдээ эдийн засаг, хөрөнгө санхүүгийн түвшнээр бус хувь хүний хөгжлийн нь түвшингээр хэмжихийг эрмэлзэж буй нөхцөлд тэрхүү гол объект болсон хувь хүний хөгжлийн тулгуур үндэс нь гүн ухааны боловсрол байх ёстой. Гүн ухааны сэтгэлгээ нь хувь хүн өөрийгөө дээд зэргээр танин мэдэх, түүний үндсэн дээр гайхамшгийг цогцлоож чадах авъяас чадвараа нээн илрүүлэх, амьдралын зорилгоо түүнд чиглүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх тухай чадвар мөн. Нэг үгээр хэлбэл хувь хүн болон үндэстэн, хүн төрөлхтөний оршин тогтнолын тухай, амьдралын тухай ухаан бол гүн ухааны мөн чанар билээ. Гүн ухаан хийгээд оршихуй (амьдрал) нь туйлын утгаараа нэгдмэл байдаг учир бид түүнийг ялгаж салгаж, энэ нь гүн ухаан, тэр нь амьдралын аахар шаахар мэдлэг, үзэл төдий хэмээн ангилан зааглаж болохгүй билээ. Бид оршихуйгаас гүн ухааны үзэл санааны тогтолцоогоо олж, эргээд гүн ухаанаас оршихуйн утга учрыг танин мэдэхийг хичээж байдаг. Тэдэнд үнэн чанартаа хил хязгаар, зааг гэж үгүй, тэд ямагт байраа сольж, түүнийх нь улмаас заримдаа бид гүн ухааны үүсгэл нь амьдрал өөрөө болохыг үзэж, заримдаа амьдралын эхлэл үүсгэл, утга учир нь гүн ухаан хэмээн үзэж, эхэлж харсныгаа нөгөөгийнх нь эх булаг хэмээн эндүүрдэг. Яг ийм байдлаас болоод гүн ухаанд үндсэн асуудал нь анхдагчийг шийдвэрлэх явдал гэж үзэх тохиолдол ч гарч байсан. Энэ бүгдээс үзэхэд гүн ухаан нь хүний мөн чанарын үндсэн чадвар бөгөөд хувь хүн хөгжих дотоод хөдөлгүүр, чиг хандлага нь болж хүн бүрт харилцан адилгүй утга учир, үзэл санааны байр суурийг буй болгож өгдөг төдийгүй нийт хүн төрөлхтөний эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс, итгэл үнэмшлийн нэгдмэл байдлын илэрхийлэл, түүний баталгаа болж байдаг юм. Бид гүн ухааны талаар ярилцахдаа гол төлөв оюун ухааны харьцангуй өндөр түвшинд хөгжсөн насанд хүрэгсэдийн тухай хэлэлцдэг бол тэр нь учир дутагдалтай. Хүүхэд наснаас нь л гүн ухааны талаар зөв ойлгоц, байр суурьтай болгох явдал туйлын чухал. Хүүхэд бүр хэлд орж өөрийгөө бусдад илэрхийлэх болсон үеэсээ гүн ухаанд татагдаж, суралцаж эхлэдэг. Тэгэхээр гүн ухаан бол хүнд төрсөн цагаас нь эхлэн төлөвшиж эхлэдэг бөгөөд насан туршийнх нь ертөнцийг харах, ухаарах толь болж, үйлдэх хийхийн үндсийг бүрэлдүүлдэг. Үүндээ тулгуурлан бусад олон янзын үзэл бодлуудыг танин мэдэх болсноор эцэстээ үзэл санааны өвөрмөц ертөнцийг бий болгодог. Ингээд үзэхээр гүн ухаан нь аливаа хувь хүн, улс үндэсний хөгжлийн түлхүүр мөн юм. Үндэстнийхээ гүн ухааныг алдсан улс гүрэн, өөрийнхөө бие даасан

Page 8: Mongoliin Gun Uhaanii Baihui

үзэл санааг тогтоон төлөвшүүлж чадаагүй хувь хүн жинхэнэ ёсоороо хөгжиж чадахгүй. Тэд ямагт хуулбарлаж, идэвхигүй байдалд дасан зохицдог. Чухамдаа гүн ухаан бол хүн төрөлхтөнийг үндэстэн хэмээн ялгах нэг гол үзүүлэлт болж байдаг бөгөөд сэтгэлгээний арга хэлбэр нь түүнийг тодорхойлдог. Үндэстэн бүхний гүн ухаан, түүнд суурилсан нийгэм, соёлын хүчин зүйлүүд харилцан адилгүй байхын зэрэгцээ хөндлөнгийн нүдээр харахад давуу болон сул талуудыг өөртөө агуулж байдаг. Түүнийг хэзээ ч орвонгоор нь өөрчилж бүх зүйлийг нь давуу шинжээр бүрдүүлж болохгүй бөгөөд тийм ч учраас бусдаас шилдэг юм уу, дорой үндэстэн гэж дэлхий дээр байдаггүй юм. Тэгэхээр үндэстэн өөрийнхөөрөө л хөгжих ёстой. Гүн ухаан бол үндэстний энэхүү шинж чанаруудынх нь амин сүнс, тэдгээрийн хоорондын амьд холбоо болж байдаг.

3. Үүсэл гарал, түүхэн үечлэл Эдүгээ судлаачдын үзэж байгаагаар “Монгол” хэмээх нэр нь харьцангуй хожим нэгдмэл үндэстний нэр болон төлөвшсөн боловч уг нэрээр нэршээгүй ч гэлээ тэдний өвөг дээдэс нь Монгол нутаг дээр он удаан жилийн турш оршин амьдарсаар ирсэн ба археологийн судалгаагаар 850.000 орчим жилийн өмнөөс хүн суурьшсан баримт олджээ. Тэр цаг үеэс нааш хүний ухамсар сэтгэхүй, оюун санааны бүрдэл үйл явц үргэлжилсээр ирсэн нь зайлшгүй бөгөөд Монголчуудын эртний өвөг дээдэс нь 3500 орчим жилийн тэртээгээс төр төстэй бүрдлүүдийг үүсгэн байгуулж, аймгуудын бүлэглэл бий болгосон нь үндэстний нэгдмэл сэтгэлгээ төлөвшихөд жинтэй хувь нэмэр болж, Хүн гүрэн байгуулагдсанаар төрийн оролцоо эрчимжиж, шинэ шинэ утга агуулгаар баяжин гүн ухааны тогтолцоо ихэд төгөлдөржсөн юм. Монголын гүн ухаан олон талт агуулга бүхий нэгдмэл сэтгэлгээний бүтээл болсон хувьд нь түүний түүхийг энэ үеэс эхлэн тооцож болох боловч түүнээс өмнөх үед бүтээн цогцлуулсан оюун санааны асар их өвийг тооцохгүй байх аргагүй бөгөөд түүний бодит гэрчлэл нь хадны сүг зураг, эд өлөгийн дурсгал, аман зохиолын утга санаа, зан үйлийн уламжлал зэрэгт тод томруун тусгагдан үлджээ. Тиймээс Монголын гүн ухааны эхлэл үүсгэврийг Монгол үндэстнийг бүрэлдүүлсэн хүмүүсийн нийтлэг оршин тогтнож ирсэн үеэс улбаалан хөөж судлах нь зүйтэй. Өөрсдийнхөө зөвшөөрөн хүлээдэг, хүрээлэн буй ертөнц болон үзэл баримтлал, оюун санааныхаа үндэслэгээг нягтлан шалгах нь зайлшгүй гэсэн итгэл үнэмшил хүмүүсийн дунд оршсоор ирсэн нь гүн ухаан бие дааж хөгжих чухал хүчин зүйл болсон юм. Энгийн амьдралын туршлага, ардын цэцэн мэргэн ухаан, түүнчлэн шүтлэг бишрэлийн үзэл баримтлалууд нь асуудалд зарим талаар хангалттай үнэн нотолгоо, үндэслэл хийх түвшинд хүрдэггүй нь энэхүү өрөөсгөл талыг даван туулсан тогтолцоотой, ерөнхий, үнэн зөв, боловсронгуй мэдлэгийн хэлбэрийг бүтээх эрэл хайгуулд зайлшгүй хүргэж, түүнийг мэдээллийн шаардлага, ач холбогдолд нийцүүлэн зохих хэмжээгээр шийдвэрлэж ирсний үр нь гүн ухаан болж төлөвшжээ. Гүн ухааныг судлаачид эртний Энэтхэг, Хятад, Грек Ром гэсэн гурван том голомтод бараг нэгэн зэрэг үүсч хөгжсөн гэж үздэг нь иргэншил, соёл, нийгмийн байгууллын өвөрмөц онцлогтой холбоотой. Суурин иргэншил бүхий дээрх улс орнуудад нийгмийн хөдөлмөрийн хуваарь нарийсан төгөлдөржих явцад оюуны хөдөлмөрийг дагнан эрхлэж, тэр дундаа сэтгэлгээний өвөрмөц онцлогийг тусгайлан хөгжүүлж, бясалган бүтээгчид ялгаран гарч ирснээр гүн ухаан бие даасан ач холбогдолтой болж гүнзгийрэн хөгжжээ. Гэвч тэр нь Монгол зэрэг нүүдэл иргэншилтэй бусад улс үндэстэнд гүн ухаан хөгжих үндэсгүйг нотлосон хэрэг биш бөгөөд харьцангуй өөр арга хэлбэрээр хөгжин дэлгэрч байсан болохыг сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа судалгаа шинжилгээний үр дүнгээс харахад илэрхий байна. Харин эдгээрийг хооронд нь харьцуулан үзэхдээ чухам аль нэг нь хоцрогдонгуй эсэхийг судлаачид өөр өөрсдийн байр сууринаас нотлохыг хичээдэг. Ийм учраас Монголын гүн ухааны байхуйн үзэл (метафизик), хувьслыг түүний тодорхой ойлголтуудын тусламжтайгаар танин мэдэх нь дэлхийн бусад улс үндэстнүүдийн гүн ухааны мэдлэгтэй харьцуулан үзэхэд ихээхэн дөхөмтэй болох юм. Гүн ухааны мэдлэгийг түүхэн үечлэлээр судлахдаа гол төлөв түүхийн явцад шалгаран гарсан томоохон сэтгэгчдийн үзэл санааны өв уламжлал дээр тулгуурлан, түүгээр баримжаа авч

Page 9: Mongoliin Gun Uhaanii Baihui

тодорхой үечлэлд ангилан үздэг бол Монголын гүн ухааны өвөрмөц онцлогоос шалтгаалан тийнхүү ангилахад ихээхэн хүндрэл бэрхшээл учирдаг. Гэвч Монголын гүн ухаан нь тасралтгүй, урагшлан хөгжсөөр өнөөдөртэй золгосон нь маргаангүй үнэн. Түүний хувьсал хөгжлийн түүхийг академич Ч.Жүгдэр 1. Эртний үеэс XII зууны үе 2. XIII-XIY зууны үе 3. XY-XYIII зууны үе 4. XIX-XX зууны эхэн үе 5. XX зууны үе гэж ангилсан нь бий. Харин тус зохиолдоо хөтөл үзэл буюу парадигмын агуулгаар ангилж, түүнийгээ түүхэн тодорхой цаг үед нийгмийн оюун санааны хүрээнд зонхилох байр суурь эзлэж байсан эсэхээр нь түүхэн он дараалалд оруулах оролдлого хийсэн юм.

4. Нэр томъёоны асуудал Энэхүү зохиолдоо “гүн ухаан” болон “философи” гэсэн нэр томъёонуудыг адилхан утгаар зэрэгцүүлэн хэрэглэж байгаа бөгөөд зохиогчийн өгүүлэмжид “гүн ухаан”-ыг дагнан, бусдын үзэл баримтлалыг хүндэтгэн үзэх үүднээс тодорхой ишлэл авахдаа тухайн хэрэглэсэн нэр томъёог хөндөөгүй болно. “Гүн ухаан” хэмээх ойлголтын хувьд XIII зууны үед холбогдох “Арван буянт номын цагаан түүх”-нд анх бичгээр тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд энэхүү зохиолд төрийн долоон их бингийн нэгэнд тооцогдож өнгөрснийг хөөж онох бие даасан эрдэм ухааны төрөл зүйл болохыг заасан байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тэгэхээр энэ нэр томъёо нь юуны өмнө тухайн үед аливаа хүн өөрийн язгуур үндэс, гарал угсаа, түүх соёл төдийгүй гариг дэлхий, орчлон ертөнцийн өнгөрснийг танин мэдэх, түүнд тулгуурлаж жам ёс, зүй тогтлыг онон баримжаалах гэсэн утгыг агуулжээ. Түүнээс гадна “Цагаан түүх”-энд <<2-рт, ирээдүйг угтаж онохын дээд оточийн бин, 3-рт, битүүг таньж олох үлэмж мэргэний бин, 4-рт, одоо ахуйг төгс онохын магад мэдэхүйн бин, 5-рт, бусад самбаа өгүүлэхийн урьдаас онохуй гайхамшигт сэцний бин, 6-рт, аян авын үйлийг ёсоор мэдэх чадал баатрын бин, 7-рт, таван ухааныг төгсгөхийн гэгээн билгийн бин>> гэж дурьдсанаас үзэхэд чухамхүү утгаар “бин” хэмээх уламжлалт нэр томъёо нь “философи”-той утга дүйж байна. Гэвч “бин” гэх үгийн төрөлх Монгол хэлний “цэцэн оюун, мэргэн ухаан” гэсэн утга нь эдүгээ нэгэнт мартагдах болсон тул нэг талаас долоон бингийн нэгэнд зүй ёсоор дурьдагддаг, нөгөө талаас судалгаа, сургалт, сурталчилгааны практикт цөөнгүй жил хэрэглэгдэж байгаа “гүн ухаан”-ыг “философи”-той утга дүйлгэн хэрэглэж занших нь зүйтэй юм. Харин “философи” хэмээх нэр томъёог хамгийн анх Пифагор хэрэглэсэн гэдэг бөгөөд эртний Грекийн “цэцэн мэргэнд дурлах, эрхэмлэх” гэсэн үг аж. Утга санааны хувьд юмсыг танин мэдэхээсээ илүү ухааран ойлгоход чиглэсэн байдаг. Энэ тухай судлаач Б.Батчулуун тайлбарлахдаа <<Эртний Грект мэдлэгийг софи болон технэ гэж хоёр хуваадаг байж л дээ. Технэ мэдлэг гэдэг нь ерөнхийдөө материаллаг юмс үзэгдлээс шууд гарсан ойлголт. Өмнө нь татсан жишээгээр бол алим, лийр, усан үзэм гэх мэт ойлголт. Харин эдгээрийг нэгтгэн дүгнээд “хаа ч байдаггүй” жимс гэсэн ойлголт гаргаж ирье. Тэгвэл тэр нь софи мэдлэг болж байгаа юм. Тийм софи мэдлэгийг сонирхож, түүнд татагдаж байвал философи болно гэсэн үг л дээ>> хэмээжээ. Тэгвэл буддын сургаалд бидний “философи” хэмээхтэй дүйцэхүйц агуулгыг “дотоод ухаан”, түүний харилцан адилгүй урсгал чиглэлийг буддын түүх бичлэгт “тогтсон таалал” зэрэг ойлголтоор тус тус тэмдэглэж ирсэн бөгөөд Монголчууд хожмоо XX зууны эхэн хагасаас “философи”-ийг “гүн ухаан”-тай дүйцүүлэн хэрэглэх болсон нь магадгүй “философи”-ийг түүхэн материализмын агуулгаар түлхүү ухаарч байсантай олон талаар холбогдож болох юм.

Page 10: Mongoliin Gun Uhaanii Baihui

Энэ бүхний үндсэн дээр бид “гүн ухаан” ба “философи” хэмээх ойлголтуудыг ижил утга агуулгаар дүйцүүлэн хэрэглэж судалгаа, сургалт, сурталчилгааны практикт хэвшвэл зохистой хэмээн үзэж байгаа юм. Зохиолын агуулгад “хөтөл үзэл” хэмээн бидний тэмдэглэж буй ойлголтыг гүн ухааны судлалд “парадигма” хэмээн нэрлэдэг. <<Парадигма (Грекийн paradeigma буюу жишээ загвар гэсэн үг) гэдэг нь оюуны болон бодит ертөнцийн харилцан хамаарлыг тодорхойлох зорилгоор философийн шинжлэх ухаанд хэрэглэдэг ойлголт юм... Өргөн утгаар нь парадигмыг тухайн шинжлэх ухааны хамтлагт багтдаг гишүүд хуваан хүртдэг итгэл үнэмшил, үнэт чанар, техник хэрэгслийн цуглуулга хэмээн тодорхойлж болно. Зарим парадигмууд нь философийн мөн чанарыг агуулах ба тэдгээр нь түгээмэл шинжтэй бүхнийг хамарсан байдаг бол нөгөө нэг хэсэг нь судалгааны нилээд өвөрмөц, хязгаарлагдмал салбарт шинжлэх ухааны сэтгэлгээг удирдлага болгож байдаг...Парадигма нь өөртөө зөвхөн танин мэдэхүйн төдийгүй мөн тогтсон утга санааг агуулна. Тэдгээр нь бодит байдлын мөн чанарын тухай баталгаа, шийдвэрлэгдсэн асуудалт талбарын тодорхойлолт болж зөвшөөрөгдсөн арга ба тогтсон шийдлийг тогтоож байдаг>> юм. Тийм учраас дор дурьдсан арга зүйн үндсэн дээр бид Монголын гүн ухааны агуулгыг бүхэлд нь хэд хэдэн хөтөл үзлийн тогтолцоонд ангилан үзэж байгаа юм.

5. Арга зүйн асуудал Монгол үндэстний оршин тогтнолын нэг чухал үндэс нь гүн ухааны сэтгэлгээний өв сан мөн бөгөөд түүний эх үүсвэр, язгуур шинж чанар нь эртний үед төлөвшин тогтсон байх зүй тогтолтой. Тийм учраас манай орны гүн ухааны судалгаанд эдүгээ түгээмэл ашиглагдаж байгаа нэр бүхий томоохон сэтгэгчдийн бүтээл туурвил, үзэл санаанд тулгуурлан Монголчуудын сэтгэлгээний онцлогийг тодруулах, түүхэн хөгжлийн үечлэлийг тогтоох оролдлого нь нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц онцлогоос шалтгаалаад төдийлөн амжилтанд хүрэхгүй байгаа билээ. Дээрх хэвшмэл аргаар судлах нь Монгол дахь буддын сэтгэлгээ, түүнээс хойшхи үеийн гүн ухааны хөгжлийн түүх, агуулгыг дэлгэрэнгүй судлах бололцоог олгодог боловч бичгийн сурвалжаар дамжиж ирсэн мэдээ баримт туйлын цөөн байдаг Монголын гүн ухааны язгуур сэтгэлгээг судлахад учир дутагдалтай учраас харьцангуй өөр чиг хандлагаар судлах явдал чухалд тооцогдож байна. Ийм учраас Монголын гүн ухааныг судлах зохистой аргачлалыг түгээмэл үндэслэгээний арга зүй хэмээн томъёолж болох бөгөөд ингэж үзэх болсон гол үндэслэл нь аливаа гүн ухааны мэдлэг нь сэтгэх тодорхой зарчимд тулгуурлана гэсэн баримтлалаас үүдэлтэй. Сэтгэх зарчмуудын нэгдэл нь сэтгэлгээний бие даасан хэв шинжийг илтгэдэг. Ийм хэв шинжийг бүрэлдүүлж байгаа зарчмууд нь үүсэл гарлын хувьд цуваа болон хам цагийн алинд ч хамаарагдаж болох боловч тухайн хэв шинж дэх сэтгэлгээний аль ч цар хүрээнд түгээмэл хэрэгжих ёстой. Энэ үндсэн дээр гүн ухааны бие даасан хэв шинжийг зөвхөн гүн ухааны мэдлэгийн хүрээнд ч бус, түүний орон, цагийн багтаамж дахь соёлын үзэгдлүүдийн түгээмэл үндэслэлийг агуулсан болохынх нь хувьд хөтөл үзэл (парадигма) гэж томъёолох боломжтой. Эндээс үзэхүл “хөтөл үзэл” хэмээн онцгойлох нь гүн ухааны урсгал чиглэлээс харьцангуй өргөн уудам агуулгатай. Тэр нь өөрийн орон, цагийн хүрээнд төрөл бүрийн шинжлэх ухаан, соёл, ахуй, зан заншлын ерөнхий хандлага, удирдан чиглүүлэгч нь болж байдаг. Эртний Монголчуудын гүн ухааны өвөрмөц онцлог нь судалгааны ийм онолын хандлагыг зайлшгүй шаардаж байгаа юм. Энэ тохиолдолд үзэл санааны агуулгаас үл хамааран уг утгыг илэрхийлэн гаргаж буй хэв шинж, түүний тулгуур нөхцөл болсон сэтгэлгээний зарчимд гол анхаарлаа хандуулах ёстой. Чухамдаа нэгэн адил объектив шинж чанартай бодит байдлыг субъектүүдийн оюун санаа харилцан адилгүйгээр тусган ухаарах юм уу, оюун санааны үр бүтээл болох соёлын агуулга нь орон, цагаас шалтгаалсан тусгаар, эрс ялгагдахуйц мөн чанартай байх нь тийм хэв шинжийг үүсгэж буй сэтгэлгээний зарчмаар тодорхойлогдоно. Эдгээр тодорхойлогч хүчин зүйл болж буй нэг юм уу, хэд хэдэн зарчим нь өөр бусад хэв шинжийг бүрэлдүүлэгч зарчмуудыг үгүйсгэн, улмаар нийгмийн сэтгэлгээнд дангаар ноёрхох зүй тогтолгүй. Зарим тохиолдолд, магадгүй бүр ямагт,

Page 11: Mongoliin Gun Uhaanii Baihui

хөтөл үзлийг тодорхойлогч зарчмуудын аль нэг юм уу, зарим нь өөр зарчимтай нэгдэх, түүнд байраа тавьж өгснөөр өмнөхөөс харьцангуй ялгаатай өөр хэв шинжийг үүсгэн бүрэлдүүлж байдаг. Хам цагийн хэлхээнд нэгэн зэрэг хэд хэдэн хөтөл үзэл зэрэгцэн орших боломжтойгоос гадна тэр нь цуваа цагийн орчилд нэг нь нөгөөгөөсөө урган гарсан байх нь магадтай. Үнэндээ нэг үндэстний юм уу, тухайн нийгмийн гүн ухааны сэтгэлгээ зарчмуудын дээд эрэмбийн тодорхойгүй (хаос) төлөвт орших бөгөөд чухам сэтгэлгээний ямар хэв шинж тус зарчмуудын харилцан нөлөөлөл, хувирлын үр дүнд хэрхэн үүсэж бүрэлдэхийг шууд таамаглахын аргагүй. Тиймээс бид хөтөл үзлийн цуваа хамаарлыг зөвхөн түүхэн агуулгаар илэрхийлэх боломжтой ба хам цагийн нөхцөлд харьцангуй түлхүү дэлгэрснээр нь төлөөлүүлж тухайн цаг үеийн сэтгэлгээний хэв шинжийг тоймлож үзэх юм.

Page 12: Mongoliin Gun Uhaanii Baihui

I хэсэг. Монголчуудын язгуур сэтгэлгээн дэх байхуйн үзэл I бүлэг. Домогчлолын хөтөл үзэл

Довтлон өнгөрөх морин туурайн төвөргөөн адил

Дэнслэн алдрах сэтгэл зүрхний анирлаанд Домогчлон хөврөх Монгол түмний сэтгэлгээг

Дүрслэн ядах өчүүхэн өргөл оршвой

1.1.1. Ерөнхий агуулга 1.1.1.1. Нэр томъёоны тухай

Домогчлол-энэ бол уг зохиолд Монголын гүн ухааны нэгэн хөтөл үзлийг (парадигма) тэмдэглэж буй нэр томъёо. Үүнийг гүн ухааны судлаачдын дунд хэвшсэн нэр томъёогоор бол “мифологи” буюу “домог үлгэрийн сэтгэлгээ” хэмээхтэй утга дүйлгэн ухаарч болох боловч хөтөл үзэл хэмээх агуулгаараа цар хүрээний хувьд өргөн уудам ажгуу. Аливаа улсын хэлэнд харь нэр томъёо, орчуулгын үг хэллэг түрэн орж ирэх нь дэлхий нийтийн соёл иргэншлийн хөгжлийн хандлагатай холбоотой боловч тэрхүү түрэлтэд хөл алдан балмагдах нь тухайн утгыг илэрхийлж болох төрөлх хэл, соёл, түүнийг үүсгэн бүрэлдүүлэгч сэтгэлгээний цар хүрээг шахамдуулан боомилж, тусгаар үндэстний хувьд нийтээр хэрэглэвэл зохих зарим үг хэллэгийг эцсийн замд нь үдэх хэмжээнд хүрдэг билээ. Тиймээс бид “мифологи”-ийг “домогчлол” хэмээн нэрийдэж, хөтөл үзлийн хэмжээнд өргөмжилж байгаа билээ. Хэдийгээр Монголын гүн ухааны судалгаанд иймэрхүү цухас оролдлого ажиглагдаж, түүнийгээ “домоглол” хэмээн цохож байсан нь бий боловч “домоглох” гэсэн утга нь эдүгээ “уг зүйлсийг ор нэрийн төдий үйлдэх” гэсэн илэрхийллийг агуулахад хүрдэг тул чухам оновчтой томъёолол бус хэмээн найдаж дээрх хувилбараар хэрэглэсэн билээ. Монгол хэлэн дэх “домог” буюу <<do-ma-g...энэ үг нь da-m (дам), da-m-zi- (дамжих) гэсэн үгнээс үүсэлтэй ба...”хоёр юмыг холбож ядах-юмс үзэгдлийн учрыг холбож ядах-тайлбарлах” гэсэн утгатай юм...Тэгвэл “do-ma\u-g” гэдгийн “do” нь давхар-холбох-уул юм, уран санаа хоёрыг холбох, “ma\u” нь байж болох юм, “g” нь өчүүхэн төдий бий болсон юм гэсэн утгаас бүтсэн>> тул “домогчлол” гэх нэр томъёо нь юмс үзэгдэл, үйл явцын хоорондох учир холбогдлыг ухааран тайлбарлах гэсэн манай үндэстний сэтгэлгээний нэгэн хувилбар мөн бөгөөд нийтийн ахуй соёлд өргөн хүртээмжтэй, аж төрөл, ухамсар сэтгэлгээний уг үндэс, илрэх хэлбэрийн үндсэн төрөл зүйл мөний хувьд хөтөл үзэл хэмээн тодорхойлогдох боломжтой юм. Аль ч төрлийн шинжлэх ухааны судалгаа хөтөл үзэлгүйгээр явагдах боломжгүй байдгийн адилаар Монголчуудын гүн ухааны судалгаа хараахан хангалттай хэмжээнд хүрч амжаагүй байгаа нь түүний язгуур гарал үүслийн нэг болсон домогчлолд хөтөл үзлийн байр сууринаас хандаагүйтэй зарим талаар холбоотой байж болох юм. Манай гүн ухааны судалгаанд нэгэнтээ домогчлолд онцгой анхаарал хандуулаагүй учраас түүнийг нарийвчлан судлаж, зарчим, ойлголтуудыг нягтлан боловсруулаагүйгээс гадна түүний судлал нь аман зохиол, хэл судлалын хүрээнээс хараахан ангижирч чадаагүй байгаа бөгөөд гүн ухааны агуулгаар судлахдаа хүн төрөлхтөний сэтгэлгээний хамгийн дорой буурай шат, гэнэн болхи ухаарал бүхий ертөнцийн дүр зураг гэх агаад хөгжлийнхөө тодорхой шатанд хүрээд байр сууриа шинжлэх ухаанч үзэл баримтлалд алдан эдүгээ мөхсөн мэтээр хандах хандлага давамгайлж буй билээ. Гэтэл домогчлол нь зөвхөн түүхийн тодорхой үе шатанд зохих утгаараа хэрэгжээд үеэ өнгөрөөсөн болхи ухамсрын илрэл төдий биш хүний оршин ахуй бүхий л цаг үед салшгүй дагалдах утгын өвөрмөц илэрхийлэмж, сэтгэлгээний устаж арилшгүй язгуур чанарын нэг мөн бөгөөд Монголын гүн ухааны сэтгэлгээг танин мэдэхэд ямагт шаардагдах тулгуур мэдлэгийн тогтолцоо гэж үзэхэд хүргэж байгаа билээ. Ийм байр сууринаас домогчлолд хандах нь түүний Монголын гүн ухааны тогтолцоонд эзлэж буй байр суурь, үүрэг, ач холбогдлыг оновчтой тодруулахад ихээхэн хувь нэмэртэй

Page 13: Mongoliin Gun Uhaanii Baihui

төдийгүй түүнийг зөвхөн гүн ухааны зарим нэгэн илрэл төдий хөнгөн хуумгай үзэл санаа гэж үзэх бус харин ч гүн ухааны тогтолцоон дахь биеэ даасан хөтөл үзлийн хэмжээнд дүгнэх боломжтой болох юм.

1.1.1.2. Сэтгэлгээний зарчим, хандлага Домгийн сэтгэлгээний үндсэн гол арга нь “хүмүүнчлэн-хүнийсгэх” зарчимд тулгуурлана гэж үзсэн байдаг. Хүмүүнчлэхүй нь домгийн сэтгэлгээний мэдрэхүй, төсөөлөхүйн шинжийг, хүнийсгэхүй нь хийсвэрлэн сэтгэхүйн талыг бүрдүүлдэг болой хэмээн Монголын философийн түүхийн I ботид өгүүлсэн билээ. Сэтгэлгээний хэлбэр талаас нь ийнхүү тодорхойлохыг үгүйсгэх аргагүй боловч тэрхүү хэлбэрийг бүрэлдүүлж буй зарчмыг хараахан ийн томъёолж болохгүй гэж санана. Бидний баримтлаж буй арга зүйн хандлагаар үзвэл домогчлолын сэтгэлгээний хэв шинжийг тодорхойлдог бөгөөд түүнийг бүрэлдүүлэгч үндсэн зарчмуудыг 1. Амьдчилал, 2. Ер бусчилал, 3. Зохирол гэсэн байдлаар томъёолж байна. Эртний Монголчууд орчлон ертөнцийн бүхий л үйл явц, үзэгдэл юмсыг “амь”-тайгаар төсөөлж, тэдгээртэй чин сэтгэлийн угаас гүн хүндэтгэлтэй харилцдаг байлаа. Нэгэнт “амь” буй учраас гадаад үзэгдэх байдлынхаа адилаар хэнд ч шууд ойлгогдох аргагүй “ер бус”-ын чанартай гэдгийг учир зүйн үүднээс ухаарч, тэдэнтэй нэгдэн амьдрахад ямагт “зохирол”-ын үзэл санааг тулгуур болгож байжээ. Дээрх зарчмууд нь тухайн үеийнхээ сэтгэлгээний орон зай дахь олон арван зарчмын дундаас харилцан нэгдэж аливаа утгыг илэрхийлэх “багаж хэрэгсэл” болж чадсан хувьдаа домогчлол гэж нэрлэхүйц хэв шинжийг үүсгэн, Монголын гүн ухааны анхдагч хөтөл үзлийг бүрэлдүүлжээ. Домогчлолд хандахдаа түүнийг гэнэн, болхи, төөрөгдсөн, зөгнөсөн гэх зэргээр эдүгээчлэн юм уу, хөндлөнгийн байр сууринаас дүгнэх нь шинжлэх ухаанч ёс зүйд үл нийцнэ. Чухамхүү домогчлолын утга санаа та бидний баримтлаж буйтай адилгүй байгаа нь түүний хөгжлийн сул доройгоос бус сэтгэх арга барил, зарчмын ялгаанаас хамаарч байгаа бөгөөд хэрвээ нөгөө өнцгөөс харвал бидний үзэл санааны агуулга ямар ч үнэ цэнэ, уялдаа холбоогүй мэтээр төсөөлөгдөх болно. Ийм зүй тогтол түгээмэл бөгөөд <<...тэрээр ямар ч дэвшилтэт шинжтэй байсан, яаж ч үндэслэлтэй төлөвшсөнөөс үл хамааран аливаа парадигмын харьцангуй мөн чанарын тухай нарийн санаж байх хэрэгтэй. Түүнийг бодит байдлын тухай үнэнтэй хольж хутгах хэрэггүй юм... Парадигмын нөлөөн дор ямар нэг тодорхой салбарын шинжлэх ухааны бүхий л үндэслэлүүд гүнзгий дахин тодорхойлолтод ордог байна. Ингэхдээ өмнө нь гол гэж байсан зарим асуудлууд шинжлэх ухааны бус хэмээн зарлагдаж болох ба бусад нь өөр салбарт шилжих тохиолдол ч бий. Эсвэл үүний эсрэгээр өмнө нь байгаагүй зарим нэг асуудлууд гэнэт шинжлэх ухааны чухал сонирхлыг төрүүлж болох юм.>> Бидний эдүгээ дийлэнхээр баримтлаж буй болон домогчлолын хөтөл үзлийн хоорондох асуудлын мөн чанар, үнэ цэнийн тухай ойлголт ийм байдлаар л тайлбарлагдах боломжтой. Тиймээс бид аль нэгэн хөтөл үзлийн гэнэн болхийг олж шүүмжлэхэд биш түүний мөн чанар, зарчмуудыг олж тодорхойлж, уг арга барилаар нь сэтгэж, зохих байр суурийг нь танин мэдэх ёстой. Эдүгээгийн физикийн шинжлэх ухааны мэдээ баримтад тулгуурлавал хөтөл үзлийг судлах арга зүйн удирдамж нь нейроквантын төлөвийн өөрчлөлтийг л олж мэдэхэд чиглэгдэх байх. Нейроквантын нэг төлөв нөгөө төлөвтэйгээ харилцан адилгүй солонгон цацраг үүсгэдэг тул уг хөтөл үзлийг төлөвшүүлсэн нейроквант төлөвийн мэдээллийг чухам тийм төлөвийн хэлбэлзлээр л олж танина гэдэгт итгэж байна. Сэтгэлгээний зарчмуудын дээд эрэмбийн тодорхойгүй төлөв нь дахин шинэ хөтөл үзэл бүрэлдэн төлөвших язгуур нөхцөл мөн бөгөөд түүний хөгжил шугаман бус гэдрэг тэтгэлтэт гогцоо үйлийн зарчмаар явагдана. Тийм учраас хөтөл үзлүүдийн үүсэл мөхлийг түүхэн цаг хугацааны дэс дараагаар шууд оноон тодорхойлох боломжгүй. Домогчлол нь энэхүү шинжийн улмаас хэдийгээр түүхэн цаг хугацааны хувьд эртний үед зонхилон хамаарах боловч хамгийн гэнэн урсгал сэтгэлгээний ул мөр гэсэн дүгнэлтээс заавал ангижрах болно. Домогчлолын гүн ухааны агуулгын талаар өгүүлэхийн тулд өмнө нь бид уг ойлголтоор Монголчуудын аман зохиолын бүх төрөл хэлбэрийг, мөн урлаг, соёл, аж төрлийн цар хүрээг ч

Page 14: Mongoliin Gun Uhaanii Baihui

зайлшгүй хамруулж ухаарах ёстой болохыг нэгэнтээ дурьдсаныг нэхэн санах нь зүй. Энэ талаар академич Ч.Жүгдэр <<...практик бол ертөнцийг үзэх эрүүл саруул үзлийн үндэс байж, тийм үзэлд аяндаа хөтлөн хүргэдэг боловч, басхүү оюун ухааны зохих хэмжээний нэгтгэн дүгнэсэн мэдлэгийг зайлшгүй шаарддаг юм. Тэр шаардлагыг эрт цагт аман зохиол ханган биелүүлж байсан, нөгөөтэйгүүр ертөнцийг тусгах аман зохиолын хэлбэр бол философийн (гүн ухааны судлалыг хэлжээ. Б.Б.) үндэслэл үүссэнээр үгүй болдоггүй, харин ч ертөнцийн ба амьдралын тухай сэтгэхүйн нэг элемент болон түүний дотор хутгалдаж байдгийг шинжлэх ухаан тогтоосон билээ>> гэжээ. Эндээс үзвэл аман зохиол, түүний утга чанарын үндэс болсон домогчлол нь хэвшмэл арга зүйн баримтлалаар эрт цагийн хүмүүсийн гэнэн төсөөлөл төдий байсан бөгөөд <<хүн төрөлхтөний гэнэн балчир насны мянга түмэн “яагаад?” гэсэн асуултанд үнэн зөв хариу шийд гаргах хүмүүсийн танин мэдсэн мэдлэг, бодох сэтгэхүйн хөгжил, үйлдэн бүтээх үйлдвэрлэлийн ахиц цөм дутагдаж, харин тийм ийм болов уу гэж таамаглах, битүүдээ ойртуулах, төсөөлж ургуулан бодох нь их байжээ. Ийнхүү танин мэдэхсэн гэсэн хүсэл буюу хэрэгцээ шаардлага, тийнхүү танин мэдэх бодитой бололцоо хоёрын зөрчлийг илтгэн тэр эрт цагийн анхны хүмүүс хамаг сонин учир шалтгааныг санаанаасаа ургуулан бодсоноороо үлгэр домог зохион тайлбарладаг байжээ. Ингэж санаанаас зохиосон зүйл нь тэдэнд яг л үнэн бодитой зүйл шиг санагддаг байсан>> юм. Харин Өвөрмонголын эрдэмтэн Г.Мөнх Монголын гүн ухааны уг үндсийг судлахдаа аман зохиолын арвин баялаг сангаас уудлан эрэх нь зүйтэй болохыг цохон тэмдэглэсэн билээ.

1.1.1.3. Товч агуулга Домогчлолын гүн ухааны агуулгын талаар ярихдаа юуны өмнө түүний хамгийн гол төрлийн нэг болсон домог-үлгэр(миф)-ийн жишээг сонгон авах нь зүйтэй. Монгол домог-үлгэрийн сэдэв нь орчлон ертөнц, од эрхис, амьтан ургамлаас аваад хүний нийгмийн хөгжлийн соёл иргэншлийг хүртэл маш өргөн хүрээтэй олон зүйлийг хамарч байна. <<Домог-үлгэрийн ерөнхий нийтлэг шинж чанар бол аливаа зүйлийн учир зүйг тайлбарлах, түүнд хариулт өгөх гэсэн зорилттой байдаг юм.>> Энэхүү зорилтоо биелүүлэхдээ <<орчлон ертөнц, хүний нийгмийн юмс үзэгдэл тэргүүтэнг танин мэдэж тайлбарлах эртний хүний эрмэлзлэлийг тусгаж аяндаа ухамсаргүй, уран сэтгэмжээр зохиогдсон>> юм уу, <<мэдлэгийн эсрэг туйлд домог үлгэр зэрэг багтана>> гэсэн тодорхойлолтуудыг гүн ухааны зүгээс хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд харин домогчлол, түүний нэгэн төрөл зүйл болох домог-үлгэр нь хүн ухамсар сэтгэхүйт субъект болохынхоо хувьд орчлон ертөнц, байгаль нийгэмд хандсан болон өөр хоорондоо харилцсаны үр дүнд үүсэн бий болсон утгын цогц юм. Үүний нөгөө талд хэдий ухамсаргүй аяндаа, хар зөнгөөрөө бүтээгээгүй ч гэлээ түүнийг тодорхой зохион байгуулалттайгаар ямар нэгэн онол, арга зүйг батлах юм уу, хэрэгжүүлэх гэж хэсэг бүлэг хүмүүс санаан зоргоороо загварчлан бүтээгээгүй болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй бөгөөд хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад сэтгэлгээний болон илэрхийлэх арга хэрэгслийн нэгэн ижил хэв маяг, танин мэдэхүйн адил түвшний нөхцөл байдлаас урган гарсан оюун санааны идэвхитэй үйлийн бүтээгдэхүүн мөн юм. Ийм шинжээрээ домогчлол нь нийгмийн аль нэгэн анги давхраа, ажил мэргэжил, нутагшилтын ямарваа нэг нийтлэгийн ашиг сонирхлыг тусгаж явцуу цар хүрээнд хэрэгждэггүй бөгөөд Монгол үндэстний сэтгэлгээний түгээмэл зарчмуудыг агуулж, хүн бүхэнд хүртээлтэй өргөн далайц, язгуур мөн чанарыг илэрхийлэх болжээ. Домогчлолын хөтөл үзэл нь ийнхүү Монголын гүн ухааны язгуур сэтгэлгээ болохынхоо хувьд түүхийн туршид баяжин боловсорсоор ирсэн бөгөөд бусад хөтөл үзлүүдтэй нийлэгжин холилдох явдал байнга гарч байжээ. Энэ нь хөгжлөөр сул дорой, гэнэн төсөөлөл учраас тэдэнд байр сууриа алдаж байгаа хэрэг огтхон ч бус төдийгүй Монгол хүний оюун санаанд гүн гүнзгий суурьшин нэвчиж, түүгээр дамжуулалгүйгээр бусад хөтөл үзлийн ойлголт, ай (категори)-г оновчтой ухаарах боломжгүйг харуулж байна хэмээн дүгнэж болох юм. Зөвхөн Монголчууд гэлтгүй аль ч улс үндэстний домогчлолын сэтгэлгээ ийм түгээмэл шинжтэй бөгөөд К.Марксын тодорхойлсноор Грекийн домог-үлгэр нь зөвхөн урлагийн өв санг уламжлан хадгалсан төдийгүй түүний шимтэй хөрс нь болсон байдаг.

Page 15: Mongoliin Gun Uhaanii Baihui

Домогчлолыг агуулгын хувьд ангилж үзвэл 1. Сав ертөнц 2. Шим ертөнц 3. Хүн ертөнцийн (хүнийг онцгойлов) гэсэн гурван үндсэн хүрээнд хамрагдах бөгөөд сав ертөнцийн тухай сэдэв нь а/ дэлхий, түүний үзэгдэл юмс, б/ Дэлхийгээс бусад гариг эрхис, орчлон ертөнцийн үзэгдэл юмс, үйл явцыг өгүүлснээрээ ангилагдах бол шим ертөнцийн сэдэв нь а/ Ургамал, б/ Амьтан гэсэн үндсэн агуулгуудыг хөндөж байхад харин хүн ертөнцийн сэдэв нь а/ Хүн, нийгэм, б/ Соёл, иргэншил гэсэн хэсгүүдэд салбарлаж байдаг. Домогчлолыг (юуны өмнө домог-үлгэрийн жишээн дээр) гүн ухааны үүднээс судлахад зөвхөн дээрхи сэдэвчилсэн ангилал хангалтгүй бөгөөд агуулгын ангилал хийх шаардлагатай. Уг ангиллыг тодруулбал юуны өмнө аливаа юмс үзэгдэл, үйл явцын а/ Үүсэл гарлын тухай б/ Шинж чанар, онцлогийн тухай в/ Жам ёс, зүй тогтлын тухай агуулгууд түгээмэл ажиглагдаж байна. Домогчлолын энэхүү агуулгын ангилал нь үнэмлэхүй тусдаа хэрэгждэг бие даасан төрөл зүйл бус бөгөөд нэгэн өгүүлэмжид дэс дараалан, учир шалтгааны уялдаа холбоотойгоор илрэн гарч байдаг. Олонхи тохиолдолд <<домгийн сэтгэлгээ бол ямар нэг үзэгдлийн дэс дарааллын хувьд түрүүлж болсныг нь түүний дараах үйл явдлын шууд шалтгаан болгодог онцлогтой>> тул тухайн үзэгдэл юмс, үйл явцын үүсэн гарсан учир шалтгаан, харилцааны хандлага нь түүний гадаад төрх хэлбэрээс авахуулаад дотоод мөн чанарыг бүрэлдүүлэх шинж, онцлогийг бүтээх бөгөөд мөн хувьсал хөгжлийн жам ёс, зүй тогтлыг тодорхойлох хүчин зүйл нь болж байдаг. Домогчлолын мөн чанар нь орчлон ертөнцийг танин мэдэж чадаагүй хүмүүсийн төөрөгдөл бус, харин түүнийг ухаарсан утга мөн бөгөөд түүний илэрхийллийн хамгийн гол хэв маяг нь аман зохиол болсон юм. Ийм шинжийнх нь улмаас түүнийг эртний нийгмийн үеийн “шинжлэх ухаан”, “мэдлэгийн цогц” гэсэн тодорхойлолтыг ч хийсэн судлаачид байдаг билээ. Зөвхөн домог-үлгэр төдий бус домогчлолын цар хүрээн дэх аливаа төрөл зүйлүүдэд ийм утга агуулга нэвт шингэсэн байдаг билээ. Үүсэл гарлын тухай агуулгыг домогчлолд: а/ Ямар нэгэн туурвигч баатрын (тэнгэр г.м.) идэвхи зорилгот үйл ажиллагааны, б/ Өөрийн хувьсал хөгжлийн үр дүнд гэсэн хоёр үндсэн үзэл баримтлалын үүднээс илэрхийлсэн байх бөгөөд ингэхдээ гол төлөв дээрх хоёр агуулга нэгдмэл шинжээр цуваа цагийн хэлхээнд оршиж байна гэж үзэх үндэстэй. Дэлхий, од эрхис, түүн дээр оршигч аливаа үзэгдэл юмс, үйл явц нь заавал ямар нэгэн бүтээгчийн оюун санааны идэвхийллийн үндсэн дээр бодит үйл ажиллагаагаар дамжин үүсэн бүрэлдсэн байхад түүнийг бүтээж буй субъект нь өөрөө үүдэж буй болсон байдаг. Хэдийгээр нилээд тохиолдолд ертөнцийг туурвигч баатар (тухайлбал шувуу) нь чухам ямар гарал үүсэлтэй нь тодорхойгүй байдаг боловч тэр нь түүний уг гарлыг зарчмын хувьд өөрөөр батлан тогтоож чадаагүй цагт Монгол домог зүйн орчил агуулгад тулгуурлан хийсэн дээрх дүгнэлтийг няцаах хангалттай үндэслэл болж чадахгүй юм. <<Монгол домог зүйд тэнгэрийн тодорхойлолт нь “өөрөө үүтэгсэн, бүтэгсэн” гэх бөгөөд ... ертөнц тогтохоос өмнө язгуур төлөвийг Монгол домогт ямар нэгэн эмх замбараагүй хуйларсан харанхуй юмаар дүрсэлсэн байдаг>> нь эцсийн дүндээ орчлон ертөнцийн юмс, үзэгдлийн нэгдмэл учир шалтгаан, уялдаа холбоог илэрхийлж буй хэрэг төдийгүй тэдний уг мөн чанар нь дээд эрэмбийн тодорхойгүй (хаос) төлөвөөс гаралтай болохыг ухамсарлан таньсаны гэрч мөн. Домогчлолын агуулгад ажиглагдаж байгаа үүсэл гарлын тухай өгүүлэмжийн нэг онцлог бол орчлон ертөнцийн дэлхий төвт сэтгэлгээ юм. Ертөнцийг туурвин бүтээгч нь дэлхийг үүсгэн буй болгосны дараа сая түүнийг өдөр, шөнөд гэрэлтүүлж байх зорилгоор нар, сарыг огторгуйд бүтээж байдаг нь (энэ нь олон хувилбартай ба зарим тохиолдолд хүн өөрийн гараар дархлан бүтээсэн, эсбөгөөс хүмүүс эхэндээ өөрсдөө гэрэлтдэг байгаад хожмоо гэрэлгүй болж, тэдгээрийг нь нэгтгэн нар болгосон гэх мэт өгүүлэмж ч бий) нэгдмэл ертөнцийн өчүүхэн нэгэн эд эс болсон хүн, түүний “гэр орон” болох дэлхийн онцгой ач холбогдол, байр суурийг тодруулж өгснөөрөө жирийн нэгэн зэгснээс ялгарах утга, үнэ цэнийг бүрэлдүүлэн төлөвшүүлж

Page 16: Mongoliin Gun Uhaanii Baihui

эрхэмсэг оршихуйн үзэл санааны түшиг тулгуур болсон нь нийгмийн хөгжил, соёлын амьдралд гарсан томоохон ахиц дэвшил, ололт амжилт байсан юм. Нар, сар болон бусад од эрхис хүний үйл ажиллагааны үр дүнд үүсэн бий болох агуулга түгээмэл ажиглагдаж байгаа нь хүн уг чанараараа үнэмлэхүй чадвар эзэмшиж байдаг гэсэн үзлийг нотлосон хэрэг бөгөөд нэн ялангуяа дорой буурай, зэрлэг бүдүүлгээс соёлт хөгжингүй нийгэмд шилжих тухай өгүүлэмжийг бараг огт агуулдаггүй нь домогчлолын сэтгэлгээн дэх хүн, нийгмийн хөгжлийн тухай үзэл баримтлалын онцлогийг илэрхийлж байна. Энэхүү онцлогоор хүн нь ямар нэгэн завсрын төрөл зүйл, үе шатыг дамжилгүй шууд уугуул мөн чанараа хадгалан бий болсон бөгөөд тэр чанараараа өөрийн бүтээгчийн хүчин чадлын тодорхой хувийг төрөлхөөс эзэмшсэн юм. Тиймдээ ч түүний үйл ажиллагааны үр дүн огторгуйн эрхсийг бүтээн бий болгох хэмжээнд тодорхойлогдож байгаа бөгөөд зарим талаар тэрхүү чадвар онцгой байр суурь нь хүний өөрийн зохисгүй үйлдлийн улмаас доройтож байгаа тухай үзэл санаа илэрч байдаг. Тухайлбал, хүний хурд буурсан тухай, хүн гэрэлгүй болсон тухай зэргийг дурьдаж болно. Хүн хэдийгээр орчлон ертөнцийн хувьд ийм онцгой байр суурьтай боловч газар дэлхийн хувьд ямагт хоёрдогч байр суурийг эзлэдэг. Туурвигч баатар газар дэлхийг бүтээсний эцэст түүн дээр амьдралыг буй болгож хүн, болон амьтан, ургамлын зүйлүүд боловсорсон бөгөөд хэзээ ч хүнийг оршин амьдруулахын тулд газар дэлхийг түүний өмч болгон бүтээж өгөөгүй юм. Ийм агуулга Монголчуудын сэтгэлгээний язгуур онцлогт цаг ямагт хадгалагдаж ирсэн бөгөөд өөрөөсөө илүү малдаа санаа тавих, газар дэлхийгээ шүтэх зэрэг соёлын түгээмэл хэм хэмжээний үндэс болжээ. Магадгүй энэ нь хам цагийн хувьд ертөнцийн хосмол үүтгэл болж байдаг тэнгэр, газар хоёрын цуваа цагийн хамаарлыг илтгэж байж болох юм. Эрдэмтэн С.Дулам эртний Монголчуудын аж төрлийн хөгжлийн зүйд тулгуурлан <<...Монгол домог зүйн хоёр гол хүрээ нь газар, тэнгэр хоёр байдаг бөгөөд агнуурын үеийн домог зүйд газар гол үүрэгтэй байсан бол мал аж ахуйн үеийн домог зүйд тэнгэр гол үүрэгтэй болсон байна>> гэсэн дүгнэлттэй уялдвал хүн анх өөрийн “орон гэр” болсон газар дэлхийгээ танин мэдэж, түүнийг өөрийн эх үүтгэл хэмээн шүтэн биширч байсан нь оюуны хөгжлийн явцад лавшран гүнзгийрч, газар дэлхийн гарал үүслийг оноон танихыг эрмэлзэж, түүнийхээ үр дүнд тэнгэрийн тухай үзэл баримтлалыг боловсруулан жирийн нэгэн ойлголтын хүрээнээс хальж, айн хэмжээнд хүргэжээ. Тэнгэрийн тухай үзэл агуулгад нь нэвтэрснээр домогчлолын утга, мөн чанар огтхон ч алдагдаагүй бөгөөд харин ч нэгдмэл бүтэц, орчилт өгүүлэмжийн цар хүрээг тэлж, цаашид хөтөл үзлийн шинэ төлөвт шилжин орох уг үндсийг ул суурьтай төлөвшүүлсэн юм. Ийм нөхцөлд хүний байр суурь ганхан доройтоогүйгээр үл барам зөвхөн газар дэлхийн хэмжээнд бус ертөнцийн цар хүрээг хамарсан өргөн уудам агуулгатай болж хүний танин мэдэхүй, биет үйл ажиллагааны шинэ шинэ сэжмүүдийг нээх нөхцөл бүрэлджээ. Харин чухамхүү хүний мөн чанарын тухай ойлголт шинэчлэгдэхдээ нэг талаас хүн шууд тэнгэрийн зорилгот үйл ажиллагааны бүтээл, нөгөө талаас тэнгэр гаралт юмс үзэгдлийн үр дүн (жишээ нь, хад чулуунаас хага тусан гарч ирсэн гэх) тэнгэрлиг, ер бусын хүчин чадал бүхий мөн чанартай хэмээх ойлголт болон төлөвшжээ. Гурван ертөнцийн тухай ойлголт ч нэгдмэл ертөнцийн харилцан үйлчлэлийн үр дүнд тогтож байгаа бөгөөд тэнгэрээс үүдэлтэй “эрлэг”-ийн (үүнийг хойно дэлгэрэнгүйгээр үзнэ үү) үйл ажиллагаа нь эцсийн дүндээ доод ертөнцийг буй болгож байгаа нь домогчлолын язгуур агуулгаар бол туйлын эсрэг, тэсрэг (нэг нь бүтээгч, нөгөө нь түйвээгч гэх мэт) мөн чанарын илэрхийлэл бус, харин ёс суртахууны үзэл баримтлал, түүний зөрчлийг илэрхийлж байдаг. Эртний Монголчуудын ёс суртахууны үзэл баримтлалын уг үндэс нь домог-үлгэрт гүнзгий агуулгаар холбогдож байдаг боловч түүний нарийвчилсан хэм хэмжээнүүд төдийлөн тусгагдаагүй бөгөөд тэр нь домогчлолын цар хүрээн дэх зүйр цэцэн үгсийн төрөлд маш дэлгэрэнгүйгээр илэрхийлэгдсэн байдаг юм. Домог-үлгэр дэх хүний мөн чанарын үндсэн дээр ёс суртахууны гол агуулга тодорхойлогдох бөгөөд тэрхүү мөн чанарыг цэврээр нь ёс суртахууны эхлэл цэг буюу тодорхойгүй төлөв (нейтраль төлөв) хэмээн тооцож болох ба түүнийг хүн үзэл санаа, үйл ажиллагаагаараа батлан хэрэгжүүлэх юм уу, доройтуулан бууруулснаар ёс суртахууны эерэг, сөрөг үнэлэмжүүд илрэн гарахад хүргэнэ.

Page 17: Mongoliin Gun Uhaanii Baihui

Монголын домогчлолын хөтөл үзэлд үүсэл гарлын тухай үзэл баримтлал нь ийнхүү нэг гол агуулгаараа орчлон ертөнцийн аливаа юмс үзэгдэл нэгэн туурвигчийн бүтээл байдгаараа телеологи үзэлтэй адил төстэй мэт санагдавч Мөнх тэнгэр гэх мэтийн туурвигч эзний хүсэл зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд амьдралын ухамсарт үйл явц явагддаггүй бөгөөд харин дээрх байдал нь дараа дараагийн хөтөл үзлүүдийн агуулгад тийм байдлаар төлөвшин боловсрох эх үндэс нь болж өгчээ. Домогчлолд тэнгэр нь үүсгэн бүтээгчийн агуулгаас өөр байр суурийг төдийлөн илэрхийлдэггүй бол бөөгийн хөтөл үзэлд шилжихдээ аливаа бүхний эзэн, хувь заяаг батлан даагч, түүнд хэрхэн хандсанаар эерэг, сөрөг үр дагавар учруулж байдаг аугаа үнэмлэхүй хүчин бөгөөд түүний ивээлийг олохын тулд хүн үйл ажиллагаагаа зохицуулах шаардлагатай болдог билээ.

1.1.2. Үндсэн ойлголтууд Домогчлолын хөтөл үзэлд ийнхүү байхуйн тухай (метафизик) асуудал нэн дэлгэрэнгүй хөндөгдсөн бөгөөд түүний агуулгыг товчлон үзэж, нэгтгэн дүгнэвэл дараах үндсэн ойлголтуудыг олж харж болохоор байна. Үүнд:

1.1.2.1. Этүгэн Этүгэн нь домогчлолын хөтөл үзлийн хувьд хамгийн анхны туурвигч баатар субстанци бөгөөд түүний хайр ивээл, хүчин чармайлтаар амьдрал, түүн дотроо хүн төрөлхтөн үүсэн бий болсон билээ. Этүгэний анхдагч дүр нь шувуу зэрэг онго амьтан байсан ба тэр нь эр, эм хүйсийн шинж чанаруудыг өөртөө хамтатган агуулсан байдалтай байсан бол домогчлолын хөтөл үзлийн сүүл үеэр зөвхөн эм хүйсийн шинж чанарыг түүнд хамааруулан ухаарах болсон байна. Этүгэнийг үнэмлэхүй анхдагчаар төлөөлүүлэн ухаарч байсан үед хавтгай хэмжээст дэлхий төвт ертөнцийн дүр зураг хүмүүсийн оюун санаанд төлөвшин тогтжээ. Дүрчлэлийн хувьд этүгэнийг эмгэн настай хүнээр төлөөлүүлэн ойлгох болсон байна. Газар дэлхий нь анх үүсэн бүрэлдээгүй цагтаа усаар бүрхмэл байсан гэж үзсэнээр түүний уг мөн чанарыг усаар илэрхийлж, тэр нь дорно дахины таван махбодын сургаалтай хожмоо утга санаа нь ижилсэж буддын домогчлолын сэтгэлгээ мэт ухаарагдах болжээ. Этүгэн бол газар дэлхийн онго-сүнс гэсэн утгаар ойлгогдох бөгөөд түүний амьдчилан дүрчилсэн хэлбэр юм.

1.1.2.2. Тэнгэр Домогчлолын хөтөл үзэл дэх тэнгэрийн тухай ойлголт нь этүгэний утга санаанд үндэслэж төлөвшсөн бөгөөд энэ хоёр ойлголт хосоороо ертөнцийн анхдагч субстанциуд болон эр, эм хүйсийг төлөөлөн илэрхийлэх болжээ. Дүрчлэлийн хувьд ахмад настай эрэгтэй буюу эцэг хүний хэлбэртэй бөгөөд эхлэл үүсгэл, мөхөл төгсгөл үгүй шинж чанартай мөнхийн субстанци юм. Ийм агуулгаараа хожмын тэнгэрийн тухай ойлголтуудыг улам улмаар боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлсэн бөгөөд чухамдаа Монголчуудын гүн ухааны хамгийн түгээмэл ойлголт болсон билээ. Тэнгэрийн тухай ойлголт Монголчуудын гүн ухааны сэтгэлгээнд хослож, улмаар давамгайлах болсноор дэлхий төвт ертөнцийн дүр зурагт босоо хэмжээс нэмэгдэн орж иржээ. Домогчлолын сүүл үед тэнгэр нь газар дэлхийг бүтээсэн, этүгэнээс ч илүү анхдагчийн байр сууринд тавигдах болжээ. Тэнгэр нь орон зайн хувьд огторгуйн цаад талд оршдог бөгөөд түүнийг эзэмшин захирдаг. Домогчлолын сэтгэлгээн дэх “тэнгэр” ойлголт нь байгаль дахь харагдаж буй тэнгэрийн уг мөн чанар, сүнс нь бөгөөд тооны хувьд цорын ганц байснаа хүнчлэн дүрслэх болсноор нийгмийн шинжийг агуулах болж, харилцан биенээ захирдаг, хоорондоо харилцдаг олон тооны тэнгэрийг бий болгож, энэ нь бөөгийн хөтөл үзлийн тэнгэрийн тухай үзэлд тулгуур болсон юм.

1.1.2.3. Бурхан Монголчуудын домогчлол дахь энэхүү ойлголт нь хожмын буддын гүн ухааны “бурхан” хэмээхээс ихээхэн өөр утга агуулгатай бөгөөд ертөнц болон хүн, нийгэм, соёлыг үүсгэсэн “өвөг дээдэс” буюу тэнгэрсийн бүтээлч хүчний нэрийтгэл мөн юм. Энэ бурхан гэх ойлголт нь нилээд хожмоо буюу бөөгийн олон тэнгэрийн тухай ойлголт эхний утгаараа төлөвшиж эхлэсэн үед

Page 18: Mongoliin Gun Uhaanii Baihui

домогчлолын сэтгэлгээнд дэлгэрсэн байж болох магадлалтай бөгөөд бусад тэнгэрээс хамгийн анхдагч бүтээгч тэнгэрийг ялган нэрийдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Мөн түүний зэрэгцээгээр зөвхөн бүтээгч өвөг дээдэс төдийгүй газар дэлхийн онгод сахиусны агуулгаар ч ухаарч байсан ба уул ус, хайрхдад тэрхүү “бурхан” оршдог хэмээх үзэл илэрч байдгаас нь уг ойлголтыг их эртний, анхдагч зүйлийг тэмдэглэсэн болохыг олж харж болно.

1.1.2.4. Огторгуй Эртний Монголчуудын цаг хугацаа, орон зайн үзэл баримтлал эндээс илэрч харагддаг бөгөөд огторгуй нь ухагдахууны утгын хувьд “хоосон” гэсэн агуулгыг илэрхийлэх ба наран, саран, од эрхис орчин хөдлөхийн тулгуур нөхцлийг бүрэлдүүлэгч байхын хамт тэнгэрийн орон, хүний ертөнцийн хооронд оршдог ажээ. Огторгуй оршин буйн тул юуны түрүүнд од эрхисийн зүг чиг, хөдөлгөөний шинж чанарууд бүрэлдэх бөгөөд түүгээр цаг хугацааг тооцох боломжтой болно. Домогчлолын үзэл ёсоор хүн хийж гүйцэтгэсэн үйлийнхээ үр дүнд огторгуйн наран, саран гэх мэтчилэн ямар нэгэн эрхис болон хувирах боломжтой боловч хэрхэвч тэнгэрийн оронд хувилж төрөхгүй байдаг юм. Огторгуйн салшгүй шинжүүд нь дээр дурьдсан гариг эрхис байх ба түүнгүйгээр огторгуйг ухаарах аргагүйн зэрэгцээ тэд нь цөм хүнтэй адил ажил амьдрал, үйл хэрэгтэй байдаг.

1.1.2.5. Эрлэг Эрлэг гэдэг нь газар дэлхийг бүтээсэн тэнгэрсийн нэг нь мөн бөгөөд гагцхүү бүтээгч тэнгэрсийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн газар дэлхийг цоолж харанхуй оронд орж амьдрах болсон эмгэнэлт хувь заяатай баатар юм. Энэ ойлголтоор эртний Монголчууд ертөнцийн гурван үе давхарга бүхий босоо хэмжээст дүр зургийг сонгодог хэмжээнд хүртэл боловсруулсан байна. Мөн Эрлэг нь ёс суртахууны үзэл баримтлалын хамгийн том төлөөлөл болон илэрхийлэгдсэн бөгөөд зөрчилтэй үзэл санааны харилцааны үр дүнг эрлэг, тэнгэр хоёрын дүрээр төлөөлүүлэн харуулж, сайн ба муугийн тухай ойлголт нь туйлын объектив шинжтэй биш, харин хүмүүсийн үнэлэмжээс шалтгаалдаг болохыг илрүүлэн гаргажээ.

1.1.2.6. Хүн Монголчуудын домогчлолын хөтөл үзэлд хүний гүйцэтгэх үүрэг, үнэ цэнийн тухай асуудал боловсрон хөгжсөн юм. Эхэн үедээ хүн энэ ертөнцөд хоёр дахь (этүгэний дараа) чухал байр суурийг эзлэх болж тэнгэр, од эрхис, огторгуй цөм этүгэн дэлхий хийгээд хүний сайн сайхны тусын тулд тэднийг хүрээлэн оршдог хэмээн сэтгэж байжээ. Аажимдаа тэнгэрийн тухай ойлголт төлөвшин тогтсоноор хүний байр суурь харьцангуй буурсан мэт боловч орчлон ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг хүнчлэн дүрслэх болсноор сэтгэлгээний тулгуур ойлголт болсон бөгөөд хүнийг тэнгэрээс заяатай тухай үзэл баримтлал шинээр боловсрогдож, аажимдаа нийгмийн тухай сэтгэлгээнд гарал үүслийн харилцан адилгүй байр суурь бий болжээ. Монголчуудын домогчлолын сэтгэлгээн дэх хүний тухай ийм онцлог үзлийн улмаас байгаль дэлхийтэй хүний харилцах ёс заншлын утга агуулга бүрэлдэн тогтсон бөгөөд хойшид олон мянган жилийн турш үндэстний сэтгэлгээний нэг гол баримтлал болон төлөвшжээ. Улмаар хүн нь идэвхигүй оршин амьдрагч бус, дэлхий, түүн дотроо тивийн үүсэлд холбогдох сэтгэлгээ илэрч харагддаг бөгөөд энд дурьдсанаар алтан дэлхийн өр дөнгөж тогтоод байхад түүн дээр хүн амьтан багталцахаа байснаар дэлхийгээ тал тал тийш нь сунган тивүүдийг тогтоож эв найрамдалтай зэрэгцэн орших шаардлагын улмаас дөрвөн сайн бөх эр дөрөөн дээрээсээ газрын үзүүрээс татан дөрвөн тийш давхиснаар энэ дэлхийд дөрвөн тив бий болон тогтсон гэдэг. Хүн нь хэдийгээр бие махбодиос бүрддэг боловч тэр нь газар дэлхий дээрх бусад эд юмсын адил хумхийн тоосноос бүрэлдээгүй бөгөөд домогт өгүүлснээр янз бүрийн амьтан, ургамлууд материаллаг ертөнцөөс тусдаа үүсэж, түүний хувьслын явцад хүн үүсэж бий болсон байна.

1.1.2.7. Сүнс Домогчлолын сэтгэлгээн дэх сүнсний тухай ойлголт нь байгалийн аливаа үзэгдэл юмсад оршдог бөгөөд тэр нь тухайн биедээ амь орших үндсэн нөхцөл болохын хамт биеэс гарч, мөн буцаж ордог мөнх бус шинжтэй байдаг. Энэ орчлон ертөнц нь биет байдлаараа ангид тусдаа оршдог боловч сүнсэн хэлбэрээрээ нэгдмэл чанартай бөгөөд тэр үндсэн дээр нь сүнсээр дамжуулан энэ

Page 19: Mongoliin Gun Uhaanii Baihui

ертөнцийн ямар ч юмс үзэгдэлтэй хүн чөлөөтэй харилцах боломжтой болдог. Сүнс нь хэлбэрийн хувьд олон янз, тэр нь уг юмс үзэгдлийн гадаад дүрс байдлаар дамжин илэрдэг гэж үздэг учраас түүнийг танин мэдэхийн тулд аливаа зүйлийн хөдөлгөөний хэв шинж, дүрчлэлд ихээхэн анхаарлаа хандуулдаг юм. Иймээс ч домогчлолын сэтгэлгээний илэрхийллийн гол арга нь дүрчлэлд тулгуурласан домог үлгэр, туульсын бүтээлүүд байдаг билээ. Гэхдээ энэхүү сүнс нь туйлын дээд оршихуйн утга агуулгыг илэрхийлдэггүй бөгөөд ямар нэгэн мөнхийн хөдөлгөөнгүй үе шатны илэрхийлэл биш юм. Харин сүнснүүд оршин байх арга, орон, цагийн нэгэн орчилд байх тул түүгээрээ харилцан нөхцөлдөх, ямар нэгэн үйл явдлын нөхцөл шалтгаан болж байдаг.

1.1.2.8. Хумхийн тоос Газар дэлхий буюу ер нь материаллаг эд юмсыг бүрдүүлэгч жижиг хэсэг нь хумхийн тоос хэмээх ойлголт бөгөөд дэлхий гэж битүү усаар бүрхэгдсэн байх үед хумхийн тоос хуралдсаар газар дэлхий болон түүн дээр оршигч аливаа эд юмсыг үүсгэн бүрэлдүүлжээ. Хумхийн тоос нь мөнх шинж чанартай бөгөөд түүнийг хэн нэгэн үүсгэн бүтээгээгүй, огторгуйн орон зайд зогсолтгүй хувьсан шилжиж оршдог ажээ. Түүнийг этүгэн болон тэнгэр бүтээгээгүй, харин ч этүгэний материаллаг тал болох газар дэлхий нь өөрөө хумхийн тоосны бүтээл мөн бөгөөд хумхийн тоос шавар шороог үүсгэн бий болгосны дараа тэнгэр тэдгээр материаллаг биетүүдийг ашиглан дэлхийг бүтээсэн гэдэг. Хумхийн тоос нь тооны хувьд олон, чанарын хувьд ялгаатай учраас газар дэлхий дээрх материаллаг эд юмс харилцан адилгүй шинж чанаруудаар илэрдэг байна. Энэ бүхнээс үзэхэд домогчлолын хөтөл үзэл нь Монголчуудын гүн ухааны үндэс суурь нь бөгөөд хүн төрөлхтөний орчлон ертөнц, хүн, нийгмийн гарал үүсэл, шинж чанарыг тайлан ухаарах гэсэн дорвитой оролдлогын илэрхийлэл ажээ.

II бүлэг. Бөөгийн хөтөл үзэл

Бурхан тэнгэр бүгдийг эрхшээгч биш, бодол чухам түүнийг захирдаг

1.2.1. Түүх, мөн чанар

1.2.1.1. Үүсэл, төлөвшил Бөө мөргөлийн үүсэл, гарлын он цагийн тухайд эрдэмтдийн санал нэгдэн баталснаар шинэ чулууны юм уу, хүрлийн үетэй холбогдоно. Монголчууд ч бусад ард түмний нэгэн адил цалиг, онго, сүлд шүтлэгтэй байснаа яваандаа тэнгэр газрыг аз хийморь, заяа буян арвижуулах, үхэл зовлон гай гамшгийг зайлуулах цаглашгүй хүчтэн хэмээн сүслэн тахиж бишрэн дээдэлдэг бөө мөргөлтөн болсон нь дээрх үетэй тохирч буй нь археологийн болон бусад түүхэн нөхөн сэргээлтийн судалгаануудаас харагдаж байгаа билээ. Нэхэн бодохул, эртний Монголчуудын түүхэн эд өлөгийн баримт сэлт гол төлөв томоохон уул нуруу, түүний агуй, хонгилд төвлөрч байгаа нь тэнд эртний хүмүүсийн амьдралын голомт цогцлож байсны гэрч мөн бөгөөд тэдний шүтлэг бишрэлийн асуудлыг тэрхүү анхдагч харилцааны шинж чанараас ургуулан сэргээх нь ихээхэн боломжтой хэмээн үзэж байна. Тухайлбал, уулыг, цаашлаад газрыг ахуй амжиргааны орон сууц, нөмөр халх болгон оршин тогтнолын баталгаагаа хангаж байсан эртний хүмүүс түүнийг үзэх цалигчлалыг бий болгосон нь дамжиггүй бөгөөд ийнхүү сэтгэхдээ уул бол амьтай төдийгүй түүнтэй зохих ёсоор зөв харилцах аваас үр өгөөж, буян хишгээ соёрхоно хэмээн итгэж байсан нь эдүгээ ч уламжлагдан ирсэн юм. Ерөөс Монголчуудын хувьд уулын шүтлэг ихээхэн ач холбогдолтой байсан ба байсаар ч байгаа бөгөөд тэр нь хөгжлийнхөө явцад “овоо” хэмээх ойлголтыг бүрэлдүүлсэн байна. Хүн төрөлхтөний оюун санааны хөгжлийн явцад амьтай бүхэн сүнстэй, эзэнтэй хэмээх үзэл бүрэлдэн тогтож сүнсчлэх сэтгэлгээг үүсгэн, “онгон”-ы тухай ойлголтыг эхийн эрхт ёсны үеэс үүсгэн төлөвшүүлж, тэрхүү уулын эзэн онгонтой харилцах боломжтой хэмээхэд итгэснээр аливаа дом, шившлэгийн үзэл санаа, үйл хэргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрэлдэж, уул овоог

Page 20: Mongoliin Gun Uhaanii Baihui

тахих зан үйлийг Монголчуудын язгуур соёлд гүн бат үндэслүүлж, мөн өөрсдийн гарал үүслийг мөнөөхөн өөрсдийгөө ивээгч хад чулуу, мод ургамлаас эхлэлтэй хэмээн үзэж байсан нь тухайн үед зөвхөн эх, эцгээ танихгүйн учир шалтгаанд үндэслэсэн төдий биш хийгээд шүтлэг бишрэлийн агуулгатай нягт уялддаг. Жишээ нь, Монгол туульсад “гурван зуухайн дундах гулз хар чулуунаас хар зөндөө хага тусаад гарсан” гэх мэтээр дурьдах нь дээрх утга санааны илэрхийлэл мөн бөгөөд эдгээр сэтгэлгээний үндсэн дээр Монголчуудын гүн ухаанд шүтлэг бишрэлийн агуулга гүнзгий нэвчсэн юм. Б.Я.Владимирцов тэргүүтэй Монгол судлалын олон эрдэмтэд нийт Монголчуудын дотор онгон шүтээн болгоод шууд аваад хэлэх зүйл одоохондоо харагдахгүй байна гэсэн ба бидний бодоход Монгол газар амьдрагсад аль нэг үзэсгэлэнт, ач туст эсвэл аюул заналт араатан амьтан, ургамлыг онгоноо болгож, өөрөөр хэлбэл, тус тусын онгонтой (уйгарчууд нарс майлсаар, хасгууд цагаан галуугаар, эвенкүүд баавгайгаар г.м.) байсан. Бөө мөргөл эртний баларлиг сэтгэхүйгээс гүн ухаанжсан сэтгэхүй болон төлөвших явцад бие даасан хөтөл үзлийн тогтолцоог бүрэлдүүлсэн. Өөрөөр хэлбэл, эртний Монголчуудын гүн ухааны сэтгэлгээ домогчлолын сүүл үеэс бөө мөргөлийн халхавч дор төлөвшиж хөгжиж эхэлсэн. Улмаар Их Монгол улс байгуулах их үйлсийн үе болон байгуулагдсанаас хойш нүүдлийн болон суурин иргэншлийн шинж, чанаруудыг агуулсан аугаа том гүрнийг хүчирхэгжүүлэх, оршин тогтнох үндсийг хангах, улмаар эрхэм дээд зорилгод хүргэх хүчирхэг үзэл санааны нэгдлэг бүхий шүтээнийг тухайлан хөгжүүлэх шаардлага гарснаар Мөнх тэнгэрийн үзэл гол болон хөгжсөн. Энэ нь Монголчуудын гүн ухааны сэтгэлгээнд тодорхой байр эзлэхүйцээр нөлөөлсөн бөгөөд улс төрийн гүн ухааны амин сүнс нь болж, “төр”-ийн тухай ойлголтыг төгөлдөржүүлсэн байна. И.А.Урбанаева зэрэг горилсон бүтээлдээ <<Түрэг-Монголын нүүдэлчин ард түмнүүд оюун ухааныг бодит байдлаас, нийгмийг байгалиас, ёс суртахууныг эдийн засгаас ялгаж үздэггүй, эсрэгцүүлж тавьдаггүй, амьдрал үхэл, амьтай ба амьгүй байгаль, хүн ба байгаль гэсэн эсрэгцүүлэн тавьсан ойлголт байсангүй. Ерөөсөө ч нүүдэлчдэд ингэж аливаа юмыг эсрэгцүүлэн тавих шаардлага байсангүй, учир нь ертөнцийг үзэх үзэл нь юмсын адил чанар, холбоотой талыг гаргах явдал дээр тулгуурлагдсан байсан тул хүн өөрийгөө байгаль эхтэй нэгдмэл нэгэн зүйл гэж ойлгож байжээ>> хэмээн үзсэн байдаг. Цаашилбал, тэрээр тэнгэрийг мөнхийн хүчирхэг зүйл гэж үзээд “тэнгэрийн тодорхойлох үүрэг” ба “хүний дотоод ертөнц” хоёрын шүтэлцээн дээр үндэслэн мөнх тэнгэр үе цагийг эзэлсэн агуу их хүмүүсийг төрүүлэх, их үйлсийг үүрэх ард түмний удамшлын хувирлыг бий болгодог гэж бөө нар үздэг. Энэ нь бөөгийн түүхийг үзэх үзлийн гол суурь үзэл юм. Монголчууд тэнгэр огторгуй, сансрын далд холбоог хэзээд мэдэрч байв. Хамгийн дээд “мөнх тэнгэр” хүнээс дэндүү хол орших, дэндүү ариун нандин хийгээд үл ойлгогдох учир жирийн хүмүүст тэнгэрийн заяагаар төрсөн “тэнгэрийн хүү” болох цагийг эзэлсэн агуу их хаадаар дамжиж үйлчилдэг байна гэжээ.

1.2.1.2. Бөөгийн тухай тодорхойлох нь Эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлийн үеийн тодорхойлолтоор бөө гэдэг бол өөрийн биеэс сүнсээ салган гаргаж дээд тэнгэр болон доод ертөнцөөр аялан тоглуулдаг, эсвэл өөрийн биедээ өөр бусад сүнс онгодуудыг урин залан оруулдаг чадвар бүхий тусгай мэргэшилтнүүдийг заан нэрлэдэг байна. Бөө мөргөл хүчтэй дэлгэрч байх үедээ Монголчуудын оюун санааны зонхилох тодорхой орон зайг эзэлж байсан. Тэд бөө мөргөлийн ёсноос сэтгэлийн эрчим хүчийг олж авах бөгөөд амьдрахуй ёсны тодорхой үндсүүд энд байсан. Өөрөөр хэлбэл, Монголчууд хүний амьдралын тулгуур үндэс болох оюун санааны их орон зайг сэтгэлийн орноор төсөөлдөг байж. Монголчууд “бие бөх бөгөөс нэгийг яльюу, сэтгэл бөх бөгөөс олныг яльюу”, “ер хүнийг дагуулна гэдэг сэтгэлийг дагуулахын нэр, сэтгэлийг алдваас бүгдийг алдана” гэх ба эр хүнийг илүүтэй эрхэмлэх сэтгэлгээ давамгайлах үед гарсан болов уу гэх “хоёр сэтгэлт эр хүнийг эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эр болвоос эр бус эрдэнэ хэмээлтэй”, “Нэгэн сэтгэлт эмийг эм бус эр хэмээлтэй, хоёр сэтгэлт эмийг эм бус нохой хэмээлтэй” гэх мэтээр ярьдаг нь тэдний хувьд хүн бие сэтгэлийн оршихуй болох, эндээс сэтгэлийн орон чухал болох нь харагддаг.

Page 21: Mongoliin Gun Uhaanii Baihui

Ийм ч учраас Монгол бөө нар зон олны сэтгэлийн хүчийг хуримтлуулан хөгжөөх, нөгөө талд амирлуулах тал дээр голлон ажиллаж, сурталчлан ухуулдаг байжээ. Харин төрийн бодлогын хэмжээнд аажимдаа тэд Мөнх тэнгэрийг гол шүтээн болгосон. Бөө, удган нь газар, усны эзэн, савдагуудтай сэтгэлээр харьцаж, сэтгэлээр холбогдон, сэтгэлийн үзэгдлээр тэмцэлдэж байдаг тул тэдэнд сэтгэлийн онгодыг оруулах нь юунаас ч илүү чухал. Сэтгэлийн онгод оруулан бөөлөхөд юуны өмнө од эрхэс, байгаль дэлхий, сав, шимт ертөнцийн эрчим хүчийг хуримтлуудаг байна. Үүнээс гадна <<бөө, удган нарын хамгийн чухал гэгдэх эрчим хүч бол хүнээс авах сэтгэлийн эрчим хүч юм. Үүнд хүний сэтгэлийн био хэмнэл, био ритм, био хэм, био хэмжээ, био энерги, био соронзон, био холбоо, био харилцаа, био агшин, био хүч, био хүчдэл, био хөдөлгөөн, био хувьсал, био хязгаар хамааралтай>> аж. Бөө хэмээх нь ийнхүү түгээмэл ойлголтоор бие даасан шашин, эсвэл мөргөлийн нэрийдэл мөн боловч энэхүү зохиолын агуулгад түүнийг Монголын гүн ухааны нэгэн бие даасан хөтөл үзлийн хэмжээнд цохон тэмдэглэж байгаа юм.

Page 22: Mongoliin Gun Uhaanii Baihui

1.2.2. Үндсэн ойлголтууд Бөөгийн хөтөл үзэл нь домогчлолын үндсэн дээр тулгуурлаж үүссэн бөгөөд 1. бэлгэдэл, 2. ид шидэчлэлийн зарчмууд өмнөх дээр нэмэгдэн боловсорсон байна. Монголчуудын домогчлолын гүн ухааны сэтгэлгээ төлөвшин хөгжих тусам орчлон ертөнц дээр байгаа бодит юмс үзэгдлийг тэдгээрийн өвөрмөц онцлог шинж чанаруудад нь үндэслэн эртний хүмүүсийн оюун санааны цогц төлөвийг агуулсан тодорхой ойлголтыг хийсвэрлэн бүрэлдүүлж байсан бол бөөгийн хөтөл үзлийн сэтгэлгээ нь нийгмийн харилцаа, хүний зан үйлийг байгальчлан, байгалийн үзэгдэл, юмсыг хүнчлэх, эсвэл аль нэгэн ухагдахуун, ойлголтыг далд утга санаагаар тайлбарлах гэх мэтээр аливаа зүйлийг ямар нэгэн тал хандлагаар нь бэлгэдлийн зарчмаар гүн ухааны ойлголтыг төлөвшүүлж, түүнийгээ зан үйлээр биелүүлэхийг аль болох хичээх болсноор ид шидэчлэлийн зарчим тогтжээ. Түүний тулгуур зарим ойлголтын утга агуулгыг тодруулбал:

1.2.2.1. Тэнгэр Тэнгэр нь эдийн засгийн нөлөөлөл, цаг хугацааны орчил, амьдрахуй ёсны эргэлэгт оршин байсаар л байсан хувьдаа шүтээн болж ирсэн ба хүчирхэг, үзэсгэлэнт, ухаан төгс бүхнээ энэхүү оршихуйтай харгуулан дээдэлж ирсэн нь оюун санааны нэгдлийг бий болгох ач тусыг агуулж байсан. Тэнгэр хүмүүсийн оюун санаа, зүрх сэтгэлд оршиж, алс холын сансарт ч оршино. Монголчууд уламжлалт нийгэмдээ хүн тэнгэрээс амь, амьсгалыг, газраас яс, мах, биеийг олдог гэдэгт итгэж байсан. Өөрөөр хэлбэл тэд хүн бие махбодийг газар эхээс авч, оюун санаагаа тэнгэр эцгээс авч харин бодит ертөнцийн зүйгээр хөгждөг хэмээн ухаарч байж. Анхандаа биеийн хөдөлмөр амьдралын үндэс мэт ойлгогддог байхад газрыг гол шүтээн харин оюун санаа гол гэдгийг ухаарсны дараагаас тэнгэр гол шүтээн болсон. Тэнгэрийн тухай ойлголт нь домогчлолын хөтөл үзэлд газар дэлхийг бүтээгч идэвхитэй эхлэл, ертөнцийн хамгийн хүчирхэг сүнсний агуулгаар ухаарагдаж байсан бол бөөгийн хөтөл үзэлд харьцангуй бие даасан категори(ай)-н хэмжээнд хүртэл боловсрон төлөвшжээ. Тэнгэр хэмээх категори нь 1. Хөх тэнгэр 2. Харсан тэнгэр гэсэн хоёр харилцан ялгаатай ойлголтоор илэрхийлэгдэх бөгөөд хөх тэнгэр нь өмнөх домогчлолын үзэл санаан дахь тэнгэрийн тухай ойлголтын шууд үргэлжлэл, зарчмын хувьд бүх шүтээний эрхэм дээд хэлбэр, тоо болон чанарын хувьд цорын ганц байдаг бол харсан тэнгэр нь чанарын болон тооны хувьд олон байх бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаа, байгалийн сүр хүчийг дангаараа эзэмдэн захирагч, тус тусдаа бие даасан шинжтэй юм. Бөөгийн хөтөл үзлийн сүүл үе рүү харсан тэнгэрийн тухай ойлголт байгаль дэлхий дээрх үзэгдэл юмсын төдийгүй хүний үйлдэн хөдөлмөрлөх ажил үүргийн хуваарь тус бүрд шахам бие даан төлөвшиж, зарим судлаачдын тодруулснаар лавтайяа 200 гаруй тэнгэрс бий болсон байжээ. Эдгээрээс хамгийн түгээмэл нь 100 тэнгэрийн тухай ойлголт гарч ирдэг бөгөөд эдгээрээс 99 нь голдуу бараан өнгийн зүстэй зүүн зүгийн 44, цагаан өнгийн зүстэй баруун зүгийн 55-аараа хуваагдан сайн, муу үйлийг хариуцан эрхэлдэг бөгөөд төв дунд оршигч Сэгээн Сэбдэг тэнгэрийг булаалдан өөр хоорондоо ямагт өрсөлдөн тэмцэж байдаг гэх ба тэр нь сайн ба муу үйлийн алинд ч оролцдоггүй юм. Үүгээрээ эртний Монголчууд орчлон ертөнц дэх сайн, муугийн харьцаа, ер нь нэгдмэл хирнээ эсрэг, тэсрэг шинж чанартай түгээмэл мөн чанарын тухай, тэдгээрийн тэнцвэрт бус төгс зохион байгуулалтыг илэрхийлж, түүгээр дамжуулан аливаа хөгжлийн эх үүсвэр болох байнгын хөдөлгөөнт байдлыг дүрчлэн тэмдэглэснийг олж харж болно.

1.2.2.2. Нарт Энэ ойлголт нь өмнөх домогчлолын хөтөл үзлийн этүгэн, огторгуй, эрлэг гэх мэт ойлголтуудын нийлэг шинжийг илэрхийлэн төлөвшсөн бөгөөд бөөгийн хөтөл үзлийн үед этүгэн нь домогчлолын сэтгэлгээнийхээс төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд харин тэнгэр нь этүгэнээс тасарч гарсан гэсэн үзлийг улам илүүтэй тодоор илэрхийлэх болжээ. Огторгуй бол нартын оршин тогтнох үндсэн нөхцөл мөн бөгөөд нарт нь этүгэн дэлхийг өөртөө багтааж байдгийн хувьд хүний тухай үзлийн эх сурвалж болдог төдийгүй ертөнцийн бүтцийг тайлбарлах нэгэн эх үндэс болдог. Нартаас цааш “харанхуйн орон” орших бөгөөд тэнд нартад амьдралаа төгсгөсөн

Page 23: Mongoliin Gun Uhaanii Baihui

сүнснүүд мөнхийн амьдралаа үргэлжлүүлж байдаг билээ. Нарт ертөнц нь гурван тивээс бүрдэх бөгөөд түүнийг нэг талаас тэнгэр, дэлхий, газар доорхи ертөнцийн шатлалыг илэрхийлсэн хэрэг гэж үзэж байхад нөгөө талаас эртний Монголчуудын Ази тивийн газарзүйн байрлалын тухай мэдлэгт суурилсан үзэл баримтлал хэмээн судлаачид үздэг. Эрлэгийн тухай ойлголт бөөгийн хөтөл үзэлд домогчлолын сэтгэлгээний адил тийм тод томруунаар илэрхийлэгдээгүй бөгөөд чухам ямар утгаар ухаарах талаар баттай мэдээ баримт олдож амжаагүй байна.

1.2.2.3. Эзэн Эзэн хэмээх ойлголт нь дотроо 1. Газрын, 2. Усны хэмээн хоёр үндсэн ангилалд хуваагдах бөгөөд чанарын хувьд нэг адил боловч тооны хувьд нутаг орны байршлаар тодорхойлогдсон олон байх ба эзэд нь өөр өөрийн харъяалагдах газар усны бүхий л үзэгдэл юмс, үйл явцын сүнсийг захиран нэгтгэж байдаг хүчирхэг субстанц(хий ухаар зүйлс)-ууд юм. Тэдгээр эзэд газар усны өнгөн давхаргаас дээших тохой хэрийн орон зайг эзлэн байх газар тэнгэрийн савслагад орших бөгөөд байнгын хөдөлгөөнтэй, түүгээрээ өөрсдийн оршин буйг батлан харуулахаас гадна хүний зүгээс тэдний мэдэлд орших эд юмстай хэрхэн харьцсаны нь үр дүнгээр зохих хариуг өгч байдаг идэвхитэй, ухамсарт субстанцууд байдаг. Хожмоо газрын эздийг савдаг, усны эздийг лус хэмээн нэрийдэх болсон юм.

1.2.2.4. Сүнс Бөөгийн хөтөл үзэл дэх сүнсний тухай ойлголт нь байгаль дэлхийн бүх юмсад оршин байдаг гэснээрээ домогчлолын сэтгэлгээтэй адил төстэй боловч 1. Мөнх бус, 2. Мөнх сүнс байдаг гэх мэтээр олон талаар нарийвчлагдан болосворсон бөгөөд хүнд гэхэд 1. Амин буюу оюун ухааны, 2. Мах, цусны буюу эхээс үүддэг, 3. Ясан буюу эцгээс үүддэг гэсэн гурван төрлийн сүнс оршино гээд эдгээр нь харьцангуй болон мөнх шинжийн аль алиныг илэрхийлдэг гэжээ. Хүнийг амьд байхад мах, цусны сүнс нь бүх булчин, махбодиор дамжин байгаад насан өөд болоход зүрхэнд хураагдаж, түүнийг үгүй болмогц хамт үгүй болдог мөнх бус шинжтэй, ясны сүнс нь бүх ясыг дамжин байгаад үхэхэд сүүжний ясанд хураагдаж, түүнийг үгүй болмогц хамт устдаг мөнх бус бол харин амин сүнс нь хүний бие эхийн хэвлийд байхад зүүн гарын нэргүй хуруугаар ороод, уураг тархи, нугас мэдрэлийн судсуудаар дамжин байрлаж, үхэхэд аман хүзүү, хатан хүзүү хоёрын завсрын нугасанд хураагдаж, салсан цагт нь дэгдэж харанхуйн оронд очдог мөнхийн сүнс байдаг. Амьтны сүнс нь хүнийхтэй төстэй гурван сүнснээс бүрддэг байхад бусад юмсынх тиймгүй ганц сүнснээс бүрэлдсэн байдаг. Сүнс нь орчлон ертөнц дээрх мөнхийн амьдралын баталгаа бөгөөд биет шинж чанар нь зуурдын шинжтэй зөвхөн сүнсний оршихуйн нөхцөл мэт боловч хамгийн чухал ойлголт болох нартын амьдралыг утга төгөлдөр болгох цорын ганц хүчин зүйл нь сүнс хийгээд бие махбодын тэнцвэрт зохицолдоо юм. Тиймээс үхэл бол бие махбодын хувьд яригдахаас сүнсний туйлын цэвэр оршихуйд огтхон ч хамаарахгүй боловч бөөгийн хөтөл үзлийн чухам зорилго нь уг сүнсийг цэвэр ариунаар нь чөлөөлөх явдалд бус харин ч нартын амьдралыг зөв зохисоор нь үргэлжлүүлэх явдалд ханддаг тул туйлын энгийн прагматик хирнээ гүн хийсвэрлэлийн утгыг агуулдаг байна. Тийнхүү нартын амьдралыг чухалчлахдаа хүн зөвхөн өөрийн нөөц бололцоог дайчлах төдийгөөр бус уг туйлын цэвэр оршихуйдаа оршин буй сүнснүүдийн зарим хэсгийн буюу онгод, лус, савдгийн туслалцааг заавал авдаг юм. Сүнс нь цэврээрээ оршихдоо өөрөөсөө гэрэл цацруулан оршдог бөгөөд харанхуйн оронд нар, сар, од мичид байдаггүй харин зөвхөн сүнснүүд өөрсдийн гэрлээр гэрэлтүүлж амьдардаг гэдэг. Тийм ч учраас хэрэв сүнснүүд хүнд зарим тохиолдолд ил гарч мэдэгдэх бол гэрэл туяагаар дамжин илэрдэг. Зарим тохиолдолд сүнс эргэн төрдөг хэмээх үзэл илэрч байдаг бөгөөд энэ нь нилээд хожмын үзэл байхыг үгүйсгэх аргагүй. Тэдгээр сүнс зарим тохиолдолд төөрч будилах явдал гардаг бөгөөд хэрэв тийнхүү төөрөх бол газрын гадаргуу дээгүүр гүйдэг ба хүн түүнийг бусад сүнс, онгодын туслалцаатайгаар хөдөлгөөнийг нь хориглох болоцоотой байна.

1.2.2.5. Онгод Нартын амьдралыг чухалчладаг бөөгийн хөтөл үзлийн хамгийн гол ойлголтуудын нэг нь энэхүү онгодын тухай ойлголт юм. Онгод нь 1. Лусаас гаралтай, 2. Сүнснээс гаралтай гэсэн хоёр

Page 24: Mongoliin Gun Uhaanii Baihui

төрөлд ангилагдах бөгөөд лусын гаралтай онгод нь хүч чадал, ид шидийн хувьд нөгөөгөөсөө харьцангуй илүү байна. Онгод нь идэвхитэй, ухамсарт субстанц бөгөөд өөртэйгээ харьцах хүнийг өөрөө сонгон түүнд нөлөөллөө ямар нэгэн байдлаар үзүүлж, хүсэл зоригоо гүйцэлдүүлдэг. Онгодыг нөгөө талаас харанхуйн оронд мөнх оршдог эргэж хэзээ ч хүний биед шилждэггүй хамгийн хүчирхэг сүнс хэмээн ухаарч болох юм. Тэдгээр онгон нь өөр өөрийн хариуцсан газар оронтой бөгөөд түүнийхээ хүрээнд явагдаж буй бүхий л үйл явцыг нэгд нэгэнгүй мэдэж, тодорхой үйлчлэл үзүүлж байх ба товлосон цэгүүдийн хооронд байнгын хөдөлгөөнийг гүйцэтгэж байдаг байна. Хүмүүс нартын амьдралаа зөв зохистой байлгах, алдаа эндэгдлээ арилгах зэрэг үйлд тэдэнтэй харьцах онцгой чадвар бүхий хүнээр (Бөө) дамжуулан онгодтой ямагт харилцах хэрэгтэй болдог бөгөөд өдөр тутмын бүхий л үйл ажлаараа тэдэнтэй холбогдож байдаг юм. Онгод хэмээх онцгой төрлийн сүнс, эсвэл лусын хүчин чадлын нэгэн төрлийн илэрхийлэл байдаг тулдаа хүн төрөлхтөн хий ухаар юмсын оршихуйтай харилцаж чаддаг бөгөөд түүний гүн ухааны тодорхойлолтыг орчлон ертөнцийн нэгдмэл чанарыг илэрхийлсэн ойлголт гэж үзэж болно.

1.2.2.6. Хүн Бөөгийн хөтөл үзлийн тулгуур ойлголт нь хүн бөгөөд хэдийгээр тэдний үзэл санаанд хүний мөн чанар хийгээд түүний ач холбогдлыг шууд илэрхийгээр тэмдэглээгүй ч нартын амьдралын тухай үзэл санааны агуулга, онгодын тухай үзэл баримтлалаас үзэхэд хүнийг гүн ухааныхаа бүхий л ойлголт, категорийн уг үндэс гэж үздэг нь ажиглагддаг. Хүний амьдралыг зөв зохистой зохицуулахын тулд бусад ойлголтын утга агуулгад зохирон оршдог бөгөөд хүн бол уг чанараараа хэдийгээр хамгийн эрхэм дээд зүйл биш боловч тэрхүү эрхэм дээд болох тэнгэрсийн ухамсар, зорилгот үйл ажиллагааны үр дүн, түүний үр сад учраас нарт ертөнц дэх бүхий л үйл явц, үзэгдэл юмсын үндсэн зангилаа болдог. Ийм учраас орчлон ертөнцийг тэр чигээр нь хүний амьдралтай зохируулахын тулд боломжтой аливаа ид шидэчлэл, бэлгэдлийг хүний ахуйд хэрэгжүүлэхийг хичээдэг. Хүн нь сүнс болон бие махбодийн нийлбэр цогц учраас хосолмол шинжтэй, түүнийхээ улмаас сүнсний туйлын цэвэр оршихуйтай харьцуулахад алдаа эндэгдэл, бузар мууд тодорхой хэмжээгээр ямагт өртөж байдаг тул түүнийг нь ертөнцийн нэгдмэл мөн чанарт зохируулах шаардлагаар аливаа үйл ажиллагааг онцгой чадварт хэсэг нь чиглүүлэн удирдаж байдаг.

1.2.2.7. Өндөр төр Монгол нутагт төр болон төр төстэй бүрдлүүд үүсэн бий болсон цагаас эхлэн бөөгийн хөтөл үзлийн аливаа үзэл санаа ямагт түүнтэй уялдан нийцэж ирсэн бөгөөд орчлон ертөнц, хий ухаар юмсын хичнээн хүчтэй хүчнүүд ч нартын амьдралын хувьд түүний хамгийн чухал зохион байгуулалт болсон төрийн өмнө хүчин мөхөсдөх шинжтэй хэмээн үзэхэд хүрч улмаар түүнийг “өндөр төр” хэмээх ойлголтоор дамжуулан илэрхийлэх болжээ. Төр хэмээх ойлголт нь засаг захиргаа, улс гүрэн хэмээхээс илүү гүн гүнзгий хийсвэрлэлийн үр дүнд бий болсон төдийгүй тэдгээрийн оршин тогтнох үндсэн хүч, түүнийг орчлон ертөнцийн нэгдмэл байдалтай холбож өгч байдаг хий ухаар зүйл, нэг үгээр хэлбэл улсын сүнс нь юм. Өндөр төр байгаа учраас улсын хаад, эзэд тэнгэрийн гарвал угсаатай холбогдох боломжийг олдог ба тэр нь жирийн нэгэн зохиомол домог төдий биш онцгой сүнсийг ухамсар идэвхитэйгээр хүн төрөлхтөний дундаас эрин цаг бүрт аль нэгэн бие махбодийг сонгон төрүүлж, түүнийгээ ямар нэгэн шинж тэмдгээр заавал мэдэгддэг байна. Эцэст нь дүгнэхэд, бөөгийн хөтөл үзэл нь байгаль дэлхийн шинж чанар, тал хандлагуудаас илүү хүн, нийгмийн асуудалд ихээхэн төвлөрч, түүнийг төгс төгөлдөр ухаарах явдалд гол анхаарлаа хандуулсан онцлог харагдаж байна.

Page 25: Mongoliin Gun Uhaanii Baihui
Page 26: Mongoliin Gun Uhaanii Baihui

III бүлэг. Мөнх тэнгэрийн хөтөл үзэл

Хувь тавилан гэж хүний амьдралын зангилаа үйл явдлуудын дэс дарааллыг хэлдэг

1.3.1. Бүрэлдэн төлөвших уг сурвалж

Төр улс хүчирхэгжиж, өргөжихийн хэрээр Мөнх тэнгэрийн үзэл харьцангуйгаар бие дааж хөгжсөн нь эх сурвалжуудаас харагддаг бөгөөд гэхдээ бөө мөргөлтэй огт холбоогүй биш, харин бөө мөргөлөөс улбаалан магадгүй түүнээс дээш гарч ирсэн гүнзгий хийсвэрлэл юм. Ийнхүү төр улс хүчирхэгжиж, нэгдэх, нэг үзэлтэй байх гол асуудал болсон Их Монгол улсын үед мөнх тэнгэр гол шүтээн болжээ. Энэ нь ч тухайн үедээ зөв шийдэл байсан бөгөөд баруун 55, зүүн 44 зүйлийн олон тэнгэр шүтэн магадгүй оюуны хүч нь сарниж, өөр хоорондоо хямралдан доройтож байсан Монголчуудыг нэгтгэхэд чухал нөлөө үзүүлсэн нь эх сурвалжуудаас харагддаг. Үнэндээ Монголын их хаад аливаа аймаг улсын аж байдлын эх сурвалжийг хөндөлгүй хадгалах, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэхийг чухалд үзэж эрхэмлэж байсан зэрэг нь гагцхүү төрийн хууль цаазын сүр хүч бус оюун санааны нэгдлэгийн хүчээр хамтатган төвшитгөх төрийн бодлого байжээ. Мөнх тэнгэрийн үзлийг бие даасан шашин болж хөгжсөн болох талаар Г.Гэрэлбаатарын судалгааны ажилдаа дэвшүүлсэн бүгдтэй санал нийлэхгүй байгаа ч бие даан хөгжсөн гүнзгий хийсвэрлэлт сэтгэлгээ гэсэн тулгуур санааг дэмжиж байна. Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн “Бурхны эцэг сэтгэл, сэтгэлийн эцэг мөнх тэнгэр” гэсэн байдаг. Эртний Монголчууд хүний хам амьдралын хөгжлийн анхны хэлбэр эхийн эрхт ёсны үед газрыг илүүтэй эрхэмлэн шүтэж харин эцгийн эрхт ёсны үеэс тэнгэрийг шүтэх нь илүү давамгай болсон. Шүтэх учир нь бэлгэ шүтлэгээс эхтэй байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд ямартай ч Монгол газар хийгдсэн, хийгдэж буй архелогийн судалгааны баримтуудаас харахад тэд эр, эм бэлгэсийг шүтэж байсан нь тодорхой байдаг. Дээрхийн нэгэн адил эхийн эрхт ёсны үед эм бэлгийн шүтлэг, харин эцгийн эрхт ёсны үед эр бэлгийн шүтлэг давамгайлан шүтэгдэж байжээ. Бэлгэ шүтлэг нь хамгийн бодитой байж болох эх сурвалж хадны зурагт хадгалагдан үлдсэн байдгийг олон судлаачид тэмдэглэсэн байна. Тухайлбал, сэтгүүлч Ч.Эрдэнийн Хойд Цэнхэрийн агуйн дурсгалд хийсэн задлал, Ч.Болдбаатар, Б.Бадрах нарын судалгааны ажлууд, түүнчлэн өвөрлөгчийн эрдэмтэн Т.Өлзийн судалгаа зэрэгт тодорхой өгүүлсэн байдаг. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” бүтээлдээ энэ хоёр тэмдэгт нь ертөнцийн хосмол чанарыг анх ойлгосон тэмдэгт, зөн билэг, оюун дүгнэлтийн шууд тусгал бөгөөд эр, эм бэлгийн томъёо болох, энэ нь хас тэмдгийн үндэс хэмээн үзсэн бол Т.Өлзий диссертацидаа эртний хадны дурсгал дахь өлзий зангиаг судлан баларлиг тоонон дүрслэл дээр авч үзэн “1” гэж хаднаа тэмдэглэгддэг тоо бол эр бэлгийн төсөөлөл, “2” хэмээх тоо нь эм бэлгийн төсөөлөл болох, цаашилбал бэлгэ шүтээний төлөөлийг бэлгэ үржлийн шат, бэлгэ үржлийн уялдлын шат, бэлгэ үржлийн задрахуйн шатаар дамжин хэрэгжсэн болохыг тухайлан судалсан байдаг. Эхийн эрхт ёсны үед эмэгтэй хүний эрх мэдэл эрчүүдийнхээс их байснаас гадна эмэгтэй хүнийг хүндэтгэн үзэж, нас барсны хойно дүрийг нь хийж онголон шүтдэг байсан нь Эрхүү хотын ойрхи Мальт, Буретийн хуучин чулууны үеийн бууцнаас эмэгтэй хүний баримал дүр олноор олдсон зэрэг эх сурвалжаас харагддаг. Эх этүгэн шүтлэг нэрийн хувьд энэ үетэй холбогдох бөгөөд шүтлэгийн анхны хэлбэр юм. Этүгэн хэмээх үг нь сурвалжуудад “өдгэн”, “удгаан”, “удгөнэ”, “эдүгэн”, “эдүгэнэ”, “өхи үдүнэ”, “өтгүн”, “өдүгэн”, “өдөгэн” гэх мэтээр тэмдэглэгджээ. Эрдэмтэн Х.Пэрлээ, Ч.Далай нар бүтээлдээ <<Эдүгэн удганы эртний дуудлага бөгөөд “эдү” гэдэг үгийн үндэс нь үүсэл гарал гэсэн утгатай “гэн” гэдэг дагавар Монгол хэлний нэр үг бүтээх дагавар, иймд эдүгэн бол үүсэл гарал гэсэн утгатай>> гэсэн бол өвөрлөгчийн эрдэмтэн Д.Дамиранжав <<этүгэн нь эмэгтэй хүний бэлгэ эрхтний нэр үтүгээс улирч хувирсан ба удган нь эм бэлгийн хамгийн дээд хураангуйлал хэмээх санаа гаргасан нь нэн сонирхолтой бөгөөд түүнийхээр этүгэн гэдэг үг ойрд аялгуу болон зарим нэг нутгийн аялгуунд эмэгтэй хүний бэлгэ

Page 27: Mongoliin Gun Uhaanii Baihui

эрхтэн буюу умайг заадаг байна. Тодруулбал, ойрд аялгуунд умайг “үтгэн”, “үтгүн” гэдэг. Энэ нь этүгэн гэдэг үг Монгол хэлний авиан хуулиар ухран ижилсэн “үтгүн”, “үтгэн” болжээ. Монгол хэлний авиан зүйн ёсонд ухран ижилсэх болон урагш ижилсэх ёсон бий. Жишээ нь, эгүргэ-үүрэг, эгүсэл-үүсэл, чису-цус гэх мэт.>> Мөн түүнчлэн тэрээр уг бүтээлдээ Дагуур үндэстэн хүүхэд төрүүлэх шүтээн сахиусыг одоо ч умай гэдэг. Хасаг үндэстэн бөө мөргөлийн эмэгтэй шүтээн удганаа умай гэдэг гэх мэт сонирхолтой баримтуудыг дурдсан байдаг. Юутай ч этүгэн хэмээхүйн үүсэл гарал, утгыг тайлбарласан судлаачдын дийлэнх нь эмэгтэй хүнтэй зайлшгүй холбогдох мөн этүгэн, удган нь холбогдолтой болох тал дээр санал нэгддэг. Монголчууд эх дэлхий, эх орон, эх нутаг гэж ярьдаг нь эх хүнийг бусдаас илүү хүндэлж, шүтэж байсан үед бүх газар нутаг, ураг, овог цөмөөр эхийн мэдлийн юм гэсэн ойлголтын үүднээс ингэж нэрлэж байсан байж болох ба байгалийн аливаа үзэгдлийг тахихад эхийн онгон шүтээнд мөргөж байсны илрэл одоо ч Монголын зарим газраар байдаг удган моднууд болж үлджээ. Тэнгэр шүтлэг мөн л бэлгэ шүтлэгтэй холбогдох ба эрэгтэй бэлгэ шүтээний хувирал болохыг эрдэмтэн Т.Өлзий тухайлан судалсан байдаг. Тэрээр үзэхдээ <<бөө мөргөлийн 99 тэнгэр нь 9 тэнгэртэй утга нэг юм. Харин 9 тэнгэрийн утга бол нэгэн тэнгэрийн утгад хамгийн эртний үр хөврөлөө хадгалжээ гэж үзнэ. Гэхдээ энэхүү нэгэн тэнгэр нь эрэгтэй бэлгэ шүтээний хувирал байв>> гэсэн. Юутай ч хүн үүсэл хөгжлийн эхэн үедээ бэлгэ шүтлэгтэй байсан нь түгээмэл бөгөөд харин цаашдын шүтлэгийн хэлбэр, агуулгад хадгалагдаж үлдсэн эсэхээрээ аливаа улс үндэстний шүтлэгт сэтгэлгээний онцлог харагддаг. Бидний хувьд дээрх саналуудыг дэмжиж буй, өөрөөр хэлбэл, Монголчуудын гүн ухааны сэтгэлгээний нэгэн онцлог болох эх этүгэн, эцэг тэнгэр шүтлэгийн бүхий л үед хүн төрхт /антропоморфизм/ дүр гол байр суурь болж байсан. Харин Мөнх тэнгэр нь эцэг тэнгэр, эх этүгэний дээд хураангуйлал, эр, эмээс үл хамаарах төгс шүтлэг юм.

1.3.2. Үндсэн ойлголтууд Бөөгийн хөтөл үзлийн тэнгэрийн тухай категорит тулгуурлан үүссэн энэхүү хөтөл үзэл нь XIII зууны дунд үеэс олон нийтийн оюун санааг илэрхийлэгч биеэ даасан хөтөл үзлийн хэмжээнд хүрэн төлөвшиж ирсэн билээ. Мөнх тэнгэрийн хөтөл үзэл нь 1. Тэнгэрчлэл, 2. Даяарчлалын зарчмуудад төвлөрч байсан гэж үзэж болох бөгөөд өмнөх хөтөл үзлүүдийн зарчмууд мөн л эдгээртэй нийлэгжих болон ондоошсон хэлбэрээр оршсоор байсан юм. Мөнх тэнгэрийн тухай үзэл санаа нь бөөгийн хөтөл үзлийн хөгжингүй үе шатанд боловсрон төлөвшиж, илүү гүн гүнзгий бодол эргэцүүллийн түвшинд хүрсэн бөгөөд зөвхөн харьцангуй биеэ даасан олон тооны сүнс, онгодын тусгаар оршихуйг үгүйсгэн ертөнцөөс чинагуух, түүнийг эзэмдэн захирагч, туйлын, даяар ерөнхий субстанцын тухай ойлголтыг хөгжүүлж, ертөнцийн нэгдмэл чанарыг түүгээр илэрхийлэх болсон байна. Чингис хаан тэргүүтэй хаадын үүсгэн боловсруулсан энэ үзлийг тэдний бодит үйл хэрэг энэ дэлхий дээр биеллээ олох тусам Мөнх тэнгэрийн сүр хүч, суу алдарт итгэн бишрэх явдал өсөн нэмэгдсээр хүмүүс өөрсдийн үйлдэн бүтээж буй болон бүтээх гэж байгаа хэрэг зоригоо Мөнх тэнгэрт даатгах, үр дүнг нь Мөнх тэнгэрийн ивээлийг олсон, эс олсноор сэтгэх зэргээр ахуй амьдралын чухал ач холбогдол бүхий аливаа асуудлыг тэнгэртэй холбон, сайн сайхан, агуу ихийг хүссэн зориг тэмүүллээ тэнгэрчлэн үзэж, түүгээр тайлбарлах болж, тэнгэрийн хүсэл зоригийн нийцлээр дэлхий нийтийн үйл хэргийг дүгнэж цэгнэн, аль нэгэн шашин, улс төрийн бүлэглэл, хувь хүмүүсийн ашиг сонирхлоор бус Мөнх тэнгэрийн ивээлээр дэлхийн дайдыг даяарчлах зарчмыг баримтлаж иржээ. Мөнх тэнгэрийн хөтөл үзлийн тулгуур ойлголтууд гэвэл:

1.3.2.1. Мөнх тэнгэр Энэ нь ахуй ертөнцийг үүсгэгч хамгийн дээд эзэн, мөнх орших хутгийг эзэмдэгч төдийгүй хамгаас ерөнхий, тэр бол ямар нэгэн хүчирхэг сүнс биш бөгөөд харин тэдгээр бүх төрлийн сүнс, тэр дундаа онцгой төрлийн сүнснүүд болох онгод, бөөгийн үзлээрхи хөх болон харсан тэнгэрсийг ч эзэмдэн захирагч, тэдгээрийг үүсгэн бүтээгч юм. Орчлон ертөнц дэх аливаа биет үзэгдэл юмс төдийгүй оюун санааны бүхий л үйл явцыг эзэмдэгч, өөрөөр хэлбэл матери(газар), ухамсар(тэнгэр) хоёроос ч давсан хүчин зүйл юм. Мөнх тэнгэр нь үүсгэн бүтээгчийн

Page 28: Mongoliin Gun Uhaanii Baihui

агуулгаараа домогчлолын сэтгэлгээний ойлголтоор бол бурхантай дүйцэх хэмжээнд хүрсэн ажээ. Бөөгийн хөтөл үзэлтэй Мөнх тэнгэрийн үзэл санаа нь ихээхэн хэмжээгээр нийлэгжин түүний хамгийн эрхэм дээд шүтээн болон тооцогдоход хүрсэн бөгөөд 99 тэнгэрийг Мөнх тэнгэр удирдан захирч байх ба бусад тэнгэрс нь түүний ах дүү, үр хүүхдүүд нь байдаг хэмээн үзэж байлаа. Мөнх тэнгэр нь орчлон ертөнцийн туйлын нэгдмэл шинжийг илэрхийлэн харуулагч бөгөөд харьцангуй биеэ даасан бүхий л юмс үзэгдлүүд эцсийн эцэст түүний нэгдмэл удирдлаган доор оршиж байдаг. “Монголын Нууц Товчоон”-д Хулан хатан Чингис хаанд анх очихдоо <<Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй>> , Өгөдэй хаан өөрийн гэмийн тухай өгүүлэхдээ <<Тэнгэр, газрын заяагаар төрсөн гөрөөсийг харамлаж>> “МНТ”-ны 190-р зүйлд <<Найманы Таян хаантай байлдсаны хойно тэд дийлдэх, бид дийлэх аль болохыг гагцхүү тэнгэр мэднэ>> гэж Тэмүжиний талын хүн хэлж байгаагаар гардаг. 224-р зүйлд Чингис хаан Мэргэд, Тайчууд, Татаар, Хэрэйдийг ялснаа “Мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж гүр их улсыг хамтатгаж ганц жолоонд оруулсан” гэх, Чингис хаан 300 тайчуудыг дараад довцог өндөр дээр гарч тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөн залбиран өчив “Эрэмгий сайнаар эзэн эс боллоо би Эрхт тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би Эцэг тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа би Хамрагч сайнаар хаан эс боллоо би Хан тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би Хан тэнгэр эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа би” түүнчлэн их гүрний үеийн хаадын захиан дээрх тамга, элч нарын авч явсан пайзан дээр <<Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг>> гэсэн бичээс байдаг байжээ. “Ил хаадын таван албан бичиг” (эх нь баруун Европод бий)-ийн заримаас ишлэвэл Ил хаан Аргуун 1289 онд Францын Филипп хаанд илгээсэн бичигтээ <<Мөнх тэнгэрийн хүчинд, хааны сууд, Аргуун үг ману>> гэсэн байдаг бол мөн Аргуун хаанаас Ромын пап лам IV Николайд явуулсан бичигт <<Христост ортугай гэдэг чинь зөв. Бидний Чингис хааны ургууд өөрийн монголжин дураар ажгуу. Христост орвоос ба эсвээс бээр гагц мөнх тэнгэр мэд хэмээжээ...Эдүгээ намайг христост эс оров хэмээн муулан ба сэтгэн аху чи гагц мөнх тэнгэрт залбирваас зүгээр сэтгэж аваас христост орсон мэт илүү буй>> хэмээн санаагаа айхавтар дипломат ёсоор гаргасан байдаг. Эндээс тэд тэнгэрийг хүчирхэг оршихуй, амьдрах эрчим хүчний төвлөрөл, бүхий л юмс, үзэгдлийн мөн чанарын зангилаа хэмээн ухаарч амьдрахуй ёсны бүхий л үйл явцыг таалалд нь нийцүүлэхэд голлон анхаарч байсан бололтой. Харин өдөр тутмын амьдралын үзэгдэл, үйлд тэнгэрийн таалал гэдгийг бөөгийн мөргөлийг сурталчлан ухуулж байсан төлөөлөгч нар гаргаж дэлгэрүүлдэг байсан ба хожим төрийн үйл хэрэгт ч хадгалагдаж ирсэн. Түүнчлэн дээрх болон бусад сурвалжуудаас ялангуяа “Монголын Нууц Товчоон”-д өгүүлснээр Тэмүжиний бага залуу насанд зөвхөн тэнгэрийн, харин төр улсаа эмхэлсний хойно Мөнх тэнгэрийн дохио, заалт, таалал, ивээлийн талаар илүүтэй тэмдэглэгдсэн болохыг манай эрдэмтэд ажиглаж бүтээлүүддээ дурдсан байдгийг энд тэмдэглэе. Ер сурвалжуудаас харахад нийгэм, улс төр, соёл, зан заншлын бүхий л хүрээнд тэнгэр дангаараа болон газрын хамтаар холбогдон тэмдэглэгдсэн байхад Мөнх тэнгэр хэмээх ойлголт илүүтэй төрийн аливаа үйл хэрэгтэй, түүнээс чинагуух аугаа субстанцтай холбогдон тэмдэглэгдсэн байна. Эндээс юутай ч Монголын төрийг төвхнүүлэгчид хүний амьдралын аливаа асуудлыг төртэй холбож тайлбарлан сурталчлах ингэхдээ шүтээн соёлт үндэстний сэтгэлгээний онцлогийг харгалзан бүхий л шүтээний нэгдэл болсон дээд шүтээн Мөнх тэнгэрийг үүсгэн хөгжүүлсэн гэж дүгнэж болно. Эцэст нь тэнгэрийн талаар манай болон гадны эрдэмтэн судлаачид хэрхэн хэлэлцдэг болохыг цухас үзье. Та бүхэн өөрийн үзэл бодлоор харьцуулан тунгаах буй заа. Доктор Н.Лүндэндорж <<Тэнгэрийн үзэл хүмүүсийн ёсноос дээш хальсан төрийн их үүргийг мэргэн, шударга, зүй ёсоор явуулах, хүчирхэгжүүлэхэд оюун ухааны эрчим хүчийг хураан зангидаж, дайчлан

Page 29: Mongoliin Gun Uhaanii Baihui

илэрхийлэх арга ухаан юм>> гэсэн бол доктор С.Дулам <<Мөнх тэнгэр бол оюун санааны дээд түвшний үзэгдэл, Нөгөө талд “Хөдлөхүйн дээд хөх Мөнх тэнгэр”, Хөдлөх бүгдийг заяасан гэдэг нь орчихуйн дээд буюу эрчим хөдөлгөөний жам ёсыг дохиолж байдаг гэсэн утга буюу мөнхийн хөдөлгөөний хууль мөн>> гэж тэмдэглэжээ. Харин доктор Г.Лувсанцэрэн <<Мөнх тэнгэрийн тухай ойлголт нь бүхний язгуур болж, бүхэнд түгээмэл байдаг, энэ утгаараа бүхнийг амилуулан шимэлж өгдөг түгээмэл чанарыг чанарыг илэрхийлнэ. Ийнхүү Мөнх тэнгэрийн тухай үзэл бол бөө мөргөлийн олон тэнгэрт ёсноос политейзмээс дээш гарсан онол болох юм>> хэмээн үзэж байхад Л.Лоренц <<Мөнх тэнгэр бол ердийн утгаараа бурхан тэнгэр ч биш, эзэн сахиус ч биш, мөнх тэнгэр юмсын гадна, хамгийн дээр оршиж байдаг>> гэсэн дүгнэлтэд хүрсэн бол “Монголд аялсан тэмдэглэл” хэмээхэд өгүүлэхдээ <<Хэрвээ Мөнх тэнгэрийн хүч чадлаар явахгүй бол хүн өөрийн амьдрал, үйл ажил нь бас ямар ч утга агуулга байхгүй” гэсэн буй>> . Юутай ч тэнгэр улмаар Мөнх тэнгэр нь Монголчуудын гүн ухааны сэтгэлгээний нэгэн онцлог бөгөөд орчлон ертөнцийн мөн чанар, зүй тогтлыг ухаарсан гүн ухааны ай бөгөөд түүнтэй харьцуулахад тэнгэр, газар нь орчлон ертөнцийн анхдагчийн үүргийг гүйцэтгэхээ больсон бөгөөд зөвхөн Мөнх тэнгэрийн ивээлээр аливаа юмс үзэгдэл, үйл явцын ухамсар хийгээд махбодийн (матери) тал хандлагуудыг үүсгэн бүрэлдүүлэгч, туслах чанартай хоёрдогч, гуравдагч байр сууринаас тайлбарлагдах болсон байна. Тэнгэр газар нь Мөнх тэнгэрийн ивээлээр бүтэж бий болсон ба өчүүхэн жижиг байдлаас тасралтгүй хөгжин хувьссаар жинхэнэ хэлбэр, төрх, шинж чанараа олжээ. Тэнгэр нь хэдийгээр Мөнх тэнгэртэй харьцуулахад хоёрдугаар байр суурьтай болсон хэдий ч зөвхөн харагдах байгалийн үзэгдэл төдий биш, харин ч түүний чинадад орших онцгой чадалт сүнс, дэлхий ертөнцийн ухамсрын тал хандлагыг бүхэлд нь эзэмдэн захирагч, бүхий л сүнсний эзэн хэвээр байсан юм. Тэгвэл этүгэн нь биет тал хандлагыг бүрдүүлэгч ухамсарт зарчим мөн бөгөөд гуравдагч байр суурьтай ойлголт билээ. Тэнгэр, этүгэн хоёр нь ямагт харилцан үйлчлэлд оршдог ба аль нэг нь дангаараа оршихуйн туйлын утгыг илэрхийлэх боломжгүй төгс бус ойлголтууд бөгөөд дэлхий ертөнцөд оршигч аливаа зүйлсийн эцэг, эх нь болсон байдаг бүтээгч хүчин зүйлс боловч анхдагч бус юм. Тэдгээр нь мөнх хутгийг эзэмшихгүй бөгөөд Мөнх тэнгэрийн ивээл хэзээ зогсоно төдийд устан үгүй болох шинжтэй.

1.3.2.2. Хүчин Энэ нь жирийн ямар нэгэн физик хүч төдий бус, Мөнх тэнгэрийн хүчин, тэр нь Мөнх тэнгэрийн хамгийг үүсгэн бүтээх анхны түлхэц, гадны ямар нэгэн өдөөгч шалтгаангүйгээр өөрөө байнгын хөдөлгөөнийг агуулагч бөгөөд Мөнх тэнгэрийн атрибут шинж чанар мөн. Тэрээр хүмүүст шууд нөлөөгөө үзүүлэхгүй, харин тэнгэр, газарт нөлөөлж аугаа их хүч нэмснээр, тэдгээрийн харилцан үйлчлэлээр ертөнцийн аливаа үзэгдэл юмс, үйл явц үүсэн бүрэлдэж байх ажгуу. Мөнх тэнгэрийн хүчин нь төвөөс тасралтгүй тэлэн хуйлран эргэлдэх хэлбэртэй. Орчлон ертөнц болон хүн, нийгмийн амьдралын бүх үйл явц бүхэлдээ энэхүү мөнх тэнгэрийн хүчний дагуу явагддаг бөгөөд түүнээс хүчирхэг зүйл гэж огт үгүй тул түүний ивээлийг олох аваас тухайн үйл явц, үзэгдэл юмс мадаггүйгээр бадран мандаж, хөгжин дэлгэрдэг юм.

1.3.2.3. Заяа Тэнгэр, газар болон хүн, нийгэм, ертөнцийн юмс үзэгдлийн холбоо харилцаа буюу шүтэн барилдлагыг илэрхийлсэн ойлголт нь энэхүү заяа юм. Заяаг 1. Хүний, 2. Үйлийн, 3. Цагийн, 4. Тэнгэрийн гэх мэтээр ангилж үзэж болох боловч үнэн хэрэгтээ тэр нь чанарын хувьд нэгдмэл бөгөөд Мөнх тэнгэрийн ивээлийг хэрхэн хэрэгжүүлж буйн илэрхийлэл юм. Заяа нь хүн болон нийгмийн зүгээс санаан зоргоор хэрхэвч өөрчлөн хувиргаж чадашгүй жам ёсон тул Мөнх тэнгэр хэрхэн ивээхийг л хүлээх ёстой, нэг үгээр хэлбэл Мөнх тэнгэрийн санаа зоригийг үүгээр тэмдэглэж болно. Тухайлбал хэдийгээр эцэг, эх биеийг үүсгэн хүн болгон төрүүлэх боловч заяаг нь тогтоож чадахгүй гэдэг. Заяа нь Мөнх тэнгэрийн санаа зоригийн биелэл учраас уг чанараараа адил боловч хүмүүсийн хувьд өөрсдийн хэмжүүрээр сайн, муу гэсэн түвшнээр ангилж үзэхэд хүргэдэг юм. Энэ нь нийгмийн зохион байгуулалт, хүмүүсийн хоорондын харилцааны онцлог шинжид тулгуурлажээ.

Page 30: Mongoliin Gun Uhaanii Baihui

1.3.2.4. Сүлд Энэхүү ойлголт нь Мөнх тэнгэрийн орчлон ертөнцөд илгээсэн дохио тэмдгийг илэрхийлсэн агуулгатай юм. Үүнээс улбаалж “төрийн сүлд” хэмээх ойлголт төлөвшсөн бөгөөд өмнөх хөтөл үзлийн үед “төр” хэмээх нь улс гүрний сүнс гэсэн утгаар ойлгогдож “өндөр төр” гэсэн ойлголтыг бий болгож байсан бол хожмоо түүнээс чинагуух ойлголтыг төлөвшүүлэн уг “өндөр төр” нь Мөнх тэнгэрийн хүчээр бүтээгдсэн зүйл учраас үнэмлэхүй анхдагчийн бэлгэдэл болсон сүлдийг эрхэмлэн дээдлэх болжээ. Сүлд хэмээх ойлголт нь зөвхөн нийгэм-улс төрийн агуулгаар ч бус хүний асуудалд ч холбогдох бөгөөд бөөгийн хөтөл үзэлд сүнс, онгодын талаар нарийвчлан боловсруулсан байсан нь энэ үеэс “сүнс сүлд” хэмээн хоршоо байдлаар хэрэглэгдэх болж, ингэснээр сүнснээс чинагуух хүний оршин амьдрахуйн уг үндсийг илэрхийлэн тэмдэглэсэн юм. Сүлдийг сүнсний орших орон гэсэн ойлголт хэмээн үзэж болохгүй бөгөөд харин Мөнх тэнгэрийн заяаг илтгэгч бэлгэ тэмдгийн агуулгаар ухаарах ёстой.

1.3.2.5. Хүн Хүн нь тэнгэр, газрын бүтээл хувьдаа биет ба ухамсарт тал хандлагуудаас бүрэлдэх бөгөөд уг чанар нь Мөнх тэнгэрээс заяагдмал байдаг тул нийгэмд эзлэх байр суурь нь харилцан адилгүй байна. Хүн бүхэн балчир хүүхэд насандаа өөрийгөө танин мэдэх ёс зүйн хэм хэмжээнд суралцан улмаар гэр бүл болон нийгэмд өөрийгөө авч явахаар суралцдаг. Хүн өөрийгөө хүрээлэн буй ертөнцөөс салсан ганц бодгаль бус бодгалиудын нэгдэл гэж үзэж байр сууриа ойлгон, олж авсан мэдлэгээ амьдрал, хөгжилдөө зориулах болсон үеэс нийгмийн ухамсар эхэлдэг. Энд ёс суртахууны хэм хэмжээ нь хүний үйл ажиллагаанд юу сайн, юу мууг зааж өгнө. Үүнгүйгээр нийгэм оршин тогтнох аргагүй. Монгол нутагт 4000 гаруй жилийн өмнө гэр бүл үүссэн нь Буриад Монголын Үди голын хаднаа нөхөр нь эхнэр хүүхдээ дагуулан явж байгаа гэр бүлийн хөрөг, Өвөр монголын Инь Шан уулын болон Монголын нутагт байгаа хадны зурагт олон хүний бүлээр яваа, тэдний дунд жирэмсэн эхчүүд буй зэрэг хад чулуунаа мөнхжүүлэн үлдээсэн дурсгалуудаас харахад тодорхой. Юутай ч доктор Г.Сүхбаатар Монголын анхны төрт улс болох Хүннүгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин сурвалж бичгийн мэдээг нягтлаад Хүннү нарт моногам гэр бүл нэгэнт бүрэлдэн тогтсон байна гэж үзсэн. Ийнхүү Монголчууд олон зууны туршид тодорхой бүс нутгийн байгаль орчинд бүрэн зохицсон мал аж ахуй хэмээх амьдралын тогтвортой эх сурвалжид тулгуурлаж, цаг улирлын аясаар тодорхой хүрээ хязгаарын дотор нүүдэллэн амьдралын харьцангуй өргөн уудам орон зайг эзэмшин амьдарч ирсэн ба амьдрахуй ёсны тогтолцооноос уламжлалтай эх болсон байгаль дэлхий, эцэг болсон тэнгэр шүтээн, эрхт төрөө дээдлэн хүндлэх ёс, хүн бүр хувь заяаныхаа эзэн байх зарчим, өвөг дээдэс, ёс заншил, хууль цаазаа дээдлэн эв эеийг хичээх ёсонд тулгуурласан хүн ёсны хийгээд нийгэм, улс төрийн зохион байгуулалтын өвөрмөц хэлбэрийг бий болгосон. Юуны өмнө Монголчууд хүн төрлийг олно гэдэг нь субстанцлаг талаасаа Мөнх тэнгэрийн заяа гэж үздэг бөгөөд бие махбодийн хувьд бүр хэвлийд байхаас нь хүн болгох үйл ажиллагаа эхэлдэг ажээ. Ч.Бат-Очирын “Мандах нарны туяа” хэмээх сургаалд <<Ертөнцөд хүн болж төрнө гэдэг маш чухал хэмээн дээдэс номложээ. Анхан эхийн умайд биеийн дүрс олсон цагт мэргэн эх нь бие шалтгаантай болоод сац (даруй) хажуулдан амахгүй амрахгүй, далжийн суухгүй, хэлбийж зогсохгүй, нийлэмжгүй юмыг идэхгүй, огтолсон нь тэгшгүй бол идэхгүй, асар түшлэгтэй сандал төвгүй бол суухгүй, нүд муу өнгийг үзэхгүй, чих харьцангуй дууг сонсохгүй, өглөө үдэш уянгат шүлэглэлийг дуудуулан, төв чигч хэргийг хэлүүлэн сонсож авбаас хөвүүн төрөөд байдал төлөв, эрдэм хүнээс илүү болмуй хэмээжээ Үүнийг хэвлий дотор сургамуй хэмээмүй>> гэжээ. Эндээс ухан бодвол Монголчууд эртнээс өөрсдийн үе удмыг залгах үр хүүхэддээ онцгойлон анхаарч хойчийн удам судраас мэдүүлэх ажил нь тэднийг ачит эхийн ариун хэвлийд бүрэлдэн тогтохоос эхэлнэ гэж үзсээр иржээ. Энэ нь улс гүрний тусгаар тогтнол иргэдийнхээс эхлэнэ гэдгийг ухаж байсны гэрч мөн. Үр удмаа өрх гэр бүр мэддэг, хүүхдүүддээ ярьж өгч, бичиж өөрөөр хэлбэл, угийн бичгээ амаар, бичгээр уламжлуулж байжээ. Энэ нь иргэний тусгаар

Page 31: Mongoliin Gun Uhaanii Baihui

тогтнол өрх гэрийн дотор бүрэлдэнэ гэдгийг сэтгэж байсан хэрэг. Овгоо хадгалан угийн бичгээ тэмдэглэж, хойч үедээ мэдүүлсээр ирсэн нь төрөл ойртож, цус ижилсэхгүй, угсаагаа ариунаар хадгалж эрүүл саруул үр удамтай байх, сайн сайхан гэр бүл үүсч, аж төрөхийн үндэс болсоор иржээ. Энэ нь өрх шиг өрх, айл шиг айлуудаас улс орны гал голомт бүрдэнэ гэсэн үг. Эндээс л “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас”, “Гэрийн сургаал төрийн үндэс” гэсэн аман болон бичгийн хууль гарсан. Эцэг эх, хүүхэддээ “барс цагт /4-6/ босохгүй бол өдрийн ажил хожимдоно, бага цагт сурахгүй бол насны явдал хождоно”, “Номын утгыг мэдвэл номхон дөлгөөн, төрийн ёсыг дагавал төлөв төвшин” гэх мэтээр сургаж уурлахдаа хүртэл “өөрөөр бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэх мэтээр зэмлэж байсан ажээ. Бидний өвөг дээдэс маань хэдийгээр өнөөтэй адилаар албан боловсролын тогтолцоогоор сурах боловсрох нөхцөл муу байсан ч амьдралын эрүүл ухаантай, хүмүүжил, хүмүүнлэг чанар, зан, зан заншил, ааш араншингийн хувьд гайхалтай сайн байсан, байгаагийн нууц юу вэ гэвэл тэд төрсөн ухаанаас сурсан ухаан илүү хэмээн сэтгэж “хал үзүүлж халуун чулуу долоолго, харьд явуулж хашир суулга” гэх мэтчилэн хүүхдийг багаас нь хүн болгоход сургах гэхдээ зааж зааварчлалгүй харин сурах аргыг зааж, чиглүүлж өгдөг байж. Энэ нь хүүхэд бусадтай харьцахдаа илүү чөлөөтэй, сэтгэлтэй, ирээдүй рүүгээ илүү итгэлтэй харсан, тэдний ажил, амьдрал төр засгаас бус зөвхөн өөрөөс нь шалтгаална гэдгийг ойлгосон жинхэнэ бие хүн болон төлөвшдөг байна. Энэ нь өнөөдөр боловсролд чухалд тавигдаж буй глобал боловсролын үндсэн асуудлуудтай ихэд ойр байдаг. Мөн тэд араншин удмынх, ааш ухааных хэмээх ба хүмүүсийн араншинг ерөнхийд нь хөнгөн, шаралхуу, түвшин, бүрэг хэмээн ангилж байсан. <<Түүнчлэн, араншин бүрийг нарийвчилж, хүн хүний араншинд тохируулан харилцаж заншжээ. Тухайлбал, хөнгөн араншинг хөнгөн цайлган, хөнгөн шаралхуу, хөнгөн шаламгай, хөнгөн хийсвэр, овилгогүй, шаралхуу араншинг омголон шаралхуу, шаралхуу цайлган, хортой, атаархуу, сонжооч гэх зэргээр төвшин араншинг ноён нуруутай, голч тууштай, цөлхи шаргуу, чигж зуунги, бүрэг араншинг бүрэг даруу, нэрэлхүү, няхуур, дотуур тамиртай, бүрэг дорой, зожиг тасархай, атгаг муу санаатай гэх мэтээр ялгаж эв зүйгээр харилцаж, хүмүүжүүлэн засч, сургаж>> заншжээ. Ер нь Монголчууд хүүхдийг төрсөн даруй нь хүн төрхтэй болохоос жинхэнэ хүн гэж тооцож байгаагүй, хүн ёсны гүн гүнзгий ухаанд суралцаж, биеэ даах чадвартай болсон, нийгмийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээх чадвартай болсон үед нь л хүн хэмээн үнэлдэг байсан. Тиймдээ ч настай хүмүүс тэдний тэр хүн болжээ, тэр ч хүн шүү, тэр ч хүн болох болоогүй байна даа хэмээн ярилцдаг билээ. Энэ нь ч тодорхой шалгууртай бөгөөд удам сайтай, бие чийрэг, хурц хараатай, сонор соргог, цэцэн ухаантай, тэнэгэр сэтгэлтэй, зориг чанга, бие бат, хэл уран, үг цөөн, ёс тахимдуу, эвсэг зэрэг бие, сэтгэл, оюуны зохиролтой талуудыг агуулсан байх ёстой аж. Гэхдээ энд нэг чухал асуудал буй бөгөөд хүн болсон хүн маань тусгаар оршихуйг эрхэмлэх гэхээсээ илүүтэй хамт олны дотор байж жинхэнэ хүн буюу боловсорсон хүн болдог хэмээн ойлгодог байсан. Өөрөөр хэлбэл, Монголчууд хамт олны үүргийг хувь хүнээс илүү тавьдаг нь ажиглагддаг. Хамт олны дотор орж хүний ёсны боловсролд суралцдаг бөгөөд ийнхүү хүн болох, хүн болсноор хамт олны дотор орж хүний ёсонд суралцахуй нь Монголчуудын амьдралын нэгэн мөчлөг байжээ. Хүн үхэхэд бие махбодь, түүний сүнс нь газар эх этүгэнд шингэдэг бол ухамсар, түүний амин сүнс нь тэнгэрт дэгдэн оддог байна. Онцгой сайн буюу муу хүний амин сүнс төдийгүй бие махбодийг ч тэнгэр авч оддог гэх бөгөөд тэдгээр нь дахин хүн болох боломжгүй байдаг юм.

1.3.2.6. Төр Монгол хэлэнд төр гэдэг эрт дээр үед гэр бүл, айлыг нэрлэсэн үг байжээ. Төр-энэ үг төрөл, төрх, төрөх, төрхжих, төрөлхтөн, төрхөм, төрөм, дөр, дүр зэрэг үгсийн язгуур юм. Их эзэн Чингис хаан хадамд очих охиндоо эхнэр хүнд “ариун нэр, авааль нөхөр, алтан төр” гэж эрхэмлэн явбал зохих 3 зүйл байдгийг сургаад алтан төрөө дээдэлж явбал алдар хүнд аяндаа ирнэ, алдар хүндийг олж чадвал, аваал нөхрөө орхиж үл болно хэмээн сургасан байдаг нь хүн,

Page 32: Mongoliin Gun Uhaanii Baihui

гэр бүл, төрийн уялдаа холбоо туйлын чухал болохыг харуулсан мөн түүнчлэн эцэг эх, ахмад хүний үрдээ гэрээсээ гарч амьдрахад дэм тус болох баримтлал юм. Монголчуудын гэр бүлийн орчин хүний тооноос үл хамааран хүн гэсэн харьцаа л гол зүйл байдаг нь нэн сонирхолтой бөгөөд нарийвчлан судлах л асуудал юм. Хүн болж төлөвшсөн хүн маань гэр бүлийн орчинд хамтран амьдрах эрдэмд суралцдаг бөгөөд өөрөөр хэлбэл, өөрийгөө хөгжүүлэх үүргээс гадна бусадтай хамт амьдрах, хөгжих улмаар бусдыг хөгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээдэг. <<Монголын Нууц Товчоонд айл гэр гэдэг үг нэг утга заадаг тэгэхдээ гагц бүл буюу өрхийг бус нэг эзний харъяат хэд хэдэн бүлийг хамаардаг нь нэн сонирхууштай бөгөөд Эргүнэ гүнгийн домог зэрэг аман мэдээ лүгээ холбож үзвэл айлаар аж төрөхүйн ёсон бүр эрт дээр үеэс холбогдож холбогдож болзошгүйг тэмдэглэе>> . Ийнхүү хүн төрхтийг хүн төрөлтөн болж гэр бүлийг жинхэнэ утгаар нь бүрэлдүүлснээр сая төрийн асуудал тавигддаг. Энэ ч утгаараа хүний амьдралын зохицол, зохирлын дээд, хүчирхэг бүтэц гэдэг утгаар нь төрийг эрхэмлэн дээдэлж ирсэн байна. Жинхэнэ хүн, гэр бүл төрийг бүрэлдүүлдэг учраас л ариун нандин шүтээн болдог байжээ. Биеэ засаад, гэрээ зассан хүмүүс төрд хүчин зүтгэж төрийн хүн болдог. Өөрөөр хэлбэл, энэхэн биеэ зон олныхоо төлөө зориулах тийм л хүмүүс төр барилцах ёстой бөгөөд бие даасан хүн, гэр бүлийн гишүүн гэхээсээ төрийн хамаарлын хүн болж ажиллаж амьдардаг байжээ. Ийм ч учраас эзэн богд Чингис хаан <<Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү сандартугай>> хэмээсэн. Мөн <<Хүн бүхэн хаан болж үл болмой. Үнэн хаан хэмээгч хаан хэмээх нэр өргөлгүйгээр ердөө олны сэтгэл хаан мэт үзмой. Үүнийг сая хаан хэмээмой>> гэсэн байдаг нь нэг талдаа зон олны итгэлийг олох улс төрийн суртал ухуулгын зэрэгцээгээр нөгөө талд, Монгол төрийн талаархи сэтгэлгээний өвөрмөц онцлог юм. Ийнхүү цөөнх нь олонхийн итгэлийг дааж, тэдний төлөө энэхэн биеэ зориулах сэтгэлгээг хөгжүүлж ирсэн ба олонхи эрхээс үүрэг, эв эеэ эрхэмлэн зөвшилцөх, нэгэн жолооны удирдлагатай байх нь чухал. Иймээс удирдах удирдуулах, захирах захирагдахын ёс байх ёстой гэх улс төр, нийгмийн сэтгэлгээний үнэт зүйлс төрөн гарсан байдаг. Тухайлбал, эрхийг бус үүргийг дээдлэх ёс нь ахас дээдсийг хүндлэн, хүү нь эцэгтээ, залуучууд нь ахмаддаа, харьяат ард нь төрдөө захирагдах үндэс болсон бол, зөвшилцөл, нэгэн жолооны удирдлагатай байх нь Алунгоо эхийн домог, эв эеийг сахих ёсон зэргээр харагдах ба түүнчлэн “адуунд азрагагүй бол сүрэг болж чаддаггүй, галуунд тэргүүнгүй бол цуваа болж чаддаггүй” хэмээн үзэж байв. Эдгээр асуудлын хөгжил болон уламжлалт нийгмийн он удаан жилийн түүхэн хөгжлийн явцад төр эрхэм дээд шүтээн болон хувирч хөгжсөн байна. Энэ тухай судлаач С.Сэлэнгэ <<...Газар зүйн орчин, амьдрах аж төрөх аргаас улбаалан цусан төрлийн холбоонд үндэслэгдсэн эцгийн эрхэт ёс уламжлалт ёс зүй дорнын улс орнуудад харьцангуйгаар удаан хугацаагаар хадгалагдан үлдсэн нийгмийн нөхцөл байдал нь төрийг дээдлэх, төрийн үүргийг хувь хүний үүргээс дээгүүрт авч үзэх улмаар эрхийг бус үүргийг дээдлэх нийгмийн үндсийг бүрдүүлжээ. Мөн амьдрах аж төрөх арга нийгэмшлийн онцлогоос шалтгаалан газрыг өмчлөх гол субъект нь төр байдаг явдал материаллаг үндсийг бий болгосон. Харин тэнгэрлэг гэгээрсэн эзэн хааныг шүтэж, төрөө дээдлэн, төрийн үүргийг өндөржүүлж үүнээс улбаалан эрхийг бус үүргийг дээдлэх үзэл сэтгэлгээний гүн ухааны буюу онолын үндэс нь тэнгэр шүтэх үзэл болно. Энэ үндсэнд Дорнын деспотизм бий болжээ>> гэж үзсэн. Ийнхүү төрийг эрхэмлэхүй, дээдлэхүйн сэтгэлгээ нь хөгжлийнхөө явцад шүтэхүйн сэтгэлгээ болж хөгжсөн ба төр бүтэх, хаан төрөх нь чинад хүчний эрхшээл, нөлөө, оролцоон дор цогцолдог хэмээн сэтгэж эрхэм дээд шүтээн Мөнх тэнгэр лүгээ холбон шүтэх болжээ. Ийм ч учраас тэд эзэн хаан, төрийн тэргүүн гэдэг жирийн хүн биш оюун чадлаараа шалгарсан сэцэн гэгээрсэн тэнгэрлэг хүн хэмээн үзэж, тэнгэртэй холбож байв. Ийм үзэл баримтлал зөвхөн Мөнх тэнгэрийн хөтөл үзлийн үед л цоо шинээр гарч ирсэн зүйл биш бөгөөд тухайлбал, Хүннүгийн эзэн хаан “шаньюү”-г “тэнгэрийн хүү” хэмээн үзэж, хааны элч төлөөлөгч нь <<тэнгэрийн

Page 33: Mongoliin Gun Uhaanii Baihui

ивээлээр суусан Хүннүгийн их шаньюгийн элч мөн>> гэсэн пайзтай байв. Мөн АТ-ын VII-VIII зуунд амьдарч байсан Түрэгийн язгууртан Билгэ хааны дурсгалын хөшөөнд <<...Харш ордоо энд би босгов. Хана хэрмээ энд би барив. Миний суурилуулсан засмал чулуун дээр сийлсэн бичгийг мянган жил, түмэн өдөр дурсах болно. Мөнх тэнгэрийн зарлигаар энх сайхан дэлхийн ивээлээр эрхт төрийн эзэн болов>> хэмээн нэн тодорхойгоор өгүүлсэн зэрэг олон баримтаар тодруулж болох билээ. Түүнчлэн Баяд аймгийн нэгэн мэргэн өвгөн <<Чингис хаан бол гаднаа цогтой, дотроо бодолтой, авъяас билиг төгөлдөр хүн тул хаан суух нь эргэлзээгүй>> хэмээн өгүүлсэн бол <<Чингис хаан бол баатар зоригтой, билиг ухаантай, хавтай идэрхэг хүн ажээ>> хэмээн бодит амьдрал дээр байгааг нь ч дүрслэн тодотгосон байдаг. Монголчууд өөрсдөө байгаа учраас төр нь тогтож буй бус харин төр буйгаас л ард зон аж төрж оршин тогтнож буй хэмээн сэтгэж байсан. Эдүгээ зарим судлаачид Монголчууд бид уламжлалт төрөө эрхэмлэн дээдлэх, шүтэх сэтгэлгээнээсээ болж ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн үздэг нь нэг талдаа үнэний хувьтай юм. Учир нь Монголын төр хүчирхэг байх үед, өөрөөр хэлбэл, төр ард олондоо бүрэн үйлчилдэг зүй ёсны байх үед бий болж хөгжсөн сэтгэлгээ билээ. Доктор Ч.Жүгдэр бүтээлдээ <<Жирийн малчин хүн “төрийн сүлд өршөө” хэмээн залбирах нь тэдний олон үеийн төрийн гүн ухамсар, төрийн тусгаар тогтнолд гүн итгэлтэйг илтгэн харуулж буйгаас гадна тэдний төр бол дотоодын хямралыг гаргуулахгүй байхын хамт…булаан эзлэх өнгөлзлөг зэрэг харийн түрэмгийллийг няцаах бат хүч болж байсны тусгал мөн>> хэмээсэн байдаг нь оновчтой дүгнэлт мөн. Энэ бүхнээс үзвэл Мөнх тэнгэрийн хөтөл үзэл нь Монголчуудын зөвхөн байгаль дэлхийгээ танин мэдсэний үр дүн төдий бус сансар хорвоогийн уудмыг шинжин ажиглаж, түүний талаар тогтсон ойлголт, ухагдахуунуудыг төлөвшүүлэн хөгжүүлсний илрэл бөгөөд гүнзгий хийсвэрлэлийн аргаар нийгэм-улс төрийн сэтгэлгээний гүнд хүртэл боловсруулсан ажээ.

II хэсэг. Өөрчлөлт хувьсал, төлөв байдал I бүлэг. Буддизмын нөлөө

Өөрчлөлт бүхэн ахиц дэвшил авчрахын зэрэгцээ

өрнөн хөгжиж байсан аль нэгэн явцыг боомилдог.

2.1.1. Буддын гүн ухааны товч агуулга 2.1.1.1. Гол үзэл санаа

Буддизмыг үндэслэгч нь Сиддхарта бөгөөд тэрээр алдартай “дөрвөн үнэн”\arya satya\-ий тухай сургаалаа номлосон, үүний үндсэн ойлголт нь зовлон \duhkha\ юм. Зовлон нь а\ өөрийн хийсэн үйлийн, б\ өөрөөс шалтгаалаагүй буюу өмнөх үеийн, в\ хүний үйлээс ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй гэсэн гурван үндсэн шалтгаанаар тохиолддог. Тэрхүү шалтгааны нөхцөл нь шүтэн барилдахуйн 12 зарчим \dvadasanidanas\ болно. Юмсын хоорондын шүтэн барилдалгааг 1. Гадаад, дотоод хоёрын \объект, субъект хоёр\, 2. Дүрс, мэдэл хоёрын бие ба оюун ухаан\, 3. Сав, шимийн \амьд ба амьгүй биеийн\ гэсэн гурван үндсэн харилцаагаар явагддаг гэх ба хамаг юм шүтэн барилдсаны эрхээр орчлонгийн дотор эргэн эргэн төрж байдаг учраас үүнийг орчлонгийн хүлээс хэмээн нэрлэж түүнийг тайлан гарах хэрэгтэй болдог. Энэхүү шүтэн барилдлагын 12 гишүүн нь мунхгийн харанхуй \avidya\, хуран үйлдэхүй \samskara-нүгэлт ба буянт сэтгэлийн үйл\, тийн мэдэхүй \vijnana-ухамсар, хувь хүний туршлага ба мэдлэг\, нэр дүрс \namarupa-гадаад дүр төрх, хэлбэр, хэмжээ\, төрөн түгэхүй \sadayatana-мэдрэхүйн зургаан эрхтний буюу дотоод танин мэдэхүй\, хүрэлцэхүй \sparsa-язгуурын 18 шүтэн барилдахуй\, сэрэхүй \vedana-мэдрэхүйд гадаад дүр тусгал буух\, хурьцал \trsna\, төрөл авах \upadana-үр

Page 34: Mongoliin Gun Uhaanii Baihui

боловсрох\, сансар \орчлонгийн амьдралд шунахуй\, төрөхүй \jati-үр мэндлэхүй\, өтлөх үхэх \jaramarana\ гэсэн агуулгаар тайлбарлагдана. Бүхий л зовлонгоос ангижрахыг нирван \nirvana буюу duhkha nasa\ хэмээн үздэг бөгөөд энэ нь ертөнцөөс тасран одох аль нэгэн мөнх тогтвортой жаргалангийн оронд хүрэх тухай ойлголт биш, харин зовлон бол амьдралын мөн чанар учраас түүнийг мэдлэг ухааны хүчээр гэтлэх ёстой гэдэг. Нирван нь амьдралын туйлын дээд зорилго бөгөөд үүнд хүрэхэд бага хөлгөнд \hinayana\ 1. Бурхан багшийн сургаалын ач холбогдол, үнэн мөн чанарыг ухаарах \srotapanna\, 2. Түүнийг ямар нэгэн хэмжээгээр даган мөрдөх \sakadagani\, 3. Энэхүү зам мөрөөс нэгэнт ухран гарч чадахгүй болох \anagama\, 4. Нирванд хараахан хүрээгүй түүний босгон дээр ирсэн хүн буюу архад \arhat\ гэсэн үе шатуудаар тайлбарладаг. Хэрвээ гэр бүлийн амьдрал бүхий хүн нирванд хүрэхийг зорьвол түүний эцсийн зорилго нь бурхан бус архад байдаг ба үүнийг ширвак \sravakayana\, харин архадаар зогсохгүй бурхан болохоор зорьсон бол түүнийг пратикабуда \pratyekabudhayana\ гэж нэрлэнэ. Гэтэл их хөлгөнд \mahayana\ хэдийд хүн туйлын үнэнийг ухаарна төдийд л нирванд хүрнэ гэж үзэх бөгөөд бодьсадын \bodhisattvayana\ замыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь зөвхөн өөрөө гэгээрээд сэтгэл ханахгүй бүхий л хүн төрөлхтөн гэгээрэх ёстой хэмээн зорино. Хинаяна нар нирваныг 1. Хэдий нирванд хүрсэн ч ямар нэгэн юм дутуу, нөхцөл байдлаасаа салаагүй бөгөөд харьцангуй үнэнийг ухаарсан \sopadhisesa nirvana\, 2. Ямар ч нөхцөл байдлаас шалтгаалахгүй туйлын үнэнийг онон ухаарсан \nirrupadhisesa nirvana\ хэмээн ангилж үзнэ. Зовлонгоос ангижрах зам мөр нь өөрийн амьдралын зайлшгүйгээ танин мэдэж байж чөлөөт байдалд хүрэх явдал бөгөөд үүний тулд чөлөө, учрал гэсэн хоёр үндсэн ойлголтыг мэдэх ёстой. Чөлөө нь буруу үзэл, адгуус, бирд, там, зах хязгаарт төрсөн, тэрс номтон, тэнэг хэлгий, асури (урт наст тэнгэр) гэсэн найман чөлөөгүйг давах, учрал нь өөрийн (хүн болох, дунд төрөх \буддын номлол бүхий газар\, эрхтэн төгс, үйлийн эцэст үл буруушаагдах, аливааг ухааран чадагч байх) болон бусдын учралт (төв газар \бурхны сургаал үндэс болсон\, дээдийн ном дэлгэрсэн, номын ёс эс доройтсон, бурхан номд итгэх, бусдыг энэрэгч) арван зүйлийг сайтар танин мэдэж өөрийн үйлээ зохистой үзэл-samyak drsti, зохист санаа бодол-samyak sankalpa, зохист яриа-samyak vag, зохист үйл-samyak karmanta, зохист аж төрөхүй-samyak ajivika, зохист дадал-samyak vyayana, зохист ой ухаан-samyak smrti, зохист нэгэн үзүүрт сэтгэл-samyak samadhi дээдийн найман мөрд \arya astangika marga\ нийцүүлэх ёстой. Буддистууд atman-ы тухай сургаалыг шүүмжилж “би” үгүйн сургаалыг \anatmavada\ номлодог бөгөөд чухам яагаад үүнийг шүүмжилдэг вэ гэхээр хэрэв бид түүнийг хүлээн зөвшөөрвөл мөнхийн тогтвортой үе шатуудыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг учраас бодит байдлын мөн чанарт нийцэхгүй гэж үздэг. Ингээд тэд мөнхгүйн үзлийг \anityata\ сургадаг ба энэ үзлээр хувьсан өөрчлөгдөхүй нь бодит байдлын, тогтвортой байдал нь мэдлэгийн түвшинд ухаарагдах бөгөөд хувьсан өөрчлөгдөхүйн мөн чанар нь харин мөнх тогтвортой байдаг. Юмс үзэгдэл өөрчлөгдөхдөө агшин бүрд хувьсах бөгөөд тийм ч учраас бодит байдал бол тогтворгүй, тэдгээр оршихуйн хамгийн минимум хугацаа нь агшин байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үйл явц нэгээхэн агшинд болоод өнгөрсөн ч энэ нь үнэн бодитой хэмээх хангалттай үндэс болдог. Үүнийг агшины тухай сургаал \ksanikavada\ гэдэг. Энэхүү агшин тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа үйл явцыг бид мэдрэхүйн туршлагаараа танин мэдэх бөгөөд уг мэдлэгийн тасралтгүй үргэлжлэх холбооны тухай сургаалыг santanavada гэж нэрлэдэг.

2.1.1.2. Үндсэн чиглэлүүд Буддын гүн ухаан нь дотроо вайбхашика, саутрантика, йогачара, мадхъямака гэсэн дөрвөн гол чиглэлтэй. Вайбхашика чиглэлийн уг сурвалж нь “abhidharmapitaka” юм. Энэ чиглэлийн томоохон төлөөлөгч нь Васубанду бөгөөд гол сургаал нь дхармын онол байдаг. Дхарма нь ахуйн бүрдэл хэсгүүд, юмс хийгээд сэтгэлийн тодорхой төлөв байдлууд юм. Түүнийг танин мэдэх нь жинхэнэ, зөв мэдлэгт хүрэх үндэс суурь нь болно. Дхармыг цувиралт, цувирал үгүй гэсэн үндсэн хоёр хэсэгт ангилах ба цувиралт дхармыг 5 цогцоор задлаж тайлбарлана. Харин цувирал үгүй дхармад хуран үүдсэн бус бусдад тархмал шинжтэй үүсэл, устал үгүй мөнх

Page 35: Mongoliin Gun Uhaanii Baihui

зүйлийг багтаан үздэг ба дотор нь огторгуй, өөр өөр шинжилсний, өөр өөр шинжлэх бус гэж ялгана. Үүнээс огторгуй нь махбодьтой зэрэгцэн оршигч анхдагч эхлэл мөн төдийгүй түүнийг хөдлөх, нэгдэх бололцоог хангадаг гэдэг бол үлдсэн хоёр нь дхармуудын харилцан шүтэлцээ, тэдгээрийг танин мэдэхүйн арга замыг илэрхийлсэн ойлголт байдаг. Ингээд нийтдээ 75 дхармын тухай үздэг. Дхарма нь махбодиос бүрдэх бөгөөд махбодийг шороо, ус, гал, хий гэсэн дөрвөн язгуурт хуваадаг. Саутрантика чиглэлийн гол төлөөлөгчид нь Кумаралабха, Яшомитра, Дарамтрира нар бөгөөд голчлон Ганжуурын судрын аймагт түшиглэн сургаал номлолоо айлддаг. Тэд эхэндээ вайбхашикагийн онол сургаалыг баримтлаж байсан боловч тэдний үзлийг Буддагийн сургаалаас зөрөөтэй хэмээн шүүмжилдэг. Тиймээс юмс үзэгдлийн өөрчлөлт хувьслын тухай үзэл санааг чухалчилж, агшины онолыг баримтладаг. Бүх юмс үзэгдэл бүгд гурван цагт оршино гэдэг үндэслэлийг шүүмжлэн эсэргүүцэж “бүгд одоо л оршино” гэж үздэг. Энэ чиглэлийнхэн туршлага л мэдлэгийн үндэс мөн гэж нотлоод мэдлэг үүсэх дөрвөн нөхцлийг сургажээ. Үүнд: 1. Тухайн зүйлс, 2. Урьдчилан мэдэхүй таамаглал, 3. Дамжуулагч буюу зууч, 4. Мэдрэх эрхтэн зэргийг багтаасан байна. Йогачара чиглэлийг Асанга үндэслэсэн бөгөөд томоохон төлөөлөгчид нь Дигнаги, Дармакирти нар юм. Тэд юмс үзэгдлийн эсрэг тэсрэг талуудын нэгдлийг илэрхийлсэн хоёр үгүйн үзэл, оногдохуйн мөн чанарыг тодорхойлсон үүдсэний ба эс үүдсэний зэрэг категориудыг авч үздэг бөгөөд аливаа бүхний анхдагч эхлэл болох хотлын шүтээн гэдэг ойлголтыг дэвшүүлж тавьжээ. Хотлын шүтээн гэдэг нь онохуй, оногдохуй хоёрыг хамтад нь агуулсан ямарваа ялгарал үгүйтөгс, дээд, орон цагаар үл хязгаарлагдагч, бүхний үндсэнд оршигч түгээмэл оюуны нэрийтгэл юм. Гол эх сурвалж нь Майдарын таван ном гэж алдаршсан бүтээл юм. Мадхъямака бол буддын гүн ухааны гол хэсэг нь мөн бөгөөд бүх юмс үзэгдэл үнэн бодитой оршдог \sarvastivada\ гэх үзэл, бүх юмс үзэгдэл оргүй хоосон \sunyavada\ гэсэн үзлүүдийн дундаж утга болгож их сэтгэгч Нагаржуна үүсгэсэн юм. Түүний гол үзэл нь хоосон чанар \sunyatavada\ бөгөөд энэ нь юмс үзэгдлийн дотоод нэгдэл, мөн чанарын асуудал. Хоосон чанарын онолын хураангуй илэрхийлэл нь түрдэх үгүй \anirodham\, төрөх үгүй \anutpadam\, тасархай үгүй \anucchadam\, мөнх үгүй \asasvatam\, ангид утгат бус \anekartham\, нэгэн утгат бус \ananartham\, ирэхүй үгүй \anagamam\, одохуй үгүй \anirgamam\ хэмээх алдарт найман үгүйсгэл юм. Энэхүү үгүйсгэл нь ертөнцийг үзэх өрөөсгөл хандлагыг шүүмжлэн ертөнц нэг талаас тогтвортой, нөгөө талаас хувьсамтгай байдаг дундын харилцаанд оршдогийг тооцох шаардлагатайг чухалчилдаг. Уг чиглэлийн хөгжлийг 1. Нагаржуна, Арьяандэв нарын үе (II-IV зуун), 2. Буддхапалита, Бхававивека нарын үе (V-VI зуун), 3. Шантидэва, Чандракирти нарын үе (VII-VIII зуун), 4. Шантаракшита, Камолашила нарын үе (IX-X зуун) гэж үечлэж болох бөгөөд эдгээр сэтгэгчдийн үзэл санаа тусгалаа олсноор мэдлэгийн нарийн тогтолцоог үүсгэсэн юм. Түүнд прасангика, сватантрика гэсэн хоёр гол урсгал бий бөгөөд прасангика нь мадхъямакагийн гол утга бол эсрэг этгээдийн эерэг болон сөрөг аливаа нотлолыг үгүйсгэн, дотоод зөрчлийнх нь үүднээс түүнд хандаж, тэдгээрийг гагцхүү шүтэн барилдлагад, тэгэхдээ харьцангуйгаар үзэх явдал юм гэдэг. Харин сватантрика нь ерөөс юмсын биед хүртэгдэх чанарыг үгүйсгэхгүй, гагцхүү төгс бодитой оршино гэдгийг л үгүйсгэдэг. Хоосон чанар бол юм байхгүй гэдгийг нотлох бус харин гагцхүү байна гэдэг хэвшмэл нотлолыг үгүйсгэх хэрэг гэж үндэслэлээ гаргаад прасангика нарыг өөрийн үндэслэлийг гаргаж тавиагүй хэмээн шүүмжилдэг байна.

2.1.2. Монголд дэлгэрсэн нь 2.1.2.1. Нийгэм-улс төрийн хүчин зүйл

Эзэнт гүрний үед Монголд бөөгийн шашнаас гадна буддын, лалын, христийн шашин, соёл зэрэгцэн оршиж байсан бөгөөд юутай ч <<Энэтхэгийн хүчирхэг Маурын гүрний Гаслангаас нөгчсөн хэмээх Ашока хааны үеэс бурхны шашинтны III их чуулган хурж, хөрш орнууд түүний дотор хойд болон баруун хойд Азийн орнуудад шашин номлогч нараа илгээж эхэлсэн гэдэг.

Page 36: Mongoliin Gun Uhaanii Baihui

Кашмираас эхэлсэн энэ аян дорнод Туркмен хүрч, тэндээс Монгол нутагт нэвтэрсэн хэрэг гэлтэй. Харин он цагийн хувьд энэ нь Монголын анхны төр улсын бүрдэл Хүннү гүрний үед холбогдох юм. Хүннүчүүд бөөгийн шашинтай байсан нь эргэлзээгүй боловч олон улс оронтой гадаад харилцаа явуулж байсны хувьд баттай үндэслэлтэй нэгдмэл сургаал болох буддизмын нөлөөг огт аваагүй гэх үндэсгүй бөгөөд тодорхой баримтуудаар ч батлагддаг...>> Ийнхүү буддизм бүр Хүннүгийн үеэс Монгол оронд нэвтрэн язгуур угсааны бөө мөргөлтэй зэрэгцэн Монголчуудын оюуны соёлын нэг бүрэлдэхүүн болж хөгжиж ирсэн боловч эхэн дэлгэрэлтээр Монголчуудын ертөнцийг төсөөлөх төсөөлөлд өөрчлөлт оруулж өөрийн тодорхой байр суурийг эзлэхүйц хэмжээнд хүрч чадаагүй юм. Харин дунд болон гурав дахь дэлгэрэлтээр Монгол хүний сэтгэлгээний гүнд нэвтэрч уламжлалт шашин, соёл болтлоо хөгжсөн байдаг. Ялангуяа гутгаар дэлгэрэлтээс зөвхөн талын сурвалжтан хаад ноёдын ордон өргөөгөөр хязгаарлагдсангүй, харин ч нийт олны шүтлэг, соёл болж өргөн бөгөөд гүнзгий нэвтэрч шингэсэн байдаг. Түүнчлэн гүн ухааны түүхэн уламжлал ч болж хөгжсөн бөгөөд буддизм Монгол газар хүчтэй дэлгэрснийг судлаачид голдуу улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг. XVI зууны үед Монголын улс төрийн бүлэглэлүүд Түвдийн бурхны шашны нөлөө бүхий аль нэг урсгалыг тэтгэн дэмжиж, түүний нэр хүнд, нөлөөг өргөн мандуулах замаар Монголд байр сууриа бэхжүүлж, Төв Азийн олон улсын харилцаанд идэвхтэй оролцож байсан. Нөгөө талд, бурхны шашны нэрээр халхавчлан олон зууны турш харилцан тэмцэлдэж байсан Түвдийн шашин улс төрийн бүлэглэлүүд гадны хүчирхэг холбоотныг өрсөлдөн хайж байх үед тэдний хувьд холбоо тогтоож болохуйц тийм хүчин нь тухайн үед Монголын хаад ноёд мөн байжээ. Хоёр этгээдийн ашиг сонирхол тухайн үеийн Төв Азийн улсуудын хоорондын харилцааны байдалтай нягт уялдсан учир XVI зууны сүүлчээс Монгол Түвдийн харилцаа сэргэж, бурхны шашин Монголд дахин дэлгэрэх, цаашид хөгжих түүхэн нөхцөл бүрэлдсэн байна. Гэхдээ буддизм Монгол газар ахар богино хугацаанд өргөн дэлгэр болж мандсан нь зөвхөн улс төрийн нөхцөл байдлаар тайлбарлах нь учир дутагдалтай бөгөөд Монголчуудын уламжлалт сэтгэлгээний орчинд нарийн судалгаа хийх шаардлагатай билээ.

2.1.2.2. Оюун санааны хүчин зүйл Юутай ч буддизмыг сурталчлан ухуулагчид үе улиран Монголчуудад шашин соёл, гүн ухаанаа таниулан сурталчлахыг оролдож ирсэн бөгөөд хамгийн зохистой үе болох төр улсаараа дайн байлдааны хөлд сульдан доройтож, амар амгаланг эрхэмлэх нийгмийн сэтгэл зүй давамгайлсан үед гутгаар дэлгэрэлтээ зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Монголчуудыг эрхшээлдээ байлгах гэсэн манжийн төрийн бодлоготой нийцэж байсан ба нөгөө талд олон, олон санаархагчдын хоол болж уусахаас сэргийлэн магад дахин сэргэх боломжийг хүлээн бутархай улсаа нэгтгэх, тийнхүү нэгтгэхэд гол үзэл санааны зэвсэг болох байсан бөө мөргөл тухайн цаг үеийн нийгмийн хөгжлөөс ихэд хоцрогдсон, түүнчлэн лалын болон христосын шашны эсрэг сөрөн зогсох хүчирхэг оюун санааны хүчийг эрэлхийлж байсан Монголын төрийн түшээд, ноёдын давхар дэмжлэгийг авсан байна. Энэ тухай академич Ц.Дамдинсүрэнгийн оновчтой зүйрлэн хэлсэнчлэн “Хятадын хаад хойд зүгийн нүүдэлчдээс сэргийлэн халхлахын үүднээс түмэн газрын цагаан хэрмийг босгосон ахул Монголын хаад язгууртнууд өмнө зүгийн суурин соёлын уусгагч нөлөөллийг хаан хорихын үүднээс оюуны улаан, улмаар шар хэрмийг босгосон хэрэг гэлтэй” хэмээсэн бол Л.Н.Гумилев <<Византынхан болон Төвдийнхөн бол газар нутгийг цус урсган булаан дээрэмдэж, цэрэг зэвсгийн хүчээр өөрийнхөө соёл иргэншлийг дэлгэрүүлж байсан баруун европынхон, мусальман, хятадуудаас эрс ялгаатай, тэд нар бол харин газар нутгийг бус хүн ардын сэтгэл санааг эзэмдэхийг зорьж байв. Иймээс тэд нар тухайн орнуудад эзлэн түрэмгийлэгчдийг илгээж байсангүй, эрдэмтэн багш нарыг илгээж байв. Дайнч оросууд хар бүстэй, бавгар сахалтай лам нарын гараас тэр бүхнийг хүлээж авсны адил, догшин Монголчууд шар жанчтай, тоймог толгойтой лам нараас бичиг ном, эрдэм боловсрол, уран сайхны амт шимтийг хүлээн авсан юм>> гэжээ.

Page 37: Mongoliin Gun Uhaanii Baihui

Гэхдээ буддизмын сургаал нь бүхэлдээ хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж тэдний сэтгэл, ухааны ертөнцийг өөрчлөн, тайвшруулан амирлуулах, амгалан жаргаланг эдлүүлэх зорилготой байдаг нь олон зуун жилийн дайны хямрал, аллага хүчирхийллээс залхаж гүйцсэн Монголчуудын сэтгэл зүйн далд сэдэлд хүчтэй нөлөө үзүүлжээ. Буддизм дахь шашны зан үйл, сургаал нь бусад шашинтай харьцуулбал туйлын зохицонгуй шинжтэй, өөрөөр хэлбэл, нэн уян хатан ба тухайн ард түмний соёлын уламжлал, ёс заншлыг нарийн тусгаж өөртөө шингээн авч чаддаг онцлогтой. Энэ тухай Оросын эрдэмтэн В.В.Малявин хэлэхдээ ”буддизмын заяа дэлхийн бусад шашинтай жишихэд адилгүй. Буддизм дэлгэрсэн орныхоо уламжлалт соёлыг шахан зайлуулдаггүй, соёл түүхийн нэгдлэг байгуулдаг онцлогтой” гэсэн байдаг. Хэдийгээр бөө мөргөлтэй тэмцэлдэн гарч ирсэн түүхэн баримтууд их байх боловч эерэн зохицох оролдлого, үр дүн бүхий ул мөр бүр л их байх аж. Тиймээс Монголчуудын гол шүтээн болсон бөө мөргөлтэй аль болох эерэн зохицуулах, нийлэгжүүлэн хослуулах олон хувилбарыг боловсруулан хэрэглэсэн юм. Юутай ч энэхүү сургаалыг дагах, эс дагах нь ард олны сэтгэлгээний онцлог, нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой асуудал бөгөөд бурхны шашин сэтгэл зүйд нөлөөлөх, улмаар бясалгуулах аргаар сүсэг бишрэлийг төрүүлэх аргыг илүү чухалчилдаг аж. Нөгөө талд Ази-Буддын соёлын талаар тодруулж үзвэл бүхнийг оршихуйн анхдагч чанар байгалиас өөрөөс нь эхлэлтэй бөгөөд аливаа оршигч бүхэн өөрөө өөрөөсөө шалтгаацан оршиж, хөгжиж, мөхөж байдаг жамтай хэмээн үзэх анхдагч байгальчлах сэтгэлгээ (космологийн үзэл) дорнын ард түмний ертөнцийг үзэхүйд тодорхойлогч байр суурьтай байлаа. Үүний үндсэнд буй тэнгэрийн тухай үзэл нь энэхүү байгальчлах сэтгэлгээний анхдагч илрэл мөн байх агаад тэнгэр шүтлэгтэй бүх улс үндэстэн буддын соёл, сэтгэлгээний арга тогтолцоог шууд хүлээж авах таатай үндсийг бүрдүүлжээ. Харин буддизм дахь гүн ухааны сургаалд бие хүний төлөвшил, хөгжлийн асуудал бөөгийн мөргөлтэй харьцуулахад онолын хувьд түлхүү хөгжсөн байдаг нь Монголын гүн ухааны хувьсал улмаар хөгжилд тэргүүлэгч байр суурьтай болсон. Учир нь чухам энэ үед язгуур гүн ухааны сэтгэлгээний залгамж чанар тасарч үүнд суралцах нь хоёрдугаарт тавигдах болсон гэж үзэж болно. Аливаа үндэстний оршихуйн үндэс нь гүн ухаан, шашин, соёлын мөн чанарт нь байдаг бөгөөд хүнээ шүтэж, эрхэмлэн дээдэлж ирсэн хүн ёсны гүн ухаан, соёлт Монголчуудад буддын сургаал дахь шашин, соёл, гүн ухаан ихэд ойр байж нөлөөлсөн нь буддын гүн ухаан ер нь буддизмын сургаал тархан хөгжих гол үндэс болсон юм. Ийнхүү XYI зуунаас Монголд буддизм дахь шарын шашин эрчимтэй дэлгэрч ялангуяа байгаль, дэлхий, хүний амьдралын мөн чанар, утга учрын тухай, түүний гол номлол сургаалыг ертөнцийн хөдөлшгүй үнэн хэмээн баттай итгэж үнэмшсэн байдал нь хүний амьдралд учирч тохиох юм болгон урьдаас нөхцөлдсөн ямар нэг үйлийн үр, үүтгэлтэй байдал учраас тэр л жам ёс, тэр л зураг тавилангаараа болох ёстой хэмээн дагаж мөрдөх сэтгэцийн тогтвортой хэв шинж бий болж, улмаар хэрэг явдлаа хүссэн ч хүсээгүй ч тэр л дагуу эрхшээн үйлдэх, үл ухамсарлахуйн хүчин зүйл үйлчилж эхэлдэгтэй холбоотой хэмээн дийлэнхи нь сэтгэж, харин цөөнх мэргэд буддын гүн ухаанд шамдан суралцаж, язгуураас уламжлан ирсэн гүн ухааны яндашгүй өвтэйгээ нийлэгжүүлэн хөгжүүлэх, улам хүчирхэг төгөлдөр болгон нийтэд сурталчилснаар буддын гүн ухааны Монгол уламжлалыг хөгжүүлсэн байна. Энэ тухай доктор Д.Дагвадорж <<...бурхны шашин төвт дорнын соёл иргэншил түүхэн зүй тогтлоор нэвтрэн орж ирсэн, тэрхүү соёл нэвтрэн дэлгэрэхдээ Монголын уламжлалт соёл, шашин номын тогтолцоо, зан заншил, ёс суртахуунтай шүтэлцэн Монгол төрх төлөвийг олсон явдлаар тайлбарлаж болох байна. Мөн Монголын төрийн ба шашны зүтгэлтний үйл ажиллагаагаар шашны оршихуйн үндэс сүм хийд байгуулагдан, сургууль соёлын газар нээгдэн Монголын залуу үеийг дорнын соёл, шашин-гүн ухааны уламжлалт номлол сургаалаар хүмүүжүүлэн боловсруулсан зэрэг нийгэм-соёлын үйл ажиллагаагаар тайлж болох билээ. Үүний зэрэгцээ тухайн үеийн нийгмийн гадаад, дотоод нөхцөл, буддын гүн ухаан Монгол газар уламжлагдахдаа орчуулах, тайлан тайлбарлах, энэ үндсэн дээр бүтээн туурвих байдлаар буддын сэтгэхүй Монгол уламжлалаар баяжигдан Монголчуудын оюуны нэгэн сурвалж хүчин болж ирсэн онцлогийг хадгалж байдаг юм>> хэмээсэн байдаг.

Page 38: Mongoliin Gun Uhaanii Baihui

Буддизм эд баялаг, материаллаг халамжаас илүү оюун санаа, ёс суртахууныг дээдэлж, хүний сэтгэлийг ариусгах гэгээрүүлэхийг эрхэмлэн бурханчлах үзэл, орчлон ертөнцийн амьтай бүхнийг энэрэн хайрлах, хүмүүнлэг нигүүлсэнгүй үзэл санаа, алив бүхэнд эвдрэлийг бус эвийг эрхэмлэх үүднээс хүлцэн тэвчих, найрсан зохицох үзэл, ер хүн бүр эрх тэгш, эн тэнцүүхэн хувь заяатай, дээд, доодын ялгал нь үзэгдэх төдий түр зуурын агаад уг чанартаа нэг л мөн чанартай гэх, мөнх ба мөнх бус, би ба би бус, буй ба буй бишийн ялгаа туйлшралыг биш түүний зохицол төв дундыг голчлох үзэл санаа зэрэг буддын сургаалын онцлог чанарууд Монголчуудын сэтгэлгээний гүнд дасан зохицох үндэстэй байсан тул Монголын уламжлалт шашин, гүн ухаан, соёл болсон байна. Гэхдээ буддизм Монголд дэлгэрэн хөгжихдөө зөвхөн эерэг үр дүн, сайн сайхан бүхнийг авчирсангүй олон сөрөг үр дагаварыг авчирсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Тухайлбал <<...улс орныг удирдах хэрэгт оролцуулах зорилгоор тусгайлан сургаж, бэлтгэж зохих болзлыг хангасан шашны зүтгэлтнүүдэд тэр үеийн ноёдын олон зэрэг, хэргэмтэй адилтган дүйцүүлсэн эрх дархыг уг цаазын дагуу олгох болсон нь Монголын дотоодод мөлжөгч давхрааныхны тоо, хэмжээг бараг хоёр дахин өсгөжээ. Шашны зүтгэлтэн, мяндагтан болох нь харц хүний хувьд бол ноёдын эгнээнд шилжих нэгэн арга зам болсон тул хүн амын дотор хүрээ хийдэд шавилан суух, хүүхдээ лам бологохын төлөө хөдөлгөөн идэвхжиж XIX зууны хоёрдугаар хагас гэхэд Монголын эрчүүдийн 40 орчим хувь нь лам болж мөн олон зуун эмэгтэйчүүд сахил хүртсэн байна. Лам болох нь хувь хүнд эдийн засгийн хувьд ч их ашигтай болов. Лам нар ан авын алба, цэрэг дайны алба дээр нь бас олон төрлийн гувчуураас бүрэн чөлөөлөгдөх болжээ...Ингэж хар ба шар ноёдын зэрэгцсэн хоёр том сүлжээ үүсэж дарлал, мөлжлөг улам ширүүсчээ>> гэж тэмдэглэсэн байна. Харин дөрөв дэх дэлгэрэлт гэж болох 1990-ээд оны эхээр сэргэсэн буддизм нэг л сул үлбэгэр байгаа нь нэг талдаа шашны үнэт зүйл, үнэт чанарууд гээгдэж, элементүүд нь гүн ухааны болон соёлын үндсээсээ холдсон байх ба энэ нь ард олны оюун санааны хөгжлийг боогдуулж мухар сүсгийн байдлыг илт үүсгэж улмаар шашинд үл итгэх байдлыг төрүүлж байгаа бөгөөд нөгөө талд нийгмийн хөгжил, дэвшлийг даган шинэчлэгдэж чадахгүй байгаатай холбоотой. Хамгийн энгийнээр буддын шашны өнөөгийн төрх байдал л гэхэд ард олондоо үйлчлэх гэхээсээ мөнгөтэй хүнтэй л хамтарч ажилладаг бизнес шинж чанартай болсон байх ба зонхи олонхийн сэтгэл зүйд мухар сүсгийн л байр суурьтай байна. Монголын гүн ухааны сэтгэлгээ суурин иргэншилт үндэстнүүдийн боловсруулан хөгжүүлсэн гүн ухаанаас онцлог, ялгаатай байдаг. Тухайлбал, гүн ухааныг хөгжүүлж ирсэн сэтгэгчдийн талаар болон тэдний бүтээлийн хувьд эртний үедээ түүхийн ээдрээт нугачаанд тодорхойгүй болсон байх бөгөөд чухам буддизм хүчтэй дэлгэрсэн үеэс л төрөн гарсан сэтгэгчдийн үзэл баримтлал бидний үед уламжлагдан иржээ.

2.1.3. Буддист мэргэдийн үзэл баримтлал Монголын мэргэд буддизмын дан ганц чиглэлийг явцууруулан баримтлалгүйгээр бага хөлгөн дэх тайлбартны хийгээд судартны болон их хөлгөний төв үзэл, сэтгэл төдийтний чиглэлүүдийг онол суртахуун, арга билгийн үндэслэлээр бие биетэй нь гүн шүтэлцүүлэн судлан гүнзгийрүүлж ирсэн байдаг юм. Монголд дэлгэрсэн буддын сэтгэлгээний хөгжлийг дотор нь 1. Тайлбартан, 2. Шинэтгэгч гэсэн хоёр үндсэн үе шатыг дамжсан гэж үзэж болох бол орчин үеийн дахин сэргэлтийн шатанд харьцуулалтын зарчим ихээхэн ач холбогдолтой байна. Буддын гүн ухааныг Монголд дэлгэрүүлж эхлэсэн анхны үе шатанд түүний үзэл, онол, сургаал номлолыг аль болох олон нийтэд зөв зүйтэйгээр таниулан сурталчлах явдалд анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд үүний улмаас тухайн үеийн сэтгэгчдийн сэтгэлгээний гол зарчим нь орчуулах, язгуур сэтгэлгээний өв сантай нийлэгжүүлэн тайлбарлах, дэлгэрүүлэх явдал байсан бол хожмоо буддын гүн ухааны учир дутагдалтай зарим зүйлийг шүүмжлэх, ойлголт, ухагдахуунуудыг нарийвчлан боловсруулж, Монгол хүний сэтгэлгээгээр шинэчлэн хөгжүүлэх талаар ихээхэн санаа тавьж

Page 39: Mongoliin Gun Uhaanii Baihui

эхлэжээ. Хожмоо өрнийн гүн ухааны ололт амжилтуудтай харьцуулан ач холбогдлыг нь шинжлэх ухаанчаар илрүүлэх явдал эрдэм шинжилгээний түвшинд зонхилж байна. Буддын гүн ухаанаар Өндөр гэгээн Занабазар, халхын зая бандид Лувсанпэрэнлэй, дээд монголын эрдэнэ бандид сүмбэ хамбо Ишбалжир, цорж Лувсандагвадаржаа, алшаа лхарамба Агваандандар, хамбо номун хан Агваанхайдав, эрдэнэ тунгалаг цорж Агваанбалдан, Түшээт хан аймгийн Ханд чин вангийн Дандар аграмба, бичээч цорж Агваанцэрэн, брагри ёнзин Дамцигдорж, Дандаа хэмээх Дэмчигдорж, зава Дамдин зэрэг 300 шахам Монгол сэтгэгчид мэргэшиж нэрд гаран ном зохиолоо туурвисан байдгаас дээжлэн авч зургаан сэтгэгчийн үзэл санааны тойм, гурван шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хүртсэн томоохон судлаачдын бүтээлийн тоймыг товч дурдая.

2.1.3.1. Чойжи-Одсэр Чойжи-Одсэр нь буддын гүн ухааны дэлгэрэлтийн хоёр дахь үеийн гол төлөөлөгчдийн нэг мөн бөгөөд түүний гол бүтээл нь “зүрхэн тольт хэмээх Монгол хэлний зүй”, “Бодичарьяавадарад хийсэн Монгол тайлбар” зэрэг юм. Тэрээр мөн “”Банзрагч”, “Бурхан багшийн арван хоёр зохионгуй”, “Бодичарьяавадара” зэргийг Монгол хэлнээ орчуулсан бөгөөд буддын шашин гүн ухааны сургаалыг өөрийн эх хэл дээр нийтэд хялбар ойлгомжтой болгон түгээн дэлгэрүүлэх, ном орчуулах, бичих, хэвлэх явдалд дөхөм болгож хэл зүйн дүрэм зохиосон. Үүндээ авиаг өгүүлэхүйн эрхтний оролцох байдлаар ангилан хуваахдаа эртний Энэтхэгийн гүн ухааны таван махбодийн зарчмыг тохируулан хэрэглэсэн байна.

2.1.3.2. Өндөр гэгээн Занабазар Түүний гүн ухааны үзлийг нягтлахуйц гол зохиол нь “Маань бүтээх гүн увдис” болой. Үндсэн үзэл санаа нь “буддын тарнийн гүн ухааны Дүйнхорын билиг ёсноо дүйцүүлэн Жанрайсэгийн их нигүүсэхүйн үүднээс бэлгэ чанарын хөлгөний төв үзлийн гүн ухаан-хоосон чанар, их амгалан сэтгэлийн хоёргүй хослон зогримдохуй гүн утгыг арга билгийн зарчмаар мааний үсэг нүгүүдээр зохилдуулан соёрхсон.” Сэтгэгч уг зохиолдоо ертөнцийн аливаа юмс үзэгдлийн язгуур чанарыг дотоод бүтцээр нь задлан шинжилж, бясалгаснаар бодот бүхний бүтэх суурь нь дүрст лагшины чанарт хэмээн оноож тодорхойлоод, дүрст лагшин хэмээх нэгж юмсаас түгээмэл мөн чанарыг нь хайн бясалгасаар үлэмж хийсвэрлэн гаргаж хоосон чанар хэмээн үзсэн. Улмаар түүний үзлээр оюун ухааны уг чанар хоосон хийгээд тэрхүү хоосон чанар нь орон хийгээд оронтын дотоод мөн чанар болохыг ухаарч ирэхийн цагт сэтгэлийн хиргүй чанар төрж, элдэв ялгарлууд арилж, их амгаланд хүрэх бөгөөд чухам тэдгээрийн шүтэлцэл нь маанийн магад утга болдог байна. Эндээс Занабазарын үзлийг зөвхөн судрын ёсны мадхьямака сургаал төдий бус, харин судар тарнийг хосолсон буюу хоосон чанар, сэтгэлийн чанарыг хосолсон дээд нэгдэл шүтэлцлээр илрэн гарч буй хэмээн ойлгож болох бөгөөд магадгүй Монголын буддизмын төв үзэл, хоосон чанарын ойлголт ийм онцлогтойгоор төлөвшсөн гэж үзэхэд ч буруудахгүй.

2.1.3.3. Жанжаа хутагт Ролбийдорж Ролбийдоржийн гүн ухааны үзлийн гол бүтээл нь “Тогтсон тааллын тийн ялгал чадагчийн шашны сүмбэр уулын үзэсгэлэнт чимэг”, “Мэргэд гарахын орон нэрт тогтсон даяг” бөгөөд түүнд гүн ухааны түүх нь мэргэдийн бүтээлээр уламжлагдан ирсэн учир түүнд шүүмжлэлтэй хандан бурхантын ёсны тогтсон тааллын үндэслэлийг гол болгон барих ёстой, тэгэхдээ тогтсон тааллын бүрэлдэхүүн хэсгээс төв үзлийн асуудлыг сонгон авч түүнийг сэтгэл төдийтний үзлээр баяжуулан танин мэдэхүйн асуудлыг чухалчилсан. Энд тогтсон таалал хэмээхүй нь алив үзэл сургаалын үнэн зөв нь суурь, үр, мөр гурваар тодорхойлогдоно, шүтээн нь ертөнцийн тухай үзэл, мөр нь үнэнийг үнэмлэхүй ба инагуухын харьцаагаар ухаарахуйн арга билиг, үр хэмээх нь танин мэдэхүйгээр олсон мөрийн үндэс буюу гэгээрэхүйн утгыг илэрхийлжээ. Тогтсон таалал нь гүн ухааны сургаалыг билгийн ухаан, аргын зарчмаар нотлон буулгасны үндэслэл аж.

2.1.3.4. Сүмбэ Хамба Ишбалжир Түүний гүн ухааны үзлийг дараах байдлаар хураангуйлж болохоор байна. Үүнд: а\ “Би” хэмээгчийн утга “Би” тайлахаас төв үзлийн онолын үндэс шалтгаална гээд “би” өөрийн мөн

Page 40: Mongoliin Gun Uhaanii Baihui

чанараар бүтсэн байх ба гэхдээ энэ нь цогцоос өөрөөр байж үл болно. Зарим тохиолдолд “би”, сэтгэл хоёрыг адилханаар үзэх нь буй. б\ Тэрээр “би” гэдэг бол юмсыг огт үгүйсгэсэн утга бус, гагцхүү “би” нь хамаг номын утганд шүтэн гарсан чанартай, үнэн чанараар бүтээгүй ойлголт. в\ Орчлонгийн юмс үзэгдэл инагуухи үнэмлэхүйн үүднээс хязгааргүй ертөнцийн оршихуй нь үнэн харин “би” гэж байна уу үгүй юу гэвэл гагцхүү нарийн ухааны /билгийн/ үндсэнд хоосон чанараар оршино. г\ Тэрээр “би”-гийн орох орныг олон талаас тодорхойлоод “би”-г дан ганц билиг чанараар үл зохилдох дангаар бүтсэн хэмээн шүтвэл “би” байж болох боловч тэр нь оюуны зоригдохуунаас хамаарна. Оюуны зоригдохуун бол сэтгэхүйн шинжийг хадгалах учир хэдэн янзаар ч төлөөлж болно. Харин угийн орон /юмс/ нэг л байх тул тэр нь эцсийн эцэст онон баригдах учиртай. Үүнд “би”-гүйн утга оршино гэжээ Өөрөөр хэлбэл “би”-г буй, үнэхээр бүтсэн хэмээн шунах сэтгэлийг хайвал би үгүйн утга ухаарагдана гэсэн.

2.1.3.5. Заваа Дамдин Заваа Дамдины гол бүтээл нь “Оюун ухааны эцсийн шинжлэл, сайн номлолын толь” бөгөөд түүнд илэрхийлсэн гүн ухааны агуулгыг шинжлэвэл: а\ Оюуны билиг чанар. Энд оюуны гол шинж болохыг илэрхийлээд түүний утгыг тогтоосон таалал бүр өөрийн тодорхойлолттой болохыг нягталжээ. Мөн оюун ухаан бол өөрөөр арвижих, хомсдох буюу ухааран гээгрэхийн сурвалж болохыг заасан хэрэг. б\ Оюуны ялгавар. 7 үндсэн төлөвөөр тодорхойлон шинжилсэн. Энэ нь шалгадаг ба шалгадаг бишийн, атгаг ба атгагүйн, андуу ба андуугүйн, эрхтний ба сэтгэлийн, сэтгэл ба сэтгэлээс гарсны, мэдсэн ба үл мэдсэн оюуны, арилган ордог ба бүтээн ордог оюуны хэмээгдэх бөгөөд үүгээр оюун ухааны зангилаа асуудлыг хос ухагдахууны тусламжаар ялгаварлан тодорхойлсонд түүний судалгааны үнэ цэнэ оршино.

2.1.3.6. Алшаа Лхаарамба Агваандандар Агваандандар нь гүн ухааны ахуйн тухай хийгээд танин мэдэхүй, мөн учир шалтгааны ухааны баталгаа, няцаалтын онолыг системтэйгээр авч үзэн Монголд бие даасан буддын гүн ухааны үзэл санаа бүрэлдэн тогтох, монголын гүн ухааны сэтгэлгээний түүхийг боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулсан сэтгэгч. Тэрээр буддын сэтгэхүй бол дорнын гүн ухааны уламжлалаар шүтэлцэн боловсрогдсон учир эх сурвалжийг боловсруулах нь гүн ухааны зорилт болон тавигдаж буйг тэмдэглэн, судлагдахууны хүрээгээр судалгааны судалгааны ач холбогдол оршино гэсэн. Түүний сургаалын үндсэн хэсэг нь “Нарийн тоосны онол” бөгөөд түүнийхээр: а\ Оногдохуйг шинжлэх нь: Оршихуйн тухай асуудалд дараахь хоёр санааг тэмдэглэсэн. 1. Материаллаг бодит зүйлээс орчлон ертөнц үүсэлтэй. 2. Оногдохуй /гадаад ертөнц/ онон баригч дотоод билгүүнд үл хамааран оршино. Энэ нь байнга хувирагч тоосноос анхдагч бүрэлдэхүүн нь маш нарийн тоосны шинжийг хадгална. /Бүх дүрсийн хуваагдашгүй жижиг хэсэг/ б\ Онохуйг шинжлэх нь: Утга нь танин мэдэхүйн тухай асуудал хөндөгдөнө. Энэ нь оногдохуйг танин барих бололцооны тухай ойлголт. Онохуй өөртөө хоёр утга агуулдаг. 1. Өөрөө нарийн тоосны бүтээгдэхүүн, үүнд мэдэрхүйн эрхтэнг оруулжээ. 2. Онохуйн оюуны билиг чанар. Үүгээр оногдохуйг буулган ухаарахуйг шинжлэн гаргасан явдал болно. в\ Шүтэлцэхүй: Оногдохуй, онохуй 2 нэг нь нөгөөгүйгээр танин мэдэхүй байж үл болно гэдгийг илэрхийлжээ. Энд оногдохуй онохуйгаас үл хамааран оршиж мөн онохуйн шалтгаан болдог. (дээрх сэтгэгчдийн үзэл санааны тоймыг МУШУА-ын ФСЭХ-ээс эрхлэн гаргасан “Монголын философийн түүх” цуврал бүтээлийг ашиглан гаргасан)

2.1.3.7. Д.Дагвадорж Д.Дагвадорж нь 1969 онд Эрхүүгийн их сургуульд дэд эрдэмтэн, 1988 онд Москвагийн улсын их сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд “Шарын шашин”, “Бурхны шашин”, “Хүний тухай шарын шашны үзэл”, “Гүн ухааны товчоо”, “Монголын гүн ухааны уламжлалт тогтсон таалал”, “Монголын гүн ухааны мэргэдийн зохиолын цоморлиг”, “гүн ухаан”, “Буддын гүн ухааны Монгол уламжлал”, “Буддын шашин, Монгол уламжлал” зэрэг томоохон бүтээлүүдийг туурвиж, 100-гаад өгүүлэл бичиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлжээ. Тэрээр “Буддын гүн ухаан Монгол оронд дэлгэрсэн нь Монголчуудын танин мэдэхүйн сургаалыг цаашид системтэйгээр хөгжүүлэх чухал үндэслэл болсон байна” гэж үзсэн.

Page 41: Mongoliin Gun Uhaanii Baihui

Зарим судлаач, нийтлэгчид буддын эрдэм ухааныг ялгаж чадахгүй бүхэлд нь шашин хэмээн сурталчлах явдал түгээмэл байна гээд Монголын нийгмийн амьдралд гүнзгий ул мөрөө үлдээсэн шарын шашны үзэл санаа номлол нь бие хүний үзэл санаанд хэрхэн холбогдож байсан судалгаа хийж, түүний үзэл сургаалын мөн чанарыг илтгэн харуулах, нөгөө талаар шашны үзэл номлолын тогтолцоонд хүний тухай асуудлын эзлэх байр суурийг тогтоон гаргах бололцоог олгосон юм. Д.Дагвадорж улмаар буддын бясалгалын талаар гүнзгийрүүлсэн судалгаа хийж, сонирхогч олон түмэн болон мэргэжлийн судлаачид, тэр дундаа лам нарын гарын авлага, сурах бичиг болохуйц үнэ цэнэтэй бүтээлүүдийг туурвижээ. Тэр “дорно дахины ухаанд орчин үеийн шинжлэх ухааны болон гүн ухааны сэтгэлгээний төвшнөөс цаашид нарийвчлан судлаж, Монгол оронд хөгжсөн уламжлалт соёлын өвөө шинжлэн гүнзгийрүүлэх явдал чухлаар шаардагдаж байна” гэж үзсэн Монголын нэрт судлаачдын нэг байсан юм.

2.1.3.8. Т.Содномдаргиа Т.Содномдаргиа нь 1982 онд Москвад “БНМАУ дахь шарын шашны хувьсал”, 2000 онд “Төвд хэлт буддын логикийн судалгаа” сэдвүүдээр тус тус дэд доктор, докторын зэрэг хамгаалсан билээ. Тэрээр “Агваандандарын зарим зохиол дахь философи, логикийн үзэл”, “Дигнагийн есөн гаргалгааны хүрдэн зохиол”, “Буддын Төвд хэлт логик” зэрэг зохиолууд хэвлүүлэн гаргасан бөгөөд “Тэнгэр” хувийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, гүн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхлэсэн юм. Т.Содномдаргиагийн үзлээр “Буддизмын хөгжлийн үе үеийн явцад логик гаргалгааны онолыг эртний үе-няцаахуй “тасдах” ухаан, дунд үе-нотлохуй ухаан, хожуу үе-учир шалтгааны ухаан гэсэн гурван хөлгөн шашдирын үеэр ангилан авч үзэж болохоор байна. Эртний Энэтхэгийн Нъяягийн таван гишүүнт гаргалгааны загварыг Дигнага тэргүүтэй буддын сэтгэгчид товчилмол хэлбэрт оруулж, “зүгийн юм”, “даган түгэхүй”, “эргэн түгэхүй” хэмээх гурван ёсны зарчмын дор зөв сэтгэхүйн мөн чанарыг томъёолон хэрэглээний талыг илүүтэй тавьж логик сэтгэлгээний арга зүйн үндэс болгож хэрэглэсэн аж. Буддын логикийн баримтуудыг Аристотелийн логикийн зарим илэрхийлэлүүдтэй зэрэгцүүлж үзэхэд буддын логикийн “өөрийн төрөлх” онцлог харагдаж буй бөгөөд энэ формаль логикт байдаг хэлбэр талын төдийгүй диалектик логикийн агуулгын шинжтэй сэтгэлгээний тал агуулагдсан байгаа болно” гэжээ.

2.1.3.9. Г.Лувсанцэрэн Г.Лувсанцэрэн нь 1978 онд “Нагаржунагийн философийн сургаал, түүний “хоосон чанарын далан шүлэгт”-ийн шинжилгээ”, 2001 онд “Төв үзлийн философийн онолын үндэс” сэдвүүдээр тус тус зэргээ хамгаалсан орчин үеийн Монгол дахь буддын гүн ухааны нэрт төлөөлөгчдийн нэг юм. Г.Лувсанцэрэн “Нагаржунагийн философийн үзэл”, “Төв үзэл төвшин бодлого”, “Философский анализ трактата Нагарджуны “Шуньятасаптатикарика””, “Some remarks on Madhyamaka Doctrine (Sunyavada)” гэх зэрэг бие даасан зохиол, өгүүлэл нийтлэлүүд олон тоогоор хэвлүүлсэн байна. Тэрээр “мадхьямака философи нь дэлхийн философи сэтгэлгээний тэргүүлэх том онолуудтай жишин үзэж болох хэмжээний сэтгэхүй мөн. Мадхьямака сургаалыг бүхэлд нь бид харьцангуйн хөдлөнги диалектик онол гэж тодорхойлж ирсэн билээ. Тэгэхдээ олонхи эрдэмтэн судлаачдын тодорхойлдог шиг оюуны зөрчлийг илрүүлэн, логик няцаалт гарган шийддэг арга гэсэн утгаар диалектик гэж байгаа юм биш, харин зөрчилт олон талаас дээш гарч, ертөнцийн гүн дотоод чанарыг тусгасан, ингэснээрээ зөрчлийг биш дотоод чанарын нэгдлийг хөдлөнги байдалд нь илэрхийлсэн диалектик сургаал гэж үзэж байна. Энэ онол уг утгаараа харьцангуй хийгээд үнэмлэхүйн нэгдлийн диалектик мөн. Мадхьямака философи бол ийнхүү ертөнцийн гүний тусгал, нэгдлийн философи мөн гэж үзэж байна” гэжээ.

Page 42: Mongoliin Gun Uhaanii Baihui

II бүлэг. Өрнийн сэтгэлгээний хувь нэмэр

Өмнөх үеийн мэргэдийн Өлмий дор би сөгдмүү

Эргэх цагийн аясаар Эгнээнд нь багтахыг горилмуу

2.2.1. Өрнийн сэтгэлгээ Монгол оронд

2.2.1.1. Монголд дэлгэрсэн нөхцөл байдал Манай орон социалист чиг баримжаагаар хөгжих болсон үеэс 1990-ээд оныг хүртэл Марксист-Ленинист сургаалын далбаан дор өрнө ба дорнын гүн ухааны тууштай материалист үзэл баримтлагчдын онол сургаалыг сайшаан дэлгэрүүлж, шашин ба идеалист үзэлтнүүдэд сөрөг байр сууринаас хандаж байлаа. Хожмоо нийгэм-улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр гүн ухааны мэдлэгийн олон талт агуулгыг харилцан тэнцүү судлан сурталчлах болж, зохистой хэв шинжээр төлөвших болсон юм. Монголд өрнийн гүн ухаан дэлгэрэхдээ тууштай шинжлэх ухаанч хандлагыг түгээн дэлгэрүүлсэн бөгөөд орчлон ертөнц, нийгэм, хүний үүсэл гарлын талаар гол төлөв өрнийн сэтгэгчдийн материалист үзэл баримтлалыг тууштай дэмжин, аливаа судалгаа шинжилгээний ажилдаа түүнийг даган мөрдөж байсан бөгөөд байгалийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны сүүлийн үеийн баримт сэлт, ололт амжилтад тулгуурлаж байснаараа гүн ухаан судлалыг бие даасан ач холбогдолтой болгож чадсан юм. Харин улс төрийн үзэл суртлын хувьд үндэсний соёл, зан заншил, гүн ухааны сэтгэлгээний талаар ямагт ангич байр сууринаас хандан ард ангийн ашиг сонирхлын үүднээс ноёлогч ангийн хэмээн тодорхойлогдсон шилмэл өв санг үгүйсгэн гутаах явдал тохиолдож байлаа. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа дотоод, гадаад гарцаагүй нөхцөл байдлын улмаас нийгмийн хөгжлийн өвөрмөц шинэ замыг сонгож түүнээс хойшхи үед “капиталист биш хөгжил” хэмээх нэр томъёо Монголын нийгмийн байгууллын шинж чанарыг тодорхойлох шинжлэх ухааны суурь хэрэглэгдэхүүний үүрэг гүйцэтгэх болжээ. Ц.Гомбосүрэн <<Философийн боловсролын агуулга нь субьектийнхээ онцлогоос хамаарч ирсэн байдгаас Монгол нутагт хэдэн зуун жилийн тэртээгээс нэвтэрч ороод аажимдаа манай үндэсний соёлын хэв маягийг тодорхойлох болсон шашин шүтлэг, буддын гүн ухаанаас татгалзаж, оронд нь өөр философийн боловсролыг олгоход чиглэсэн албан ёсны үйл ажиллагаа манай улсад дор хаяж 60 гаруй жилийн турш хэрэгжжээ. Гэхдээ энэхүү жилүүдэд хүн төрөлхтний философи сэтгэлгээний үр шим болсон янз бүрийн сургаал дотроос зөвхөн нэгийг нь улсын албан ёсны философи болгон хуульчилсан учраас философи сэтгэлгээ бололцоотой бүх чиглэлээр хөгжих ямар ч үндэсгүй болж, ганц философийн монопол тогтсон байв>> гэсэн байдаг. Мөн тэрээр энэхүү гүн ухаан ямар агуулга, утга, үзэл санаа агуулж байсан тухай бүтээлдээ <<Манай оюуны амьдралд марксизм-ленинизм албан ёсоор ноёрхож ирсэн жилүүдэд матери, ухамсарын харьцааны тухай асуудлыг материалистаар шийдвэрлэсний үндсэн дээр байгаль, нийгэм, сэтгэхүйн хамгийн ерөнхий хуулиудыг /тийм хуулиуд байдаг мэт үзээд/ авч үздэг диалектик материализмыг ганц тууштай шинжлэх ухаан ч философи гэж зарлан бусад философи сургаалийг өрөөсгөл, заримыг бүр хуурамч, харгис хэмээн дүгнэдэг байсан билээ>> хэмээн тодорхойлсон. Хэдийгээр энэ үед манай эрдэмтдийн орчуулгын болон бие дааж гаргасан олон арван бүтээл бий боловч бүтээлүүдийн үзэл санаа нэг талаас дангаар ноёрхож байсан нэг намын онол, үзэл баримтлал үзэл суртлын эрх ашигт баригдсан, нөгөө талаас нийгэм түүхийн үзэгдлийг онол шинжилгээний тулгуур суурь судлалын үүднээс сайтар хандаж чадалгүй ангич, намч, үзэл сурталжсан хэв загварт хүчтэй нөлөөлөгдсөн тал харагдаж байгаа юм. Чухамдаа 1990-ээд оноос өмнөх 70-аад жилийн нийгэм, соёлын үйл явцыг нягтлан үзвэл үндэсний уламжлал, олон ишт үзэл баримтлалаас нилээд хөндийрч Монгол орон дэлхийн улс түмнүүдийн хөгжилд гарч буй өөрчлөлтийг мэдрэх, зохицон хөгжих нөхцөл нь хязгаарлагдмал

Page 43: Mongoliin Gun Uhaanii Baihui

байсан. Юутай ч бид тухайн үеийн сэтгэлгээнд авах гээхийн ухаанаар, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээгээр хандах нь зүйн хэрэг болов уу. Ер нь социалист үзэл санаа тэртээх XV зуунаас, өөрөөр хэлбэл, хүний нийгэмд шудрага бус явдал, бурангуй ёс газар авсан тэр эрт цагт ийм үзэгдлийн эсрэг тал, байгалиас заяасан хүний язгуур мөн чанарын илэрхийлэл болон үүссэн хэдий ч анх үл гүйцэлдэх хэлбэрээр илэрхийлэгдэж XIX зуун болоод ирэхэд онолын хэмжээнд хүртлээ хөгжсөн. Энэ үзэл санааны агуулга арвин бөгөөд түүний үндсэн гол зүйл бол тэгш эрх, шударга ёс, энэрэнгүй үзэл, эрх чөлөөний үзэл санаа мөн тул орчин үеийн олон ургальч гүн ухааны орчинд оруулж уялдуулан судлах нь ач холбогдол агуулах болно гэдгийг заавал анхаарах шаардлагатай юм. Ингээд Монголын гүн ухаан, түүний судлалд диалектик материализмын үзүүлсэн нөлөөг цөөн үгээр тодорхойлон гаргая. Диалектик материализмын үзэл, онол нэвтэрснээр Монголчууд дэлхий нийтийн гүн ухааны түүхэн хөгжлийн тухай болон түүний метафизик агуулгын харьцангуй орчин үеийн шинжлэх ухаанжсан үр дүнтэй танилцаад зогсохгүй, тодорхой мэргэшсэн боловсон хүчнүүдийг гадаад улсад болон өөрийн эх оронд шат дараалсан боловсролын байгууллагуудаар дамжуулан бэлтгэдэг болсон нь гүн ухааны, тэр дундаа Монголын гүн ухааны судлалд зохих ач холбогдлоо үзүүлсэн юм. Тухайлбал н.Төмөр-Очир, С.Норовсамбуу, Ц.Балхаажав, Ч.Жүгдэр, Д.Баттөмөр, Д.Дагвадорж, Р.Нансал, Т.Содномдаргиа, Д.Дашжамц нараас эхлээд Монголын гүн ухааны талаар судалгаа хийгсэд олон арваараа төрөн гарч орчин үеийн шинжлэх ухааны түвшинд онолын боловсруулалт хийх нарийн төвөгтэй ажлыг анх санаачлан хийж гүйцэтгэж ирсэн билээ. Харин энэ үед гүн ухааныг дан ганц диалектик материализмаар төлөөлүүлэн үзэх явдал газар авч байсны уршгаар Монголын гүн ухааныг судлахдаа тэрхүү арвин баялаг өв сангаас уг үзэл санаанд хамааралтай баримт сэлт, илрэлүүдийг түүвэрлэн авч, түүгээрээ Монгол дахь диалектик материализмын хөгжлийн түүхийг дэлгэн харуулахад чиглэгдэж байсан өрөөсгөл хандлага төлөвшин тогтжээ.

2.2.1.2. Диалектик материализмын үзэл санааны тойм Энэхүү хэсэгтээ материалист үзэл санааны болон диалектикийн хөгжлийн бүрэн түүхийг багтаах зорилт тавиагүй бөгөөд зөвхөн Франц, Германы зарим томоохон сэтгэгчдийн диалектик материализмын төлөвшилд түлхүү нөлөө үзүүлсэн үзэл баримтлалуудаас тоймлов. XYI-XYII зууны турш баруун европын орнуудад хуучин нийгмийн гүнд капиталист үйлдвэрлэлийн арга олон олон бослого тэмцлийн үр дүнд хөгжиж XYIII зууны францын хувьсгалаар нэгэнт байр сууриа олсон ба чухам энэ үеэс дундад зууны үед хувиаргүй ноёрхож байсан шашин-гүн ухааны үзэл өөрийн ноёрхох байр сууриа сэргэн мандалтын хэмээх зурвас үеэр дамжин алдаж, гүн ухааны сэтгэлгээний шинэ үе эхэлжээ. Шинэ үеийн гүн ухаанд францын соён гэгээрүүлэгчид Ф.Вольтер (1694-1778), Сен Симон, Ж.Ж.Руссо (1712-1778), Жюльен Офре Ламетрий (1709-1751), Пол Гольбах (1723-1789), Дени Дидро (1713-1874), Клод Адриян Гельвеций (1715-1771) нар гүнзгий нөлөө үзүүлсэн. Эдгээр сэтгэгчид ертөнцийг үзэх үзлийн хувьд ерөнхийдөө хоёр хуваагдсан байдаг. Ф.Вольтер, Ж.Ж.Руссо нар орчлонг бурхан тэнгэр бүтээсэн бөгөөд харин түүнээс хойшхи байгалийн ба нийгмийн үйл хэрэгт бурхан тэнгэр оролцоогүй хэмээж байсан бол Жюльен Офре Ламетрий, Пол Гольбах, Дени Дидро, Клод Адриян Гельвеций нар хожим францын материалист гүн ухаан хэмээн судлагдах болсон үзэл баримтлалыг сурталчилсан юм. Мөн нийгэм-улс төрийн утопи үзлийн томоохон төлөөлөгчид байсан билээ. XVIII зууны францын материалистууд хөдөлгөөн бол материйн салшгүй шинж бөгөөд материгүй хөдөлгөөн, хөдөлгөөнгүй матери гэж байдаггүй. Матери бол орон зай, цаг хугацааны дотор хөдөлж байдаг бөгөөд энэ хоёр бол материйн оршихуйн объектив хэлбэрүүд гэсэн байна. Мөн сүнсний тухай шашны сургаалийг үл зөвшөөрөөд сэрэл, сэтгэхүй зэрэг “сүнсний бүх чадвар” аваас “биеийн субстанциас” хамаардаг гэж үзсэн. Танин мэдэхүйн онолдоо тэд мэдлэгийн уг сурвалж бол сэрэл, мэдрэмж мөн хэмээн сенсуализмыг баримтласан ажээ.

Page 44: Mongoliin Gun Uhaanii Baihui

Шинэ үеийн хэмээн үечлэн судлах болсон гүн ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан сэтгэлгээний бие даасан орон зай бол XIX зууны Германы гүн ухаан мөн бөгөөд сонгодог идеализм /И.Кант, Гегель гэх мэт/, материализм /Л.Фейербах, К.Маркс, Ф.Энгельс гэх мэт/, иррационализм /А.Шопенгауэр, Ф.Ницще гэх мэт/ хэмээх гурван үндсэн чиглэлд хуваан үзэж болно. Эдгээрээс дурьдсан ёсоор материалист чиглэлийг энэ хэсэгт товч үзье. Л.Фейербах (1804-1872) эрх чөлөө бол хүний гол үнэлэмж мөн гэдэг германы сонгодог гүн ухааны төлөөлөгчдийн үзлийг өвлөн баримтлажээ. Ингэхдээ тэрээр хүнийг чөлөөлөх үйл ажиллагааг нэн түрүүнд Г.Гегелийн үзэл санааг бүхэлд нь эрс шүүмжлэхээс эхлэх ёстой гэдэг байр сууринаас материализм, атейзмыг тунхагласан байна. Гегелийн идеализмын эсрэг Фейербах өгүүлэхдээ: дан сэтгэлгээ, оюун ухаан ноёрхож буй нөхцөлд үнэнийг олж авах бололцоогүй. Санаа бол ертөнц, матери, амьдралыг бүтээх чадваргүй. Сэтгэлгээ өөрийнхөө санааны баялгийг дан өөрөөсөө гаргаж дийлдэггүй. Гагцхүү бодит ертөнцөд, байгальд хандаж байх жинхэнэ мэдлэгийг олж авч болдог гэсэн байна. Тэгээд Фейербах байгаль, материаллаг ертөнц бол хүний ухамсар, сэтгэхүйгээс огт хамаарахгүйгээр оршдог. Хүн түүний ухамсар бол байгалийн бүтээгдэхүүн мөн. Түүний бие, сэтгэл хоёр нэгдмэл бөгөөд гэхдээ сэтгэл нь биеэсээ хамаарч байдаг гэсэн онтологи үзэл сурталчилжээ. Фейербах танин мэдэхүйн онолын салбарт мэдрэмж, туршлага хоёрыг чухалчилжээ. Тэдгээрийн уг сурвалж нь байгаль аж. Мөн тэрээр аливаа мэдлэг үнэн байх шалгуур нь хүмүүсийн санаа бодол нийлэх явдал мөн гэж үзсэн байна. Ийнхүү Фейербах онтологи, гносеологийн салбарт материализмыг тууштай баримтлажээ. Мөн тухайлан хүний асуудлыг гүн ухаан судлах ёстой гэж үзсэн. Учир нь бурхан бол төгс боловсронгуй, хүчирхэг хүн мөн гэж батлахыг оролдож байсан. Тэрээр миний сургууль буюу үзэл байгаль, хүн гэсэн хоёрхон үгээр илэрдэг. Хүний оршихуй үүсэхүйн шалтгаан байгаль. Ухамсартай, оюун ухаантай, хувийн чанар бүхий байгалийн бүтээгдэхүүн болж, байгалийг өөртөө агуулсан тэр зүйлийг би хүн гэж үзэж нэрлэж байгаа юм. Байгаль бол хүний гар, сэтгэлээс хамаарахгүй оршиж буй тэр бурханчлагч зүйл бас хүмүүнлэгч зүйл юм. Байгал бол хүний амьдралын үндэс ч мөн, итгэл ч мөн. Л.Фейербахын материализмаас аргаараа болон нийгмийн зориулалтаараа үндсээрээ ялгаатай материализмыг XIX зууны сүүлийн хагаст К.Г.Маркс (1818-1883), Ф.Энгельс (1820-1895) нар боловсруулжээ. Ф.Энгельс диалектик материализмын гол гол баримтлалуудыг боловсруулсан бол, К.Маркс түүхийг ойлгох материалист онол, формацын онолыг боловсруулжээ. Ф.Энгельс “Дюрингийн эсрэг”, “Людвиг Фейербах ба германы сонгодог философийн төгсгөл”, “Байгалийн диалектик” зэрэг бүтээлүүддээ диалектик материализмаа боловсруулсан. Энгельс эдгээр бүтээлдээ бичсэнээр аливаа гүн ухааны үндсэн асуудал бол сэтгэхүй ахуйд, оюун ухаан байгальд харьцах тухай асуудал мөн бөгөөд сэтгэгчид түүнийг хэрхэн шийдвэрлэснээрээ материализм, идеализм гэсэн хоёр лагерийн аль нэгд багтдаг. Материализмын үүднээс ертөнц материаллагаараа нэгдэлтэй бөгөөд түүнээ илэрхийлдэг гүн ухааны категори нь матери мөн аж. Танин мэдэхүйн онолын салбарт үнэний тухай асуудлыг Энгельс онцлон авч үзсэн. Тэрээр үнэнийг үйл явц гэж үзсэн. Тэгээд хүний танин мэдэх чадвар нь хязгаарлагдмалынхаа дайтай хязгаарлагдмал бус байдаг. Төрөлх төлөв, хувь тавилан, бололцоо, эцсийн түүхэн зорилгынхоо талаар бас л биеэ даасан ба хязгааргүй шинжтэй байна: зарим хэрэгжих байдал хийгээд аль нэг үеийн бодит байдлын талаараа бие даагаагүй, хязгаарлагдмал байдаг гэсэн. Энгельс хөдөлмөрийн онолдоо “хөдөлмөр хүнийг бий болгосон” хэмээн дүгнэжээ. К.Маркс анх залуу гегельч үзэлтэн байснаа Фейербахын үзлийн нөлөөгөөр материализмын философийг зохион бүтээжээ. Гэхдээ тэрээр Фейербахыг ч тэр, Гегелийг ч тэр шүүмжлэн үзэл баримтлалаа босгосон. Тухайлбал, Фейербахын тухай сэдвүүддээ “Фейербах шашны мөн чанарыг хүний мөн чанарт нялзааж байна. Гэтэл хүний мөн чанар бодгал тус тусдаа байдаг хийсвэр зүйл бус, жинхэнээрээ нийгмийн харилцааны цогц юм...” гэсэн бол “диалектик” гэж нэрлэсэн түүхийн ерөнхий хуулийг Гегель /Маркс энэ хуулийг түүнийг нээсэн гэж үнэмшиж

Page 45: Mongoliin Gun Uhaanii Baihui

байсан/ түүнийг шинжлэх ухааны ёсоор хэрэглэхээсээ илүү метафизик ёсоор хэрэглэсэн гэж үзсэн. Тэрээр диалектик оршдогийг хүлээн авсан боловч түүхийн үйл явцыг метафизик нэр томъёогоор бус, эдийн засгийн нэр томъёогоор тайлбарлан улсуудад бус ангиудад диалектикийг хэрэглэн түүнийг материалист агуулгаар баяжуулах гэж оролдсон юм. Өөрөөр хэлбэл түүхэн үйл явцыг улсуудын тэмцэл бус, харин ангиудын тэмцэл гэж тайлбарлахыг оролдсоноороо Гегелиэс ялгаатай. Маркс түүхийг ойлгох материалист ойлголтыг дараахь байдлаар томъёолсон юм. Үүнд: 1. Нийгмийн ахуй анхдагч, нийгмийн ухамсар хоёрдогч, 2. Материаллаг баялгийг үйлдвэрлэх арга бол нийгмийн амьдралын үндэс мөн, 3. Материаллаг үйлдвэрлэлийн явцад үйлдвэрлэх хүч нь тодорхойлогч, харин үйлдвэрлэлийн харилцаа нь түүнээс хамаармал, тодорхойлогдогч байдаг, 4. Үйлдвэрлэлийн харилцааны цогц нь нийгмийн эдийн засгийн бүтэц буюу нийгмийн бодит суурь болж өгдөг, 5. Нийгмийн ийм суурь дээр улс төрийн, эрх зүйн зэрэг давхарга сүндэрлэн босож, мөн энэ суурьт нийгмийн ухамсрын тодорхой хэлбэрүүд тохирч байдаг, 6. Үйлдвэрлэх хүчний хөгжлийн тодорхой шатанд оршин буй үйлдвэрлэлийн харилцаа нь түүнд тохирохоо болиод түүний /үйлдвэрлэх хүчний/ хөгжилд дөнгө болж ирдэг, 7. Үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцаа хоёрын ийм зөрчил нь нийгмийн зөрчлийг улам бүр хурцатгасаар эцсийн эцэст тэр нь нийгмийн хувьсгалд хүргэдэг, 8. Нийгмийн хувьсгалын үр дүнд нийгэм-эдийн засгийн тухайн нөхцөлд үеэ өнгөрөөж буй формац илүү дэвшилтэт шинэ формациар солигдож, ингэснээр нийгмийн суурь давхрага өөрчлөгддөг, 9. Нийгмийн хувьсгал бол ангийн тэмцлийн дээд хэлбэр, түүхийн зүтгүүр хүч мөн, 10. Капиталист нийгмийн ангийн тэмцэл бол пролетарийн хувьсгал ялж, пролетарийн диктатурын төр тогтоход гарцаагүй хүргэнэ, 11. Пролетарийн диктатур бол хүн төрөлхтний түүхэн дэх эцсийн мөлжигч нийгэм болох капитализмыг булшлан устгаад эцсийн эцэст ангигүй коммунист нийгэм байгуулах зэвсэг мөн, 12. Коммунист нийгэм-эдийн засгийн формаци бол хүн төрөлхтний түүхэн дэх эцсийн дээд нийгэм бөгөөд нийгмийн үйлдвэрлэх хүчний өндөр хөгжлийн үр дүнд нийгмийн баялаг амсар дүүрэн бялхдаг байх тэр нийгэмд анги ба төр үүсэх, мөлжлөг ноёрхох эдийн засгийн үндэс болдог хувийн өмч үгүй болж, улмаар ангиудын зэрэг гол гол ялгаа арилж, төр мөхөн, хүмүүсийн эрх чөлөөний хаанчлал ноёрхоно. Судлаачид /диалектик материализмд/ түүнд тод илрэн гардаг материаллаг үйлдвэрлэлийн хүрээг нийгмийн амьдралын бусад салбаруудаас хэт дээгүүр тавьж, туйлшруулж үзсэн явдлыг шүүмжилж байсан. Мөн түүнчлэн гүн ухааны үзэл баримтлалаас тодорхой нийгэм, улс төрийн таамаглал дэвшүүлэх оролдлого, нийгмийн амьдралд ангийн талыг хэт дөвийлгөн үзэх, нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийг үгүйсгэсэн зэрэг хандлагууд ч шүүмжлэлд өртөж байна. Гүн ухааны түүхийн өргөн хүрээтэй мэдлэг нь орчин үеийн гүн ухааны үндсэн асуудлууд, түүнийг ойлгож шийдвэрлэх, улмаар орчлон ертөнцийн эдүгээ цагийн байдал, төлөвийг ухаарч бясалгах, бүтээлч чадварыг эзэмшихэд хөрс суурь болж өгөх бөгөөд ямартай ч дээрх үзэл баримтлалууд цаг үедээ, уламжлалт сэтгэлгээний орчиндоо үнэ цэнэтэй байсан билээ.

2.2.2. Нэрд гарсан төлөөлөгчид Ингээд 2000-аад оныг хүртэл гүн ухааны чиглэлээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан зарим эрдэмтдийн бүтээл, үзэл санааны тоймоос дурьдая.

2.2.2.1. С.Норовсамбуу С.Норовсамбуу нь 1962 онд Москвагийн улсын их сургуульд дэд эрдэмтэн (Ph.D), 1973 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) ШУА-ийн Философийн хүрээлэнд шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг тус тус хамгаалсан бөгөөд тэрээр 1965-1966 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн НУФ-д философийн салбарыг нээн мэргэжлийн гүн ухаан судлаачдыг бэлтгэж эхлэсэн нь Монгол дахь гүн ухааны орчин үеийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм. Түүний судалгааны үндсэн чиглэл бол Монголын нийгмийг хөгжүүлэх арга замын тухай асуудал бөгөөд “Капиталист бус хөгжлийн замын философи-социологийн асуудлууд(онол, арга зүй, цогц асуудал)” сэдвээр докторын зэрэг хамгаалж, мөн “Логик”, “ШУКО-ын үндэс”,

Page 46: Mongoliin Gun Uhaanii Baihui

“Социологийн тодорхой судалгааны онол, арга техник” зэрэг олон ном товхимлуудыг зохиолцсоноос гадна шинжлэх ухааны арга зүйн асуудлаар тодорхой үзэл баримтлал боловсруулсан юм. Тэрээр “гүн ухаан сонирхогч, суралцагч, судлаач нар гүн ухааны сургалт, сурталчилгаанаас арга сонголтыг өөрсдийн мэргэжил, авъяас билэг, сонирхлын онцлогт тохируулан бүтээлчээр, үр ашигтай хийдэг байх нэг чухал зохион байгуулалтын ба заах аргын (дидактикийн) нөхцөл бол янз бүрийн гүн ухааны сургаал, аргаас нэгийг нь онцлож, бусдыг нь орхих замаар биш, харин тэдгээрийг аль болохоор бүгдийг зэрэгцүүлж, авах гээхийн үүднээс харьцуулж, тэдэнд эзэмшүүлдэг байх үйл ажиллагаа мөн” гэж үзэж байна.

2.2.2.2. Ч.Жүгдэр Ч.Жүгдэр нь 1964 онд дэд эрдэмтэн, 1974 онд “XIX-XX зууны зааг дахь монголын нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээний хөгжил” сэдвээр докторын зэргийг хамгаалсан. Тэрээр “Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ”, “XV-XVIII зууны Монголын нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээний хөгжлийн тойм”, “Агваанбалдангийн гүн ухааны үзэл” зэрэг нийт 15 ном, 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл нийтийн хүртээл болгожээ. Түүний судалгааны ажлын гол үр дүн нь ардын хувьсгалаас өмнөх үеийн Монголын гүн ухааны түүхийг улируулан судлаж, түүний түүхэн тоймыг анх удаа мөшгин гаргасан явдал мөн. Эл судалгаанаас өмнө гүн ухаан, логикийн тухай мэдлэг тун бүрхэг, алдаг оногхон баримтын төдийгөөс хэтрэхгүй байлаа. Ч.Жүгдэр судалгаагаараа 1. Нэн эртнээс 13-р зуун хүртлэх эртний Монголчуудын сэтгэлгээ, 2. 13-14-р зууны нэгдсэн гүрний үеийн сэтгэлгээ, 3. Феодализмын уналтын үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ хэмээн 1921 оныг хүртлэх түүхийг ангилжээ. Түүний үзлээр “ер нь нийгэм-улс төрийн сургаал, гүн ухааны үзлийг дагнан боловсруулж, хөгжүүлж байдаг тусгай заяагдсан сонгомол ард түмэн гэж байдаггүй, харин тухайн ард түмэн түүхэн хөгжлийн үе шатанд, нийгэм-эдийн засгийн ямар нөхцөлд оршин хөгжиж байгаа зэргээс шалтгаалан хүн төрөлхтөний нийгэм судлалын болон гүн ухааны хөгжлийн эрдэнэсийн санд өөр өөрийн зохих хувь нэмрийг оруулах замаар хөгжүүлж ирсэн түүхтэй, тийм ч жам ёстой ажээ.” Мөн өөрийн ард түмний гүн ухааны сэтгэлгээний уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн үүднээс түүхчлэн үзэж, судлан боловсруулах явдал онол-танин мэдэхүйн болон практикийн их ач холбогдолтой гэж үзжээ.

2.2.2.3. Ц.Балхаажав Ц.Балхаажав нь Монголын мэргэшсэн анхны гүн ухаан судлаачын нэг бөгөөд 1959-1964 онд Москвагийн их сургуульд суралцаж уг мэргэжлийг эзэмшжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд л гэхэд “Миний Монгол”, “Монгол хүн”, “Дэлхийн соёл иргэншилд Монгол хүний оруулсан хувь нэмэр”, “Удамт Монгол малчин”, “Монгол орон XXI зуунд”, “Хүн та хэн бэ”, “Манай гаригийн хүн”, “Хүний хөгжлийн онол, арга зүйн философи үндэслэл” зэрэг томоохон бүтээлүүдийг туурвисан бөгөөд түүний судалгааны гол чиглэл нь хүн юм. Ц.Балхаажав “Миний ажил бол мал өсч үржихийн бус, түүнийг өсгөж үржүүлэгчийн тухай…буюу манай бүх хүний оюун ухаан, авъяас билэг, арга чадвар, эрүүл мэнд хөгжиж Монгол хүн бусдаас дутахгүй бүтээлч чадварлаг иргэн байхын тухай байсан болохоор хүнд дан ганц нэгэн загварын үзэл хийж өгөх бус оюун эрдэм, мэдээлэл, арга туршлага суулгах өргөн хүрээт ажил байжээ…Хүн бол хөгжил дэвшил, соёл иргэншлийн тэргүүн магнай, түүнийг аван явагч оргил хөтөч нь. Хүний оршин аж төрөхүйн хамаг утга учир, хүч чадал, онцлог нь оюун билэгтээ билээ. Энэхүү оюун билэгт баригдашгүй, танигдашгүй нууц гэж орчлон хорвоод үгүй буюу. Дэлхийн бүх хүн нэгэн ерөнхий хөгжилтэй бөгөөд түүний тасархай нь Монгол хүн. Монгол сэтгэлгээний хөрсөн дээр хүнийг өндөрт тавья. Хүн та чадалдаа итгэж мөрөө үлдээмүү” гээд “гүн ухаан бол чухамдаа сэтгэхүй чадварын хувилбар буюу бодохуй, учир мэдэхүй, чадахуй, бүтээхүйн цогц” гэж бичжээ.

2.2.2.4. Д.Баттөмөр Д.Баттөмөр нь 1989 онд Москвагийн их сургуульд “математикийн баталгааны информатив шинжийн философийн анализ”, 1998 онд “математикийн баталгааны логик-эпистемологийн судалгаа” сэдвүүдээр тус тус дэд доктор, докторын зэрэг хамгаалсан Монголын шинжлэх

Page 47: Mongoliin Gun Uhaanii Baihui

ухааны философийн гол төлөөлөгчдийн нэг нь юм. Д.Баттөмөр “Шинжлэх ухааны мэдлэгийг математикчлах нь”, “математикийн баталгааны логик”, “шинжлэх ухааны философи ба танин мэдэхүйн онол” зэрэг бие даасан ном зохиолууд, олон арван өгүүлэл нийтлэл хэвлүүлжээ. Тэрээр “Логик бол ойлголт, бодомж, оюун дүгнэлт болон хийсвэрчлэгдсэн бусад объектуудын хоорондох хотол даяар түгээмэл (ерөнхий утгат) харилцаа, холбооны тухай шинжлэх ухаан юм. Дээрх тодорхойлолт гнесеологийн болон онтологийн гэсэн хоёр үндсэн талтай. Энэ нь хийсвэрчлэгдсэн объектын хоёрдмол шинжээр тайлбарлагдана…Хийсвэрчлэгдсэн объектуудын өмнө гаргасан өссөн шатлалыг харгалзаад дээрх тодорхойлолтуудаас орчин үеийн символик (математик) логикийн үндсэн хэсгүүдийн онцлогийг ойлгож болно...Ердийн хэлэнд тийм энгийн бодомжуудын харгалзах хэллэгийнх нь үнэн, худлын үүднээс, мөн оюун дүгнэлтийг бүрэлдүүлж буй хэллэгүүдийнх нь үнэн, худлын үүднээс авч үзэж болно. Ийм боломж, оюун дүгнэлтийг дээрх хязгаарлалтанд тохируулан судалж буй логикийн үндсэн хэсгийг “хэллэгийн логик” гэж нэрлэдэг. Логикийн харьцангуй илүү гүнзгий зэрэглэлийн судалгаа нь бодомжийг түүний дотоод бүтцийг харгалзан тооцох үндсэн дээр явагдана. Бодомжуудын хоорондын холбоог төдийгүй, уг бодомжуудын дотоод бүтцийн ойлголтуудыг хамрах логикийн хэсгийг “предикатын логик” хэмээн нэрлэдэг. Эцэст нь логикийн “металогик” гэдэг гурав дахь салбарт харилцаануудын бүх л хүрээ, ойлголт, бодомж, оюун дүгнэлт, тэдгээрийг тэмдэглэсэн символуудын хооронд байх бүх боломжит түгээмэл харилцаануудыг судалдаг” хэмээн үзжээ.

2.2.2.5. Ц.Гомбосүрэн Ц.Гомбосүрэн нь 1980 онд “нийгмийн танин мэдэхүйд аналоги ач холбогдол”, 1999 онд “нийгмийн тухай философийн интеграль хувилбарыг боловсруулах эхлэл” сэдвүүдээр тус тус зэрэг хамгаалжээ. Ц.Гомбосүрэн “Орчин үеийн хөрөнгөтний философийн иррационалист чиглэлүүд”, “Монголын уламжлалт нийгэм феодализм мөн үү”, “Структурализм ба эдүгээ үеийн түрүү философидолт”, “Монголд өрнөдийн философиор явуулсан судалгаа, сурталчилгааны тойм” гэх мэт олон ном зохиол, өгүүлэл нийтлүүлсэн. Тэрээр “нийгмийн философи хэмээх ойлголтыг хоёр утгаар хэрэглэдэг боллоо. Өргөн утгаар нь тэр нь нийгмийн амьдралын гол хүрээ бүрийг түүхийн болон орчин үеийн чухал нийгмийн үйл явцыг онцлон авч үздэг философи сургаалыг бүгдийг нь хамарсан мэдлэгийн салбарын ерөнхий нэр юм. Явцуу утгаар бол нийгмийн амьдралын зөвхөн тодорхой хүрээг авч үздэг мэдлэгийн салбар юм. Ялангуяа нийгмийн хүрээг авч үздэг философи сургаалын нэр болж байна. Нийгмийн танин мэдэхүйд зөвхөн ганц биш, харин янз бүрийн арга зүй ба арга зүйн хандлага хэрэглэгдэж, тэдгээрийн дотор ганц диалектикаар биш, бас бусад нь зохистой ач холбогдолтой байдаг гэж үзэх шаардлагатай юм. Ийм олон арга ба арга зүйн хандлага нийгмийн танин мэдэхүйд тухайн нөхцөлд бие дааж юм уу, зэрэгцэж, хослон нэгдэж хэрэглэгддэг. Энэ нь олон шалтгаантай” хэмээн үзжээ.

2.2.2.6. Д.Дашпүрэв Д.Дашпүрэв нь 1977 онд дэд эрдэмтэн, 1995 онд докторын зэргийг хамгаалсан. Тэр “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт”, “Монгол, хувьсгал ба тусгаар тогтнол”(англи хэлээр), “Монголын нийгмийн шинэчлэлийн үеүд” (орос хэлээр) зэрэг зохиол бичжээ. Тэрээр “социализмын үед түүхэн ээдрээ нугачаатай нөхцөл байдлын дунд Монголын нийгмийн шинэчлэл урагшилж байсан боловч үйлдвэржүүлэлтийн бодлого, нүүдэлчдийн нийгмийн хооронд зөрчил үүсч, аажмаар Монголын уламжлалт нийгмийн өвөрмөц өвийг шахаж байсан нь энэ үеийн шинэчлэлийн зохисгүй үр дагавар болсон” гэж үзжээ. Тэгээд хөгжлийн ойрын ирээдүйн гол гол хандлагыг: “эдийн засагт, хөгжлийн чигийг өмч хувьчлал тодорхойлно. Эдийн засаг нь олон хэвшил бүхий, төрөөс зохицуулагддаггүй, зөрчилт шинжтэй байна. Бүтцийн хувьд жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн газрууд зонхилж өөр хоорондоо өрсөлдөх замаар дотоодын зах зээл бүрэлдэж, цаашдаа хил орчмын гадаад зах зээлээр дамжин гадагш хандах болно. Нийгмийн хувьд нийгмийн шинэ бүлэг, анги давхраанууд бий болж тэдний дунд жижиг өмчтөн худалдаачид, ардын аж ахуйтан малчид зонхилох болно. Нийгэмд баян, хоосны ялгарлын процесс эрчимтэй явагдаж ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг өсөх хандлага ажиглагдана. Оюуны

Page 48: Mongoliin Gun Uhaanii Baihui

салбарт буддын болон бусад шашны урсгал чиглэлүүд идэвхжинэ. Үндэсний урлаг, соёлын өв сангаа сэргээх хандлага хүчтэй болно. Үндэсний өөрийн ухамсарт өсөлт гарна. Нийгмийн оюуны потенциаль нэмэгдэх хандлага ажиглагдана” хэмээн тодорхойлжээ.

2.2.2.7. Н.Хавх Н.Хавх нь 1984 онд “оюутны хамт олны нийтлэг ба тухайлсан харилцааны асуудал”, 1993 онд “нийгмийн хөгжлийн улиран дэвших зүй тогтол” сэдвүүдээр зэрэг хамгаалсан. “Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан”, “Боловсролын гүн ухаан”, “Монголын нийгмийн гүн ухаан”, “Мал аж ахуйн гүн ухаан”, “Буддын сэтгэл зүй ба соёл судлал”, “Соёл иргэншлийн онол” гэх мэтийн олон ном зохиолууд хэвлүүлсэн бөгөөд Монголд буддын судлал болон энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх ажилд ихээхэн санаа тавьж байна. Н.Хавх Монголын нийгмийн шинжлэх ухаанд нүүрлээд байгаа хямралаас гарах гол арга зам бол дорно, өрнийн сонгодог гүн ухаан сэтгэлгээгээр Марксист гүн ухааны үзэл онолыг хянан үзэж, туйлширсныг нь засан залруулж, үнэ цэнэтэй бүхнийг нь өвлөн авч, зах зээлийн орчин цагийн нийгмийн хөгжил, оршин тогтнох зүй тогтлыг тусган тайлбарлах зэргээр шинэ шинэ агуулгатай болгох явдал. Тэрээр нийгмийн гүн ухаан нь “1. Нийгмийн гүн ухааны түгээмэл арга зүй буюу сонгодог гүн ухааны сэтгэлгээний арга зүй, 2. Нийгмийн амьдралын бүх салбарт, хөгжлийн нь бүх шатанд аль ч улс үндэстний хувьд жигд үйлчлэх зүй тогтлыг тайлбарладаг нийгмийн гүн ухааны ерөнхий онол (соёл иргэншлийн, формацийн гэх мэт), 3. Нийгмийн амьдралын тухайн тодорхой хүрээ болон тухайн үндэстний нийгмийн хөгжил хийгээд оршин тогтнох зүй тогтлыг тайлбарладаг нийгмийн гүн ухааны тусгай онол, сургаал (нийгмийн бүтцийн, боловсролын, эрхийн, эдийн засгийн, урлагийн, улс төрийн гэх мэт)” гэсэн бүтэцтэй байна гэжээ.

2.2.2.8. Г.Чулуунбаатар Г.Чулуунбаатар нь 1993 онд “Онол, арга зүйн шинэ хандлагын эрэл хайгуул дахь Дорно дахины хөгжлийн замын монгол хувилбар”, 1999 онд “XX, XXI зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвүүдээр зэрэг хамгаалсан. Тэрээр “нийгэм гэдэг бол хүмүүсийн бие биенээсээ болон өөр бусад зүйлээс хамааран аж төрж буй бодит байдлыг нэрлэсэн хийсвэр бөгөөд ерөнхий нэр. Нийгэм үй олон дэд систем, бүрэлдэхүүн хэсэг, элементүүдээс бүрэлдэнэ. Нийгмийн амьдралын үндсэн дэд тогтолцоо-эдийн засаг, нийгэм, улс төр, оюун санааны байдаг. Энэ хүрээнд хүмүүс, анги бүлэг хэсэг давхрааны нийгэмд эзлэх байр суурь, мэргэжил, амьдралын түвшин, нийгмийн хангамж, халамж, эрүүл мэнд, орон байр, хоол хүнс, боловсрол, соёл зэрэг нийгмийн үзэгдлүүд багтана. Иргэний нийгэм-соёлт, хүсэл зоригтой ухаант хүнтэй холбоотой бөгөөд хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, хэрэгжүүлэхэд чиглэсэн төр, төрийн хууль цааз, эрх зүйд суурилж оршин тогтнохыг хэлнэ. Иргэншил гэдэг ойлголт нь “нийгэм” системийн үйлчлэн орших арга механизм юм. Иргэншлийн хамгийн гол гурван багц хэсэг байдаг. Иргэнших хүн төр ба түүний байгууллагуудтай харьцах явцад хүмүүст шинэ шинж чанар төлөвших үйл явдлыг тусгаж буй ойлголт. Хүн төртэй харьцах үед л иргэн гэж нэрлэж, улс төрийн ба эрхийн харилцааны субъект болно. “Нийгэмших” хүмүүс өөр хоорондоо болон байгаль орчин, эд баялаг бусад олон зүйлтэй харьцахдаа хөдөлмөр, үйл ажиллагааны тодорхой хуваарь, эрх, үүрэг, хариуцлагын тухай ялгаа, ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээ зэргийг бий болгож, тэдгээрийнхээ нөлөөгөөр өөрөө өөрчлөгдөн хөгжих бодит үйл явцыг хэлнэ. “Соёлжих” ойлголтын тухайд бол иргэнших ба нийгэмших үйл явцыг дагалдаж, хүмүүс нийтээрээ дагаж мөрдөх, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх, хөгжүүлэн дээдлэх ёстой үнэт зүйлсүүдийг бий болгож, тэдгээрийг хүн бүр үйл ажиллагаандаа хэвшүүлэн тогтоох үйл явцыг тусгана” гэж үзжээ.

2.2.2.9. Л.Дагдан Л.Дагдан нь 2002 онд “Өнөөгийн Монголын нийгмийн оюуны үнэлэмжийн онол, арга зүйн асуудалд” сэдвээр шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан. Л.Дагдан нь “Өрнийн гүн ухаан (сэтгэгчдийн түүхэн тойм)”, “Гүн ухааны товчоо”, “Гүн ухааны удиртгал”, “Эрхэмлэх зүйлийн тухай философийн ойлголт” гэх зэрэг ном зохиол, өгүүллүүд нийтлүүлсэн байна. Тэрээр бүтээлдээ үнэлэмж нь нийгэм, эдийн засаг, улс төр, оюуны гадаад, дотоод олон хүчин

Page 49: Mongoliin Gun Uhaanii Baihui

зүйлээс шалтгаалдаг оюуны үзэгдэл гээд түүний гарал үүсэл, төлөвшил, хөгжилтийн чиг хандлага нь түүхэн хөгжлийн үе шаттай нягт холбоотой, тэрхүү өвөрмөц үнэлэмжийн тогтолцоо нь уламжлагдан, баяжиж байдаг гэжээ. Мөн “Өнөөгийн Монголын нийгмийн үнэлэмжийн харьцааны гажуудал нь дараах хэлбэрүүдээр илэрч болно. Үүнд: 1. Нийгмийн чухал ач холбогдол бүхий үзэл санаа, төсөөлөл нь үнэлэмжийн баримжаалалд орон зайгаа эзлээгүй байх буюу түүний төгс бус байдал юм. 2. Үнэлэмжийн харьцаан дахь гажуудал нь энэхүү системийн тогтвортой бус зөрчилт шинжээр үүсч болно. 3. үнэлэмжийн баримжааллын гажуудал нь бие хүний төлөвшил, нийгэмшилтийн доголдлуудаас хамаардаг…Эцэст нь Монгол улс 1990-ээд оноос эхлэн сүүлийн арваад жилд нэг намын үзэл суртлаас татгалзан олон ургальч үзлийг дэлгэрүүлэх нийгмийн таатай хөрс бүрэлдэж оюуны үнэлэмжийн шинэ орчин бий болов. Манай орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эргэлт гарч хүмүүсийн амьдралын хэв маяг, үзэл бодол, оюуны үнэлэмж эрс өөрчлөгдөж байна” гэхчлэн үзжээ.

2.2.3. Олон ургальч хандлагын хүрээнд Манай эх оронд ардчиллын үйл хэрэг өрнөснөөр гүн ухааны хөгжлийн дараагийн үе шат болох олон ургальч хандлага төлөвшин тогтож байгаа бөгөөд эдүгээ нийгмийн оюун санааны амьдралд бодит биеллээ олж буй юм. Нийгэм-улс төрийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдсэнээр нэг талаас өмнөх диалектик материализмын үзэл баримтлалд шүүмжлэлтэй хандаж, өрнө, дорнын гүн ухааны ололт амжилтаар шинэчлэх, нөгөө талаас Монголын гүн ухааны өөрийн язгуур өв уламжлалыг сэргээн тогтоох оролдлого ихээр хийгдэх болж, түүнийгээ системтэй хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа билээ. Энэ нь 1980-аад оны дунд үеэс эхлэн өнөөдрөөр дамжиж ирээдүй рүү хандсан гүн ухааны олон ургальч хандлагын орчил юм. Өөрөөр хэлбэл, 1980-аад оны хоёрдугаар хагасаас дэлхийн социалист гэгдэж байсан орнуудад шүүмжлэлт сэтгэлгээ, нийгмээ өөрчлөн хөгжүүлэх бодит эрмэлзэл бий болсны үрээр орж ирсэн болон төрсөн хандлага гэсэн үг. Энэхүү үечлэлийн талаар доктор Ц.Гомбосүрэн <<Сүүлийн хорь, гучин жилд үүсээд эдүгээ дэлхий дахины философи сэтгэлгээнд онцгой нөлөө бүхий байгаа философидолтууд нь метафизик, натурфилософи янз бүрийн хандлагуудаас татгалзан хүмүүсийн нийгмийн үйлдэл, соёлын зүйлстэй нэн түрүүнд уран зохиолын, философийн, шинжлэх ухааны зэрэг янз бүрийн төрлийн өгүүллэгийг шинжлэхтэй гарцаагүй холбогддог>> хэмээсэн байдаг. Тийм ч учраас манай гүн ухаан судлаачдаас гадна янз бүрийн мэргэжлийн хүмүүс Монголын болон хүн төрөлхтний хөгжлийн гарцыг эрэлхийлсэн олон олон гүн ухааны үзэл сургаалыг сурталчилж байна. Тухайлбал, Энэ хүрээнд Сантлхасүрэнгийн “Сармингийн онол”, Д.Бямбасүрэнгийн “Орчлонгийн хүрд”, Жанатханы “хабын онол”, Л.Бат-Очир, Б.Баабар, Ё.Баяр, Д.Арилдзэмбэ, Ч.Эрдэнийн гэх мэт олон үзэл баримтлалууд дэвшигдэн гарч ирсэн боловч тэдгээрийн төлөөлөл болгож гурван үзэл баримтлалын талаар товч өгүүлье. Үүнд:

2.2.3.1. Суваргын онол П.Даваанямын “Монголын хаадын гүн ухаан” хэмээх томъёолол дор нэгтгэн үндэслэсэн үзэл баримтлал байх бөгөөд түүний гол цөмийг онолын хувьд “суваргын онол”, арга зүйн хувьд “То вангийн арга зүй” бүрэлдүүлж байдаг. Тэрээр “Суваргын онол”, “Шидэт түлхүүр”, “Хаан философи-дэлхий ертөнцийн гайхамшиг”, “Гүн ухааныг нь чөдөрлөвөл Монголыг мөхөөнө” зэрэг олон арван нийтлэл, өгүүлэл, ном зохиол хэвлүүлсэн бөгөөд “суваргын онолын зорилго нь (үндэслэгчийн үзлээр) Монголчуудын гүн ухааны уламжлалт урсгалын мөн чанарт аль болох барьцтай хүрч, түүний нууцыг нээх, хэрэв ингэж чадвал хүн төрөлхтөнд хичнээн их ач тустай зүйл хэрэг бүтээхийг үгүйсгэх аргагүй гэж үзсэнд орших бөгөөд энэхүү уламжлалт урсгал нь XIX-XX зууны үе гэхэд буддын гүн ухааны урсгалтай зэрэгцэн оршин байсан хэмээн үздэг юм. П.Давааням нь онолын нээлтээ хийхийн тулд нэн тэргүүнээ Монголын гүн ухааны судлалыг тоймлон тодруулахыг хичээжээ. Ингэхдээ тодруулан буй цаг үеэ 1634 оноос хойш хэмээн тодотгосон ба судалгааны нийт үр дүнг таван урсгалд хуваасан нь:

Page 50: Mongoliin Gun Uhaanii Baihui

“I урсгал- колони болон коммунист онолын үүднээс бичигдсэн гүн ухааны маргаантай материалыг үндэс болгоод улмаар хамгийн бүдүүлэг, болхи “гүн ухаантай” байсан мэтээр нотлохыг оролдогсод багтана II урсгал- өөрсдийн баримтладаг үзэл суртлыг гүн ухааны жинхэнэ эрх ашгаас дээгүүр тавьж тулгагсад, бусдын гүн ухааныг үл тоож гүтгэгсэд багтана III урсгал- “мандан бадарч” байгаа тухайн үеийн үзэл онолын дуу хоолойг үл ажран, жинхэнэ үнэнийг баримтлаж, улмаар судлалын шинэ хүрээг бий болгосон “салхи хагалагчид” багтана IV урсгал- аялагчид, жуулчид, шашин нэвтрүүлэгчдийн тухайн үеийн байдлаас сурвалжлан бичиж үлдээсэн, учрыг төдийлөн ойлгоогүй ч харснаа, сонссоноо л бичиж, түүнийг нь баримтлагсад багтана V урсгал- Монголчуудыг гүн ухааных нь уламжлалаас салган хөндийрүүлж, мөр даран устгах, дахин колоничлох зэрэг улс төрийн түрэмгий зорилго агуулагсад багтана” хэмээжээ. Энэ үндсэн дээрээ Монголчууд өөрийн гэсэн гүн ухаантай (идеализм П.Д.) байсан хэмээн дүгнэж, түүнийг судлах онол, арга зүйн дархлал тогтоож, суваргын онолын үзэл баримтлалыг боловсруулжээ. Энэхүү онолын үндэслэл нь зөвхөн Монголын гүн ухааны судлалд хэрэгтэй төдийгүй “Монголын Хаадын Гүн Ухаан” хэмээх “шинэ” баримтлалын үндэс суурь нь болсон байна. Суваргын онол нь гүн ухааны талаар баримтлах зарчимдаа гүн ухаан бол Монгол Улсын хамгийн үнэт баялаг хэмээн тодорхойлж мал аж ахуйн хөдөлмөр нь түүний анхдагч хэл нь болж байдаг гэжээ. Мөн уг онолд үндэслэн гол мөрийг олох баримтлал дэвшигдэн гардаг, тэр нь Монголын нийгмийн дотоод болон гадаад олон талт харилцааг аль болох өөртөө ашигтайгаар зохицуулах аргуудын цогцолбор гэсэн бөгөөд онолын ач холбогдлыг өндөрт тавин социализмын үед онолыг хэт хоосон чалчаа-марксизмаар орлуулсаны улмаас “гүн ухаан” гэхлээр хүмүүсийн толгой нь өвдөж, бөөлжис нь цутгадаг болсон гээд онол бол чин үнэний илэрхийлэл гэж үзжээ. Монголын гүн ухаан судлалын хоцрогдлыг шүүмжилж, “хэт хийсвэр, үзэл сурталчдаас бүрдсэн, асуудлын мөн чанараас эрс ангид дүгнэлт гаргаж тараадаг өнөөгийн Монголын албан ёсны гүн ухаан, улс төр судлалын шинжлэх ухаан энэ тэр гэдэг нь ертөнцийн жам ёс, бодит шаардлага, бололцоо нөхцөл байдлаас тун хол эрх мэдэл хэвээр оршиж байна” гэж үзсэн төдийгүй суваргын онол нь бодит амьдралыг шинжлэх ухааны үүднээс судлан шинжилж нээсэн гүн ухааны нээлт гэсэн байна. Монголын гүн ухаан бүр XIII зууны үеэс амьдрал-шинжлэх ухааны үнэнийг хослуулсан ба эдүгээ ч тийм онол, арга зүй хэрэгтэй байгааг дурьдсан бөгөөд Монголын гүн ухаан судлалын ийм шинжтэй аргуудыг “орчин үеэс өнгөрсөн үе рүү” гэсэн хандлагын дор нэгтгэж “То вангийн арга зүй” гэж томъёолсон. Энэ нь судлах зүйлээ практик туршлага хэмээн үздэг арга бөгөөд энэ замаар явж аль болох хэрэгтэй гэгдэх практик туршлагуудыг сонгон авч хэрэглэх нь зүйд нийцнэ гэсэн байна.

2.2.3.2. Гурвал онол Х.Нагаанбуугийн гүн ухааны үзэл баримтлалаа түлхүү илэрхийлсэн бүтээл нь “Монголын гурвал онол”, “Монголын он цаг тоолол” хэмээх бие даасан зохиолууд бөгөөд түүний дэвшүүлсэн “Гурвал онол”-ын үзлээр бол нүүдлийн мал аж ахуйн иргэншил, байгалийн эрс тэс нөхцөлтэй уялдсан Монголчуудын сэтгэхүйн өвөрмөц хөгжил нь “ертөнцийн амин философи-ийг нээж гурвал онол бий болсон ба энэ онол бол ертөнцийн жам хуулийг танин мэдэх гэсэн гүн ухааны балар эртний нээлт бөгөөд үндэстний сэтгэлгээний ерөнхий хэв шинж болж хөгжсөн нүүдэлчдийн соёлын дээд баялаг юм гэж үзээд гурвал онолын үндэс нь амь гэжээ. Гурвал онолыг үндэслэн түүгээрээ ертөнцийн аливаа үзэгдэл юмс, үйл явцыг “амь”-иар төвлөж судлах ёстой ба бүгд амин сүлжээнд төвлөсөн байдаг тул түүнээс чухал зүйл үгүй. Тиймээс амийг матери аргаар бус сүнслэг (хоосон) аргаар судлах хэрэгтэй. Ертөнцийн гол зангилаа болсон амийг судлах сүнслэг хэмээх ойлголт нь бидний хэвшмэл сэтгэлгээгээр бус “бодол оюун мэт” гэсэн санааны адилсгал болгож байгаа бөгөөд сүнсийг оюуны бодит мандал хэмээн ухаарваас зохилтой хэмээн үзжээ. Амь бол философийн эхлэл учраас Монголын гүн ухааныг судлахад сүнслэг мэдрэмж чухал болох нь эндээс харагдана. Энэ онол ёсоор гүн ухаанд аливаа

Page 51: Mongoliin Gun Uhaanii Baihui

хоёрол категорийг авч үзэх нь зөвхөн тэнцвэрт байдалд хүргэх тул дараах байдлаар гурваллан судлах ёстой нь: Агуулга, хэлбэр хоёр дээр ур чадвар Зайлшгүй, санамсаргүй хоёр дээр эс өдөөгдөх Цаг хугацаа, орон зай дээр хоосон Шалтгаан, үр дагавар дээр үйлдэл Мөн чанар, үзэгдэл дээр хувьсал Бололцоо, бодит байдал дээр нөхцлийг нэмэхэд оршино гэжээ. Түүгээр үл барам диалектикийн хөгжлийн гурван хуулийг гурвал агуулгаар өргөтгөн хэрэглэх нь Монголын гүн ухаан судлалд арга зүйн шинжтэй ач холбогдолтой хэмээн үзжээ. “Тэгэхээр гүн ухаан нь матери, идеалын эрэлд хатах бус амь насны жам, үзэгдэл тохиолдлыг бие хийгээд оюун санаатай нь нэгтгэж судлах ухаан болох нь илт мэт. Ийм “хөнгөмсөг” дүгнэлт өнөөдөр энэ дэлхий дээр байхгүй ч гурвал онолын хамгийн өнгөц гаргалгаа ийм төсөөллүүдэд хүргэж байгаа болно. Тэгээд ерөөс энэ онолыг сорьж турших баримт цуглуулах, задлан шинжлэх аргаар бус Монголын ард түмний өв занд тулгуурлан угтан мэдэх санаагаар хийсвэрлэн судласан гэдгийг хэлэх ёстой” хэмээн зохиогч Х.Нагаанбуу өөрөө дүгнэсэн байна.

2.2.3.3. Зэндмэнэ онол Д.Урианхай нь “Зэндмэнэ онол-XXI зууны философи”, “Миний онол хүн төрөлхтөнийг аварна”, “Орчлонгийн үнэмлэхүй түгээмэл хийгээд анхдагч” гэх зэрэг томоохон нийтлэлүүддээ “Зэндмэнэ онол”-ыг дэвшүүлсэн бөгөөд түүнийхээр “Монголчууд бид ертөнцийг үзэх өөрийн үндэсний гүн ухааны тогтолцоогүй, түүнээсээ болоод сэтгэлгээний хувьд тусгаар тогтнолоо олоогүй, түүхийнхээ бүх цаг хугацааны турш харийн сэтгэлгээний дуулгавартай боол, гадаадын сэтгэгчдийн номхон шавь болж явсаар ирсэн” ажээ. Тэгээд үүндээ үндэслэн Марксист гүн ухааныг засвар оруулснаар Монголчууд баримтлах ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд “хүний жинхэнэ хөгжлийн зам бол эд материалын үйлдвэрлэлийн хөгжил, техник технологийн эрчимжилтийн зам огт бус, хүний “дотоод эрх чөлөө”-г олох, “дотоод хэрэгцээ”-г хангах үйл явц буюу сэтгэхүйн төгс дээд хөгжилд хүрч, хүний оюуны эрчим хүчийг “материаллаг хүч” болгон хувиргах чадварыг эзэмших, “дотоод ахуй”-гаа асар ариусгаж Бурханы нигүүлсэхүйд дэвших, бусдын тус буянд биеэ харамгүй золин зориулах сэтгэлийн ухааралд л төгсөх зам юм. Энэ бол Марксизм-Ленинизмд байхгүй томъёолол” гээд “хүн төрөлхтний өмнөх үеийн сонгодог сэтгэгчдийн боловсруулсан философи сэтгэлгээний тогтолцооны үндэслэлүүдийг болон орчин үеийн байгаль, нийгмийн шинжлэх ухааны онол нээлтүүдээс урган гарч буй зарчмын ойлголтуудыг түшиглэн, юмс хийгээд юм бишийн оршихуйд хамтад нь түгээмэл анхдагч болдог байж магад язгуур эх ахуу хийгээд эх чанарыг өөрсдийнхөөрөө томъёолон бүгдийн (орчлон хийгээд орчлон бишийн) үүтгэл төлөв бологч мөн бүгдийн оршихуй орчил явцын нөхцөл болсон үр чанарын ухагдахууныг гаргаж тавьсан билээ.” Түүнийхээр “үр эх” хязгааргүй хуваагдавч хязгааргүйн үргэлжлэлд хязгаарт ахуй ологч, үүтгэл, бүтцийн мөн чанараа хэзээ ч эс алдан өөрийгөө хадгалагч анхдагч бөгөөд ямарваа физик хэмжээст харгалзах утга чанар эс агуулагч ажээ. Үр эх нь үр чанарт оршихоос бус бодитой оршихгүй, гэхдээ бодит юманд хийгээд хэлбэр дүрсэд шилжих информатив өгөгдөхүүн, нөхцлийг дотроо агуулна. Үр чанар нь бүх үзэгдлийн харьцааны үнэмлэхүй нэгдэлт чанар мөн гэж үзжээ. Орчин үед орчлон ертөнцийн болон байгаль дэлхийн үүсэл хөгжилтэй холбоотой асуудлыг дийлэнхидээ байгалийн шинжлэх ухаануудын ололт амжилтанд дулдуйдан тайлбарлах хандлага нэгэнт хэвшин тогтсон, тэр нь ч харьцангуй шинжлэх ухаанч зөв хандлага мөн учраас Монголын гүн ухааны метафизикийн гол агуулга нь хүнээ судалсан, хүнээ хөгжүүлэх боловсролд түшиглэсэн, хүндээ үйлчлэх нийгмийн шаардлагыг хангасан, ингэхдээ уламжлалт болон орчин үеийн олон ургальч гүн ухааны нийцэлтэй бүхнийг агуулсан, ашиглан боловсруулсан хүн ёсны гүн ухааны үзэл санааг дэлгэрүүлэн хөгжүүлж, сурталчлах нь зүйн хэрэг юм.

Page 52: Mongoliin Gun Uhaanii Baihui
Page 53: Mongoliin Gun Uhaanii Baihui

Ном зүй 1. Аман зохиол судлал. Боть XIV. Дэвтэр 2. УБ., 1986. 2. Базаррагчаа. М. Эртний Монгол хэлний үгийн бүтэц, түүний зарим онцлог. УБ., 2005. 3. Балхаажав.Ц. Хүний хөгжлийн онол, арга зүйн философи үндэслэл. УБ.,1992. 4. Бат-Очир.Ч. Мандах нарны туяа. УБ.,1992. 5. Батчулуун.Б. Философи гэж юу вэ. УБ., 2005. 6. Баянсан.Ж. Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ. УБ., 2002. 7. Болдбаатар.Ч. Монголын хадны сүг зургийн уран сэтгэмж, дүрслэлийн сакраль шинж. УБ., 2000. 8. Боловсролын агуулгад философийн эзлэх байр суурь, үүрэг. УБ., 1995. 9. Булатов.М.А. и другие. Философия учебник. Киев.,1994. 10. Бум-Очир.Д. Монгол бөөгийн зан үйл. УБ.,2002. 11. Буяндэлгэр.Б. Эртний Монголчуудын гүн ухааны сэтгэлгээг судлах асуудалд. “Монгол туургатны эрт ба эдүгээ” ОУЭШ-ний III чуулган. УБ., 2009. 12. Буяндэлгэр.Б. Ганбат.Б. Монголын гүн ухаан. УБ., 2006. 13. Буяндэлгэр.Б. Ганбат.Б. Гүн ухаан. УБ., 2007. 14. Буяндэлгэр.Б. Ганбат.Б. Гүн ухаан. УБ., 2008. (2 дахь хэвлэл) 15. Гантөмөр.Б. Нүүдэлчдийн нийгмийн байгууллын хөгжлийн онцлог. /дисс/ УБ.,1997. 16. Гантуяа.М. Буддын философи судлалын зарим асуудал. УБ.,2004. 17. Гомбосүрэн.Ц. Монголд өрнөдийн философиор явуулсан судалгаа, сурталчилгааны тойм УБ.,2004. 18. Гомбосүрэн.Ц. Структурализм ба эдүгээ үеийн түрүү философидолт. УБ.,2002. 19. Гонгоржав.У. Монголын эртний нүүдэлчид /МЭӨ II мянганаас МЭӨ III зуун/. Дисс. УБ., 1994. 20. Гумилев.Л.Н. Древняя русь и Великая степь. М.,1989. 21. Гумилев.Л.Н. Старобурятская живопись.,М.,1975. 22. Гуревич.П.С. Соёл судлал. II боть. УБ., 2004. 23. Давааням.П. Суваргын онол. УБ., 1996. 24. Давааням.П. Хаан философи-дэлхий ертөнцийн гайхамшиг мөн. “Улаанбаатар сонин” УБ., 1997-02-07. №27. 25. Дагвадорж.Д. Буддын гүн ухааны Монгол уламжлал. УБ., 2004. 26. Дагдан.Л. Өнөөгийн монголын нийгмийн оюуны үнэлэмжийн онол арга зүйн асуудалд, Дисс.УБ., 2002. 27. Дал сонин. УБ., 1996. ¹33. 28. Дамиранжав.Д. Ойрадын баатарлаг үлгэрт илэрсэн умайн шүтлэг. УБ.,1997. 29. Даусан.К. Монголд аялсан тэмдэглэл. Лондон., 1955. 30. Дашбадрах.Д. Монгол Түвдийн улс төр, шашны харилцааны зарим асуудалд (XVI-XVIII зуун) Илтгэлүүдийн товчлол. УБ.,1997. 31. Дорждагва.Т. ба бусад. Соёл судлалын үндэс. УБ.,1998. 32. Дулам.С. Монгол домог зүйн дүр. УБ., 1989. 33. Жүгдэр.Ч. Монголд феодализм тогтох үеийн гүн ухаан, нийгмийн сэтгэлгээ. Хөх хот., 1995. 34. Жүгдэр.Ч. XIII-XVIII зууны үеийн Монголын гүн ухаан, нийгэм-улс төрийн сэтгэлгээ. Хөх хот., 1995. 35. Жүгдэр.Ч. XIX-XX зууны зааг үе дэх Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний хөгжилт. Хөх хот., 1995. 36. Инжаннаши.В. Хөх судар. УБ., 2005. 37. Кравченко.А.И. Социологийн удиртгал. УБ., 2000. 38. Лувсанданзан. Алтан товч. УБ.,1990.

Page 54: Mongoliin Gun Uhaanii Baihui

39. Лувсанцэрэн.Г. Төв үзэл, түвшин бодлого. УБ., 1994. 40. Лүндэндорж.Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ.,2002. 41. Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. УБ.,1987. 42. Маркс.К, Энгельс.Ф. Соч, т.23. 43. Монголын философийн түүхийн зарим асуудал. УБ., 1990. 44. Монголын нууц товчоон. УБ., 1990. 45. Монголын философийн түүх. I-IV боть. УБ., 1997, 2000, 46. Мөнх.Г. Монголын гүн ухааны түүхийн судлал. ӨМАХХ., 1991. 47. Нагаанбуу.Н. Монголын гурвал онол. УБ., 2005. 48. Өлзий.Т. Эртний монголчуудын сэтгэлгээний хэв шинж, онцлог. УБ., 1994. 49. Поздняков.Э.А. Улс төрийн философи. УБ., 2004. 50. Поупкин. Р, Стролл.А. Гүн ухаан. УБ., 1998. 51. Пүрэв.О. Монгол бөөгийн шашин. УБ., 1999. 52. Пэрлээ.Х. Монголын нийгэмлэгийн эртний хэдэн нэр томъёо. УБ.,1956. 53. Рашид-Ад-Дин. Судрын чуулган УБ.,1994. 54. Философи эрхийн судлал XVII боть. УБ.,2001. 55. Сампилдэндэв.Х, Гаадамба.Ш. Монгол аман зохиол. УБ., 2006. 56. Сборник летописей. История Монголов. соч. Рашид-ад-дина. Санкт-Петербург.,1868. 57. Сэлэнгэ.Х. XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа түүний үнэт зүйл. УБ., 2004. 58. Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн зарим асуудал. УБ.,1997. 59. Улаанбаатар сонин. 1996. ¹11. 60. Урианхай.Д. Зэндмэнэ онол-XXI зууны философи. “Зууны мэдээ сонин” УБ., 1998-01-03. №2. 61. Урианхай.Д. Миний онол хүн төрөлхтөнийг аварна. “Сайн байна уу” сонин. УБ., 1997-12. №12, 13. 62. Урианхай.Д. Орчлонгийн үнэмлэхүй түгээмэл хийгээд анхдагч. “Ардын эрх сонин” УБ., 1996-08-22. №167 63. Цэрэн.Г. Философи сэтгэлгээний үндэсний уламжлалын судалгааны онол, арга зүйн зарим асуудал.УБ., 2000. 64. Цэрэнсодном.Д. Монгол ардын домог үлгэр. УБ., 1989. 65. Чулуунбаатар.Г. XX, XXI зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил, хөгжил. УБ.,1999. 66. Чулуунжав.Д. Монголын түүхийн философи. УБ.,2005. 67. Энхбаатар.Н. Арван буянт номын цагаан түүх оршвой. УБ., 1996. 68. Lorinz.L. Die mongolishe Mythology,-Acta Ortenalia Hung. Budapest, 1972, t.27. Fasc. 1.